Санамж бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны нэгдүгээр сард Швейцарийн Холбооны Улсад айлчлахдаа, шууд ардчиллын тогтолцоогоороо дэлхийд жишиг болсон тус улсын Ааргау кантон \муж\ дахь “Шууд ардчиллын төв”-тэй танилцаж хамтран ажиллах санал солилцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн Яам Щвейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах тухай “Санамж бичигт” Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн суурийн төлөөлөгч Феликс Феллманн нар өнөөдөр Төрийн ордонд гарын үсэг зурлаа.

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудыг ардчилсан эрх мэдэлтэй, аливаа шийдвэр гаргахдаа иргэдийнхээ санал бодлыг сонсож тусгадаг болох, төсвийн төвлөрлийг сааруулж орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, иргэд тухайн амьдарч буй нутаг орныхоо төсвийг хянах зэрэг шууд ардчиллын шинэ механизмыг нэвтрүүлэх эхлэлийг тавих юм.

Төрийн болон нутгийн захиргааны байгууллага иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг байх, гарч буй шийдвэрийн хэрэгжилтэд иргэд хяналт тавих тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн төрийн үйлчилгээг үзүүлэх чадвартай болгох замаар шинэтгэлийн үйл явцыг дэмжих зорилтыг санамж бичигт тусгасан байна.

Ардчилал, иргэний нийгмийн зохион байгуулалтын үндэс нутгийн өөрийн удирдлагыг хөгжүүлэх чиглэлээр бодлогоо оновчтой тодорхойлох , эрх зүйн орчныг бүрдүүлэх, зохион байгуулалтын ихээхэн өөрчлөлт шинэчлэлийн бодлогыг энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлэх болно.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж