Г.Уянга нар мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Г.Уянга нар мэдээлэл хийлээ

Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Н.Батцогт, ерөнхий зохицуулагч Г.Уянга, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Батсайхан, орон нутгаас ирсэн төлөөлөл  өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайлбал тус холбооноос сүүлийн саруудад хийсэн ажил болоод УИХ-ын гишүүдийн 2008 оны сонгуулиар амлаж байсан амлалтуудыг эргэн сануулсан юм.Мөн Таван Толгойн хувьцаа иргэдэд ашиг тусаа өгөх эсэх,  УИХ-ын 76  гишүүний ажилд дүгнэлт хийх болсон талаар ч ярьсан юм. Тус холбооныхон баруун таван аймаг, 30 гаруй сумдаар явж, иргэдийн үгийг сонсч, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн амлалтын талаар ярилцлага зохион байгуулаад иржээ. Түүнчлэн хэвлэлийн хурлын үеэр  www.amlalt.mn сайт нээгдсэн  тухай  мэдээлэл өглөө.

www.amlalt.mn сайт санал асуулга явуулна

Амлалт нэхэх ард түмний холбооноос 76 гишүүний амлалтыг сануулах, амлалтаа биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийх, иргэдийг мэдээ мэдээллээр хангах зорилгоор www.amlalt.mn сайтыг ажиллуулж эхэлжээ. Өнөөгийн хамтарсан Засгийн газар байгуулагдаад 1262 хоног өнгөрч амлалтын нь биелэлтийг дүгнэж хариуцлага тооцоход 200 хоног үлдсэн гэж тус холбооныхон үзэж байгаа аж.  Дээрх  цахим хуудаснаас УИХ-ын гишүүдийн сонгуулийн өмнө амлаж байсан амлалтуудыг баримттай, видео дүрстэй үзэж болохоос гадна санал сэтгэгдлээ оруулж сонгосон гишүүнтэйгээ харилцаа үүсгэж болох гэнэ.  Мөн иргэд өөрт байгаа зурагт хуудас, дүрс бичлэг, дуу бичлэг гэх мэтээр цахим хуудсыг баяжуулж, бусадтай мэдээллээ хуваалцах эрх  байгаа аж. Үүнээс гадна тус цахим хуудсанд Амлалт нэхэх ард түмний холбооноос хийсэн ажил, салбар холбоодын бүтэц бүрэлдэхүүн, холбооны үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллүүдийг өдөр тутам  авч, холбооны удирдлагуудтай харилцах боломжтой юм байна. Мөн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа  дуусах хүртэл  үлдсэн 200 хоногт УИХ-ын 76 гишүүнээс шилдэг болон, үүргээ муу биелүүлсэн гишүүдийг шалгаруулан зарлах санал асуулгыг цахим хуудсаараа дамжуулан явуулж эхэлжээ.

15 орд газар бол зөвхөн цаасан дээр бичигдсэн тоо гэв

Амлалт нэхэх ард түмний холбооноос хийсэн хэвлэлийн хурлын үеэр тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн н.Батсайхан Тавантолгойн хувьцааны асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр  “Эрдэнэс Таван толгой” компанийн 10 хувийг иргэдэд адил тэнцүү эзэмшүүлэх тухай УИХ-ын 2010 оны 39 дүгээр  тогтоолд  заасан. Энэ дагуу нэг иргэнд 536 ширхэг хувьцаа оногдохоор болсон ч компани аж ахуйн нэгжүүд 33 000 гаруй хувьцаа нэмж авахаар болж байгаа нь иргэдийг ялгаварлан гадуурхаж  байгаа хэрэг. Тиймээс түүнийг эсэргүүцэн тэмцэж иргэдэд оногдох хувьцаа 1072 ширхэг буюу компаний нийт хувьцааны 20 хувь байхаар болсон. Гэвч УИХ-ын гишүүд энэ хувьцааг сонгуулийн амлалт 1-1.5 сая төгрөгтэй хольж хутгаж байгааг эсэргүүцэж байна.2012 оны төсвийн  тухай хуульд хувьцаагаар солих бэлэн мөнгөний эх үүсвэрийг тусгаагүй нь иргэдэд 20 хувийн хоосон хувьцаа амалснаас ялгаагүй. Өөрөөр хэлбэл 2012 оны төсөвт суулгасан  мөнгө 400 мянган хүнд бэлэн мөнгөөр тараагаад дуусах хэмжээний мөнгө” гэсэн юм. Амлалт нэхэх ард түмний холбооныхны ярьснаар стратегийн 15 орд газар гэдэг зөвхөн цаасан дээр бичигдсэн тоо. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолд Таван толгойн орд гэдэгт “…Таван толгой ХК, Энержиресурс, Дайцуку ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна” гэж заажээ. Гэвч одоо зүүн Цанхийн хэсэг л Эрдэнэс Таван толгойн мэдэлд үлдсэн. Үүнээс гадна Нарийн сухайтын нүүрсний ордыг стратегийн ордод хамааруулаагүй, Багануур, Шивээ овоогийн ордууд алдагдалтай ажилладаг учраас хувьцаа нь үнэ хүрэхгүй, Мардай, Дорнод, Гурванбулагийн ураны  ордуудын хэтийн төлөв тодорхойгүй, Мардайн ордын нэг хэсгийн Ханресорс ХХК-тай  шүүхдэлцэж байгаа, Сэлэнгийн Төмөртэйн төмөр, Сүхбаатарын Төмөртэйн овооны цайрын ордын нөөц дуусч байгаа, Цагаан суваргын орд жижигхэн учраас иргэдэд хувь хүртэхгүй, Бороогийн алтны ордуудын нөөц дууссан, Оюутолгой нэгэнт гадны мэдэлд шилжсэн . Харин Асгатын ордыг ашиглах талаар байнга ярьдаг ч хэтийн төлөв нь бүрхэг. Энэ мэтээр улс төрчдийн яриад байгаа стратегийн 15 орд газар зөвхөн цаасан дээр бичигдсэн зүйл” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр онцолж байлаа.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж