Сувилагчдын хэргийг хэрэгсэхгүй болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Сувилагчдын хэргийг хэрэгсэхгүй болж магадгүй

УКТЭ-ийн дөрвөн сувилагч, “ЭМЖЖ” сонсгол судлалын хувийн эмнэлгийн сувилагч Э нар  мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх тариаг нууцаар бусдад зардаг байсан гэх хэрэг өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр гарсан билээ. Тэдэнд УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ч гэм буруутай нь тогтоогдохгүй байгаа аж. Хэрэгт сувилагч нараас гадна мансууруулах тариа худалдан авдаг байсан хүмүүсийг ч холбогдуулан шалгажээ. Эх сурвалжийн мэдээлснээр сувилагч нар хүнд өвчтөнд хэрэглэдэг  мансууруулах  үйлчилгээ бүхий тариаг нууцаар  худалдаалдаг байсан нь хангалттай нотлогдохгүй байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгож магадгүй  байгаа аж.

Тухайн үед гарч байсан мэдээллээр сувилагчид мэс заслын үед тодорхой тунгаар хэрэглэдэг пентанил нэртэй мансууруулах төрлийн хүчтэй найрлага бүхий тариаг  мансуурагч иргэдэд өндөр үнээр худалдаалдаг байсан гэдэг. Үүний дараа уг хэрэгт холбогдсон “ЭМЖЖ” хувийн эмнэлгийн сувилагч Э-г ажлаас нь  халсан бол УКТЭ-ийн  нэр бүхий дөрвөн сувилагчид ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байгаа юм. “ЭМЖЖ” эмнэлгийн зөвлөх эмч, Б.Эрдэнчулуунаас  дээрх хэргийн талаар тодруулахад “Энэ мэдээлэл ирсэн даруйд бид эмнэлгийнхээ дотоод үйл ажиллагаанд нарийн шалгалт хийсэн. Шалгалтаар мэс заслын  үеэр хэрэглэдэг тарианаас бага багаар үлдээж, худалдаалсан байж болох нэг ч баримт илрээгүй. Сүүлийн хоёр жилийн эмчилгээ явуулсан байдалдаа шалгалт хийсэн. Манайд ажиллаж байсан сувилагч чухам ямар шалтгаанаар хэрэгт холбогдсныг хэлж мэдэхгүй байна” гэх хариулт өгч байсан юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж