Чингис хэзээ төрсөн бэ?

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар байгуулсан “Иргэний танхим”,
Боловсрол суваг телевизийн “Боловсрол” төслөөс иргэдтэйгээ хамтран
бэлтгэдэг “Би иргэн” нэвтрүүлгийн ээлжит дугаар өнөөдөр орой
21.40 цагаас үзэгчдэд хүрч, бямба гаригийн 17.10 цагаас давтана. 

Энэ
долоо хоногийн ээлжит нэвтрүүлэг “Эзэн Чингисийн төрсөн өдөр хэзээ вэ”
гэсэн сонирхолтой сэдвийн дор өрнөх юм. Нэвтрүүлгээр  энэ сэдвийг зүгээр
нэг хөндсөнгүй. Үүнд тодорхой учир шалтгаан бий.

Энэ жил
монголчууд төрт ёсны холбогдолтой олон тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлж
байгаа бол ирэх 2012 онд Эзэн богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой
тохионо. Ойг тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарах юм байна. Чингис
хааныхаа сүүдэр тохиосны тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь монголчуудын
зүй ёсны бахархал юм. Гэтэл Дэлхийн мянганы хүнээр тодорсон Чингис хааны
хорвоод мэндэлсэн сар, өдрийг өнөөг хүртэл албан ёсоор тодорхой болгож
чадаагүй байна. Энэ удаагийн нэврүүлгээр  сонирхолтой уг сэдвийг хөндөж
эрдэмтэн судлаачид, иргэд санал бодлоо илэрхийлэх юм.

Нэвтрүүлэгт
Монголын тэргүүлэх түүхчид оролцох юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн
зөвлөх Р.Болд, академич Ш.Бира, Б.Энхтүвшин, доктор А.Очир, Ш.Чоймаа,
Г.Аким, зохиолч Л.Пүрэвдорж, ШУА-ийн Түүхийн хүрээлэнг төлөөлж доктор
Пунсаг, Монголын нууц товчоо судлаач доктор О.Сүхбаатар, түүхч, Чингис
хаан дээд сургуулийн профессор Б.Балжинням, судлаач М.Нагаанбуу,  их,
дээд сургуулийн түүхийн салбарын оюутнууд, иргэдийн төлөөлөгчид түүнд
оролцоно.

Тэмүүжиний төрсөн сар, өдрийн тухай XIII, XIV зууны өмнөх
үеийн Монгол, Перс, Хятад хэлээр бичсэн эх сурвалжуудад тэмдэглэсэн зүйл
одоо хэр илэрч олдоогүй байгаа аж. Харин XVII, XVIII зууны үед
бичигдсэн монгол сурвалжуудад Тэмүүжиний төрсөн сар, өдрийн талаар мэр
сэр өгүүлсэн нь бий ажээ. Тиймээс   XVII зуунаас хойшхи үеийн монгол
сурвалж бичгүүдийн мэдээг түшиглэн Тэмүүжиний мэндэлсэн сар, өдрийн
тухай авч хэлэлцэх бололцоотой гэж нэвтрүүлэгт оролцох эрдэмтэд үзэж
байгаа юм. Сурвалж бичгүүдийн мэдээллийг харьцуулж үзэхэд, ерөнхийдөө
өвлийн тэргүүн сар, зуны тэргүүн сар гэсэн хоёр хандлага ажиглагддаг
байна. Үүнийг аргын тоололд оруулж тооцох нь хүнд асуудал юм. Энэ талаар
ажлын хэсэг гаргаж одон оронч, зурхайчид оролцох ажээ. Энэ чухал
асуудлаар эрдэмтэн судлаачид ярилцаж, телевиз үзэгчдэд тодорхой ойлголт
өгөх болно.

Одоогоос жил хагас гаруйн өмнө хэсэг судлаач
эрдэмтэд Эзэн богд Чингис хааны мэндэлсэн он, сар, өдөр, төрсөн газрыг
албан ёсны болгож баталгаажуулах ажил хийснийг хэвлэлийн бага хурлаар
зарласан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч ажлын хэсэг гаргаж энэ ажлыг
хийлгэжээ.

Академич Ш.Бира, Д.Цэрэнсодном, доктор С.Чулуун,
Д.Базаргүр нарын есөн эрдэмтэн ажлын хэсэгт орж ажиллаад, Чингис хаан 
Тэмүүжин билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны
өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн хэмээн тогтоожээ. Төрсөн
газрыг Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байгаа Онон, Балж хоёр голын
боомын ойролцоо Дэлүүн болдог гэжээ.
 
Их хааны мэндэлсэн өдрийг
“Монголын бахархал өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр тэмдэглэхээр болсон
талаар тухайн үед эрдэмтэд мэдээлж байсан юм.

Гэхдээ мэндэлсэн
өдрийг эрдэмтэн судлаачид туйлын үнэн гэхгүй байгаа бөгөөд өөр санаа
байхыг үгүйсгээгүй. Эртний найман эх сурвалжийн тавд Чингис хааны төрсөн
өдрийг өвлийн эхэн сарын шинийн нэгэн, хоёр эх сурвалжид зуны дунд
сарын улаан тэргэл өдөр буюу 16 гэж бичсэн байдаг ажээ. 

Энэ талаарх сонирхолтой нэвтрүүлэг энэ сарын 14 буюу өнөөдөр орой  21.40 цагаас үзэгчдэд хүрэх юм.

                                    Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж