Цалинд реформ хийх шаардлагатай гэв

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Цалинд реформ хийх шаардлагатай гэв

Боловсрол, соёл, шинжлэх ухааны
үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 12-ноос эхлэн зохион байгуулж
байгаа багш нарын хугацаагүй ажил хаялтыг ИЗ-НН дэмжиж буйгаа илэрхийлж,
өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус хурлыг ИЗН-ын
дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, нарийн бичгийн дарга Ц.Ганхүү, тус намын
гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нар хийлгэсэн юм. Тэд хэлэхдээ шинэ
оноос эхлэн багш нарын цалинг нэмэгдүүлэх зүй ёсны шаардлага байгаа гэж
үзэж байна. Тухайлбал, ясли цэцэрлэгийн багш, ажилчдын дундаж цалин 200
мянган төгрөг бол ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дундаж цалин
300 мянган төгрөг. Энэ нь 2008 оны түвшингээс ердөө л 30 хувиар
нэмэгдсэн үзүүлэлт. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл
ажиллагааны хөтөлбөрт цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2008 оны түвшнээс гурав
дахин өсгөнө гэж заасантай зөрчилдөж байна гэж мэдэгдлээ.

МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл хэлэхдээ “Улстөрийн нам, мөн Засгийн газар
цалин, тэтгэврийг төд дахин нэмэгдүүлнэ гэсэн амлалт өгөх, зарлах нь
туйлын буруу. Энэ нь нийгэмд асар их үнийн хөөрөгдөл дагуулдаг.
Цалингийн өсөлт бол бүтээмжтэй уялдах ёстой. Хөдөлмөрийн бүтээмжийг гурав дахин яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг гаргаж чадаагүй байж, түүнээс
урьтаад цалин, тэтгэврийг гурав дахин нэмэгдүүлнэ гэсэн амлалт өгсөн нь
туйлын буруу. Нэгэнтээ л амлалт өгсөн, түүнийгээ биелүүлэх нь үүрэг.
Цаашид улстөрийн нам, Засгийн газар цалин, тэтгэврийг нэмнэ гэдэг амлалт
өгдгөө болих хэрэгтэй. Харин үүний оронд ажил олгогч нар ажилчиндаа
хэдэн төгрөгийн цалин өгөхөө мэддэгтэй адилхан төрийн байгууллагад ийм
харилцааг шилжүүлэх ёстой гэлээ. ИЗН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун
“Цалинг бүтээмжээр нь ялгаварлан тогтоох аргачлалыг Засгийн газар гаргах
шаардлагатай. Энэ чиглэлээр Засгийн газарт санал хүргүүлнэ. Цалинд
реформ хийх цаг болсон” гэлээ.

МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлээс дараах асуултад хариулт авсан юм.

-Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх бүрийд хувийн хэвшилд
ажиллагсад чирэгддэг. Та одоо МҮХАҮТ-ыг удирдаж байна. Багш нарын цалинг
шинэ оноос эхлэн нэмэгдүүллээ гэхэд хувийн хэвшлийнхэн цалингаа өсгөх
боломж байгаа юу. Та бодвол хувийн хэвшлийнхэнтэй санал солилцдог л
байлгүй?

-Төрийн албан хаагчдын цалинг нэмэх бүрийд аж ахуйн нэгжүүд хэдэн
мянгаараа чирэгддэг нь үнэн. Нэг бол ажилчдаа цомхотгох, эс бөгөөс
үйлдвэрлэж байгаа бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс аргагүй
байдалд шилждэг. Тэр дундаа орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл
эрхлэгчдийн хувьд маш хүнд байдалд ордог. Хүмүүс нь цалингаа голоод
ажиллахгүйгээс эхлээд чирэгдэл дагуулдаг. Эсвэл төрийн албанд ажиллахыг
илүүд үзнэ. Тэгэхээр энэ тогтолцоог өөрчлөхийн тулд хэн сайн ажиллаж
байна түүнд өндөр цалин олгдог эрхийг төсөв ерөнхийлөн захирагчид
олгодог болох нь чухал байна.


Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж