Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянга болоод холбооны гишүүд дэмжигчид цалин нэмүүлэхээр ажил хаяж буй багш нарын тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тэд өнөөдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ багш нартай нэгдэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Мэдэгдэлд “Өнөөдөр дундаж багшийн цалин өөрийгөө хөгжүүлэх, ар гэрээ тэжээх байтугай хувцас, хоолоо дийлэхгүй байгаа. Гэтэл УИХ-ын нэг гишүүнийн цалинг олон нийтэд мэдэгдэж байгаа хэмжээг та бүхэнд танилцуулъя. УИХ-ын нэг гишүүн нэг жилд цалин 10 сая, туслах зөвлөхийн цалин 26 сая, хоол, унааны зардал 193 сая, хууль сурталчлах нэрээр 10 сая, бусад орны хууль судлахад 10 сая, гар утасны ярианы зардал 1.44 сая, хэрэгждэггүй ч байсан хууль санаачилсны төлөө 20 сая, унааны зардал 6.6 сая, тойргийн томилолт 8.7 сая, хэвлэл захиалгад хагас сая, зочин хүлээж авахад 0.72 сая, бэлэг дурсгалд 0.7 сая гэх мэтээр нийтдээ нэг жилийн урсгал зардал нь л 287 сая 640 мянган төгрөг болж байна. Энэ бол зөвхөн олон нийтэд мэдэгдэж байгаа зардал нь. Үүнийг 76 гишүүнээр үржүүлбэл ард түмэн 76 их хурлын гишүүнийг тэжээхийн тулд ганцхан жилд 255 тэрбум 582 сая төгрөгийн татвараа үрэн таран хийдэг ажээ. Энэ бол эрхэм гишүүдийн амьдралаа залгуулдаг мөнгө нь. Үүн дээр 2009 онд 500 сая төгрөг, 2010, 2011 онд тус бүр нэг тэрбум төгрөг гишүүн тус бүр төсвөөс авсан. Одоо сонгуулийн жил учраас гишүүн бүр гурван тэрбум төгрөгийг авч байна. Сонгогдсоноосоо хойш нэг гишүүн дөрвөн жилд зургаан тэрбум 650 сая 560 мянган төгрөгийг дангаараа зарцуулжээ. УИХ-ын бүх гишүүдийн өнгөрсөн гурван жилд зарцуулсан энэ мөнгөөр боловсролын салбарт ажиллаж байгаа 38000 багшид жилийн турш сар бүр нэг сая 108 мянган төгрөгийн цалин тавьж болох байсан. Энэ бол хамгийн энгийн жишээ. Та бүхний цалинг нэмэх бололцоо бүрэн бий. Энэ боломжийг эрх баригчид МАНАН-гийн засаг зөвхөн өөрсдөө ашиглаж байна” гэжээ. Тус холбооны зүгээс багш нарын тэмцлийн эсрэгсурагчдыг, эцэг эхчүүдийг хандуулах, ажлаас хална хэмээн айлгах, цалингийн өрөөр барьцаалан сүрдүүлэх, ганц нэгээр нь дарамтлан тэмцэгчдийн эгнээг хагалах, олон нийтийн дунд та нарын эсрэг элдэв цуурхал тараах аргуудад автахгүй байхыг багш нарт сануулж байгаа аж. Тус холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянга “Сэхээтнүүд нэгдэн тэмцэж байгаа нь иргэний хөдөлгөөнүүдэд маш том урам, итгэл өгч байна. Монголын сэхээтнүүд болох багш нар тэмцэлдээ хэр тууштай байж, амжилтад хүрэхийг ард түмэн харж байгаа. Энэ тэмцэл бол боловсролын салбарыг эрүүлжүүлэхийн төлөөх тэмцэл” гэдгийг онцолж байв.
С.Отгон