Киотогийн протоколоос татгалзахын гай

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Киотогийн протоколоос татгалзахын гай

Дэлхийн дулаарлын олон шалтгаанаас хамгийн гол нь озоны давхарга нимгэрч цоорон, хэмжээ нь улам томорсоор байгаа явдал юм. Үүний гол шалтгаан нь томоохон үйлдвэрлэгч орнуудын ялгаруулж буй хүлэмжийн хий билээ. Гэтэл энэ асуудлыг зохицуулж байсан ганц зохицуулагч буюу Киотогийн гэрээ өөрөө мухардалд орж эхэллээ. Саяхан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Дурбан хотноо болсон НҮБ-ийн Хүрээ тунхагийн 17 дахь чуулганы үеэр Киотогийн протоколыг сунгах талаар хэлэлцсэн юм. 1997 оны арванхоёрдугаар сард Япон улсын Киото хотод олон улсын энэхүү гэрээг баталжээ. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Хүрээ тунхаг бичгийн нэмэлт болж батлагдсан уг гэрээ 15 жилийн хугацаатай байсан бөгөөд ирэх онд хугацаа нь дуусах юм. Дурбанд болсон чуулганаар Киотогийн гэрээг 5 жилээр сунгана гэсэн “хийсвэр” тохироо хийж, 2015 он гэхэд дэлхийн бүх л улс оронд хариуцлага хүлээлгэсэн Киотогийнхтой төстэй баримт боловсруулаад 2020 оноос эхэлж мөрдөхөөр тохиролцсон юм. Гэвч Хятад, Энэтхэг, Бразил, Энэтхэг улс гэрээний эсрэг байр суурьтай байгаа. Эсэргүүцэж буйн гол шалтгаан нь хатуу дүрэм баримталж, хүлэмжийн хийг багасгах нь улс орнуудын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Гэрээг таван жилээр сунгасны маргааш Канад улс гэрээнээс гарахаа албан ёсоор мэдэгдсэн нь нэлээд шуугиан тариад байна. Канад улс гэрээнээс гарсан нь Хятад, Энэтхэг, Бразил зэрэг орныг эсэргүүцсэний илрэл гэнэ.

Канадын Байгаль орчны сайд Петр Кент хэлэхдээ: “Киотогийн гэрээ нь Канадын хувьд дэвшил болсон алхам биш. Хэрэв гишүүн хэвээрээ үлдсэн бол манай орон 13,6 тэрбум долларын торгууль төлөх болно. Эдийн засгийн хүнд байдалтай байгаа өнөө үед Засгийн газарт үүнээс өөр гарц байхгүй. Канад гэр бүл бүр 1600 долларын торгууль төлнө гэдэг хэт их эрсдэл. Тэгээд ч биднээс илүү хүлэмжийн хий цацдаг Хятад, АНУ хоёр Киотогийн гэрээний дагуу хариуцлага хүлээхгүй, нэгдээгүй байгаа шүү дээ. Энэ гэрээнээс гарснаар Канадад ажлын байр нэмэгдэж, эдийн засагт эерэгээр нөлөөлнө” гэжээ. Ийнхүү Киотогийн гэрээнээс Канад улс татгалзсан нь дотооддоо нэлээд шуугиан дэгдээж байна. Канадын ногоон нам энэ шийдвэрийг эрс буруутган эсэргүүцжээ.

Дурбанд болсон хурлын үеэр 200 гаруй орны төлөөлөгчид Киотогийн гэрээг сунгахыг дэмжин гарын үсэг зурсан боловч эдийн засгийн өсөлтийн асуудлаар том орнууд маргалдаж эхлэхэд жижиг орны зарим төлөөлөгчид хурлыг орхин гарчээ. Жижиг орнууд хэдий олуулаа байлаа юү ч шийдэж чадахгүй, ямар ч нөлөөгүй байна. Өнөөдрөө дээдэлж маргаашаа мартсан өндөр хөгжилтэй орнууд эдийн засгийнхаа өсөлтийг нэгдүгээрт тавьж, бусад орнуудын эрх ашигт дураараа халдсаар буйн нэг жишээ нь энэ юм.

Хятад улс бол коксжих нүүрсний олборлолт болон импортоороо дэлхийд тэргүүлж буй. Коксжих нүүрсний гол эрэлтийг бүрдүүлдэг ган хайлуулах үйлдвэрлэл нь хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулдаг. Хэрвээ тус улс Киотогийн гэрээг дагаж мөрдвөл гангийн үйлдвэрлэл болон нүүрсний хэрэглээгээ хумих шаардлагатай тулгарна.   Эдийн засгийн суурь болсон энэхүү салбараа Хятад улс өргөжүүлэхийг зорихоос багасгахыг хүсэхгүй нь ойлгомжтой.

Киотогийн гэрээ гэж юү вэ?

Киотогийн гэрээний гол агуулга нь хөгжингүй, шилжилтийн эдийн засагтай орнуудад хүлэмжийн хийг багасгах буюу тогтворжуулах тухай юм. 2009 оны байдлаар 192 орон хүлэмжийн хийг бууруулах тухай энэхүү гэрээнд нэгдсэн гэсэн тоо бий. Эдгээр орныг дөрвөн ангилалд оруулдаг байна.  

  • Киотогийн гэрээнд гарын үсэг зураад, хууль хэрэгжүүлсэн орон-Үүнд ихэнх улс багтдаг.
  • Гарын үсэг зурсан боловч хууль батлаагүй орон-Америкийн нэгдсэн улс
  • Гарын үсэг зураагүй орон-Афганистан, Сомали, Андорра, Ватикан, Сан Марино, Армен

  • Гэрээнээс гарсан орон-Канад

Киотогийн протоколыг хэрэгжүүлэх эхний үндсэн шат нь 2008-2012 оныг дуустал байсан юм. Энэ хугацаанд хүлэмжийн хийг Европын холбоо 8 хувь, Канад ба Япон 6 хувь, Зүүн Европ Балтийн орнууд 8 хувь, Орос Украйн 1990 оны хэмжээнд хүргэх үүрэг хүлээсэн бол хэдийгээр хамгийн том үйлдвэрлэгч орнууд боловч Энэхтхэг, Хятад, Бразил огт хариуцлага хүлээгээгүй байна.  

Хүлэмжийн хийн хөнөөл буюу хүчиллэг бороо

Үйлдвэрээс ялгарсан хүхэр болон азотын давхар исэл салхинд туугдангаа хуурай тоосонцор болон газарт унах юм уу, эсвэл үүлтэй үед цас бороотой холилдон буудаг. Ингэж азот болон хүхрийн давхар исэл бороо цастай холилдон буух үзэгдлийг хүчиллэг бороо гэдэг. Өөрөөр хэлбэл, агаар мандалд дэгдсэн бохир нэгдлүүд нь үүл болон манангийн дуслуудтай холилдон газарт буудаг. Манай оронд одоогоор хүчиллэг бороо орж, хүлэмжийн хийн асуудал тулгараагүй байгаа ч энэ аюул холгүй ойрхон хэмээн мэргэжилтнүүд сэрэмжлүүлдэг. Хүчиллэг бороо нь хөрсөнд байдаг цайр, тугалга зэрэг хүнд төмөрлөгүүдийг хайлуулдаг. Хайлсан төмөрлөг нь урссаар модны үндсэнд хүрвэл мод өвчилж, улмаар үхдэг байна. Манай оронд бороо ороход норох вий гэж айдаггүй. Хүүхэд багачууд бол бүр ч бороонд норон гүйлдэцгээдэг. Харин үйлдвэрлэл хөгжсөн орнуудад бол бороонд норно гэсэн ойлголт байхгүй. Учир нь хүчиллэг бороонд норвол үс халзрахаас эхлээд янз бүрийн өвчинд өртөх магадлал их. Ийнхүү байгаль болоод хүнд асар их хор хөнөөл учруулдаг хүлэмжийн хий улам л нэмэгдсээр. Гэтэл дэлхийн томоохон гүрнүүд хүлэмжийн хийг бууруулах Киотогийн протоколоос татгалзаж байгаа нь тун харамсалтай.

О.Хосцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж