Морин хуурын хос цомог мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Морин хуурын хос цомог мэндэллээ

Ц.Батчулуун. Энэ хүнийг олон хүн Морин хуурын чуулгын удирдаач гэдгээр нь танина. Тэрбээр Морин хуурын чуулгыг зохион байгуулах, бэхжүүлэх, урын санг баяжуулах, гадаад дотоодын хөгжмийн зохиолчдын бүтээлийг удирдан тоглуулах, залуу боловсон хүчнийг сурган хүмүүжүүлэх, Монгол ардын урлагийг хөгжүүлж, дэлхий дахинд Монголын соёлыг сурталчлан, таниулахад өөрийн авъяас, ур чадвараа зориулан, ажиллаж байгаа эрхэм хүн билээ. Энэ эрхэм хүний сургасан шавь нар олон бий. Удирдаач, Морин хуурч, Ардын жүжигчин Ц.Батчулууны шавь нар нь багшдаа зориулж түүний хоёр хос цомгийг гаргаад байгаа юм. “Саруул тал” хэмээх Ц.Батчулуун гуайн залуудаа тоглож байсан уран бүтээлийн, “Морин хуурын чуулга-Ц.Батчулуун” гэх чуулгын уран бүтээлчидтэй удирдан тоглуулсан уран бүтээлийн гэх хоёр хос цомог өнгөрсөн даваа гаригаас эхлэн худалдаанд гарлаа. Хос цомгийн нээлтийг Улсын филармонийн концертын их танхимд өнгөрсөн даваа гаригт болсон бөгөөд энэ үдэш Ц.Батчулуун “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжмийн Чилүгэний аяийг 20 жилийн дараа Морин хуур хөгжмөө тоглож, үзэгчдийн сэтгэлийг хөөргөсөн. Үдшийн эзэн удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулуун хэлэхдээ “Өнөөдөр миний хувьд маш сайхан, баяртай өдөр байна. Гэхдээ нөгөө талаараа сургамжтай өдөр байна. Би үндсэндээ 1992 оноос эхлээд хүн загнах, удирдах ажил хийсээр иржээ. Хөгжимчин хүн хөгжмөөсөө холдвол ямар байдгийг шавь нар маань харж байгаа байх. Би өнөөдрөөс эхлээд морин хуураа дахин тоглож, бэлтгэл хийх болно” хэмээн даруухан хэлж зогсоно лээ.

Харин шавь нарыг төлөөлж Морин хуурын чуулгын, хөгжимчин А.Даваазориг хэлэхдээ “Ц.Батчулуун багшийнхаа цомгийг гаргах санаачлагыг Морин хуурын чуулгын уран бүтээлчид бид 2009 онд анх гаргасан. Цомогт багтах бүтээлүүдийг энд, тэндээс цуглуулж, удирдсан болон өөрийнх залуудаа тоглосон бүтээлийн нэрсийн жагсаалтыг гаргасан. Тэгсэн Ц.Батчулуун багшийн уран бүтээл их арвин байсан. Энэ бүхнээс ганцхан цомог гаргана гэдэг дэндүү харамсалтай санагдсан. Тиймээс бид өөрөө тоглоочийн зүгээс тоглосон бүтээлүүдийг нэг, Морин хуурын чуулгыг байгуулж, удирдсан бүтээлүүдийг нэг дор эмхтгэж гаргахаар шийдсэн. Энэ саналаа Н.Жанцанноров гуайд хэлж, бид багшийнхаа цомгийг гаргахад яах аргагүй хоёр цомог гаргах хэрэгтэй болоод, та нэг цомогт нь туслаач гэж гуйсан юм. Бидний саналыг маш таатай хүлээж авч, цааш  Дорноговь аймгийн нутгийг зөвлөлд Н.Жанцанноров гуай хандаж, бидэнд тусалснаар энэхүү хос цомог гараад байна. Энэ хоёр цомог бол маш том оюуны хөрөнгө оруулалт юм шүү. Морин хуурын чуулгын бүхий л ололт амжилт, дэвшил хөгжил багштай минь салшгүй холбоотой. Ийм учраас багшийнхаа удирдсан болон хуурдсан бүтээлийн цомог гаргаж багшдаа бэлэг барьж байгаа юм” хэмээн шавь нараа төлөөлөн талархсан сэтгэгдлээ илэрхийлж байв.

“Саруул тал” цомогт Ардын жүжигчин, удирдаач Ц.Батчулууны хуурдсан “Саруул тал”, “Алтан Богдын шил”, “Цонхон дээр суусан ялаа”, “Мандал Жуужаа”, “Сүнжидмаа”, “Дүүжий хуар”, “Сандуйтай мод”, “Эрдэнэ засгийн унага”, “Эртний сайхан”, “Жаргалтай дэлгэр”, “Аялгуу”, “Морин хуурын дөрвөл”, “Хэен хуар”, “Аяз”, “Мөрөөдлийн салхи”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг залуудаа тоглосон бүтээлүүд багтсан байна.

“Морин хуурын чуулга-Ц.Батчулуун” цомог нь Монгол Улсын Морин хуурын чуулгыг удирдсан “Монгол аялгуу”, “Цагаан суварга-2”, “Сэтгэлийн эгшиг”, “Сэтгэлд шингэсэн говь”, “Уран хас” балетын вальс, “Хутагтын сахиус”, “Нутаг минь, хүлэг минь”, “Уран сэтгэмж”, “Сэрсэн тал”, “Баярын жавхаа”, “Чингисийн эр хоёр загал”, “Их тэнгэрийн ивээл” зэрэг бүтээлүүд багтжээ. Хос цомгийн үнэ тус бүр 20,000 төгрөг бөгөөд “HI-FI Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүрээр худалдаалж байгааг дуулгая.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж