Чөлөөтийн хүнд жингийн босоо тамирчин

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн хүнд жингийн босоо тамирчин

“Спортын шуудан” энэ дугаараасаа эхлэн “Лондон-2012” буланг тогтмол явуулж байхаар боллоо. Монголын шигшээ багийнхан одоогоор есөн эрх аваад байгаа. Хамгийн эхний зочноор олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбатыг онцолж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд түүний үзүүлсэн амжилт чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийнханд сэргэлт авчирсан юм.

Жаргалсайханы Чулуунбатыг спорт сонирхогчид андахгүй сайн мэднэ. Мэддэгийн учир нь чөлөөт бөхийн хамгийн хүнд жинд өдгөө Монголын нэрийг дэлхийд гаргаж байгаа ганц бөх нь Ж.Чулуунбат. Тив, дэлхий, олон улсын тэмцээний 120 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат л оролцдог. Анх “Арслан” клубээс их спортын гараагаа эхлүүлсэн тэрээр одоо олимпод эх орноо төлөөлөн оролцох гээд бэлтгэл сургуулилтаа базааж байна. Манай чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн амжилтад уналтад орлоо хэмээн хүн бүр шүүмжилж байлаа. Харин үүнийг Чулуунбат бага ч гэсэн зөөллөсөн. Тэмцээнээс тэмцээнд туршлага сууж, хүнд жингийн дэлхийн шилдгүүдийн цээжинд “шар ус” хуруулах болсон түүнийг Лондоны олимпоос медаль авна хэмээн найдаж буй. Чөлөөтийн эрэгтэйчүүдээс шийр зааж хамгийн түрүүнд олимпийн эрх авсан түүний барилдаан 2009 оноос хойш эрс сайжирч, өөрчлөгдсөн гэдгийг зориуд онцолмоор байна. Таван жилийн өмнө Катарын Доха хотод болсон Азийн наадам бол Чулуунбатын хувьд анхны томоохон олон улсын тэмцээн байсан юм. Тамирчин бүрт анхны юм бүхэн туршлага “хайрладаг” учрааc тэрээр гавихаар амжилт үзүүлээгүй овоо туршлагажсан. Түүнийхээ хүчинд барилдах арга барилаа өөрчилж, өнөөдрийн Чулуунбат болсон гэвэл хилсдэхгүй. Анхны багш болох Б.Баттулга түүнд их зүйлийг зааж сургажээ. 2010 онд Азийн аварга болон Азийн наадмаас тус бүр мөнгөн медаль хүртэж амжилт арвинтай байсан түүнийг энэ жил олимпийн эрхээ авна гэдэгт бүгд итгэлтэй байв. Тэр ч бүү хэл медаль хүртэнэ гэж найдаж байлаа. Даанч бага зэрэг аз дутсан. Гэхдээ залуу хүн учраас дахиад хэдэн тэмцээнд оролцох боломж түүнд байгаа. Өнгөрсөн жил өгсөн ярилцлагадаа “Одоо бол ах нараасаа суралцаж, олон уралдаан, тэмцээнд оролцох хэрээр бусдаас суралцаж, туршлага хуримтлуулж байна даа” хэмээн даруухан хэлсэн байдаг. Монголын хүнд жинд Чулуунбатын бэлтгэл сургуулилтад дэм болох туршлагатай, сайн тамирчин бараг байдаггүй гэхэд болно. 2010 оноос хойш одтой байгаа тэрээр энэ жил улсын цол хүртэж үндэсний бөхийнхөө амжилтыг ахиулсан. Мөн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлж, шагналт тавдугаар байр эзлэн, олимпийн эрхээ халаасалжээ. Тиймээс чөлөөт бөхийн мэргэжилтнүүд Чукаг ирэх жилийн олимпод медалийн төлөө өрсөлдөх боломжтой тамирчны тоонд багтаасан юм. Магадгүй монголчуудын тэр тусмаа чөлөөтийнхний зургаан олимп дамнан хүлээсэн медалийг хүртэж биднийг баярлуулах ч юм бил үү. Барилдаанаас барилдаанд ур чадвар нь өсч яваа гэж манайхан түүнд ам сайтай байгаа.

Түүний амжилтаас цухас сонирхуулбал, 2008 оны Азийн аваргын хүрэл, 2010 оны Азийн аваргын мөнгө, Гуанжоугийн Азийн наадмын мөнгө, Туркийн Станбул хотод болсон дэлхийн аварга аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байрын шагналт.

“Спортын шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж