Зарим эх сурвалжийн мэдээлснээр цэргийн 805 дугаар ангийнхан улсын болоод хувийн хэвшлийн томоохон худалдааны байгууллагууд, стратегийн орд бүхий газруудыг гэрээгээр хамгаалахаар болжээ. Бүр тодруулбал, тэд Оюутолгой, Тавантолгой болон Нарантуул, Хархорин, Бөмбөгөр худалдааны төвүүдийг хамгаалахаар болсон аж. Уг ангийн хаана ямар хамгаалалт хийхийг зөвхөн Засгийн газрын хуралдаанаар шийддэг. Гэтэл улсын онцгой обьект биш байтал тэдгээр газрыг ямар ч удирдах газрын зөвшөөрөлгүй гэрээгээр хамгаалах болов” гэх асуулт анхаарал татаж байна. Энэ нь нэг талаараа хувьчлалтай холбоотой асуудал яригдаж буйг нотолж мэдэх юм. Учир нь 805 дугаар анги нэгэнт хамгаалалтын үүрэгтэй, тэр байтугай ангийн барилга байшин нь хүртэл муудсан, түүнд нь төр ямар ч анхаарал хандуулдаггүй гээд олон хөвөрсөн асуудал үүсэж ийнхүү хувьчлах тухай цуу яриа чих дэлссэн бололтой. Мэдээж төрийн тусгай цэргийн ангийг хувьчилна гэхээр солиотой хүний яриа шиг сонсогдож байгаа биз. Тус цэргийн ангийн 75 хувийг мэргэжлийн ахлагчид, 15 хувийг нь офицер үлдсэн 10 хувийг нь хугацаат албан хаагчид бүрдүүлдэг. Ихэнхдээ Улаанбаатар хотод ундны эх үүсвэрийн обьектуудыг хамгаалдаг аж. Тухайлбал, гүний худаг, усан сан, шугам сүлжээний газрууд зэргийг хамардаг байна. Энэхүү 805 дугаар ангийг анх 1945 оны наймдугаар сарын 29-ны өдөр тухайн үеийн Бүх цэргийн жанжин, Дотоод явдлын яамны сайд Х.Чойбалсангийн тушаалаар “Олзлогсдыг хамгаалах тусгай салаа” нэртэйгээр байгуулж байжээ. Тэр үед олзлогдсон япон цэргүүдээр ажил хийлгэх, тэднийг манах үүрэгтэй байв. Улмаар 1947 онд хоёр улсын Засгийн газар хоорондын харилцан тохиролцоогоор олзлогсдыг нутаг руу нь буцаахад тус салаа хамгаалан ЗХУ-д хүргэлцсэн аж. Үүний дараа засан хүмүүжүүлэх, хөдөлмөрийн лагерийг хамгаалах үүрэгтэй болсон байна. Харин 1950 оны эхээр дайн намжсан гэж үзэн тус салааны зарим хэсгийг татан буулгажээ. Гэвч үлдсэн байлдагчдын бүрэлдэхүүн дээр үндэслэн одоогийн 805 дугаар ангийн хөрсийг тавьсан гэдэг. Гэтэл энэ арвин түүхтэй ангийг хувьчлах гэх мэтийн асуудал чих дэлссэн нь үнэхээр хачирхалтай зүйл. Тиймээс энэ талаар тус ангийн штабын дарга хурандаа Ц.Гансүхээс тодруулсан юм. Тэрбээр “Манай ангийг хувьчлах ямар ч асуудал яриагүй. Дотоодын бүхэл бүтэн цэргийн тусгай ангийг хувьчлана гэдэг байж болохгүй асуудал. Манай анги цэвэр усны хангамжийн обьектыг л хамгаалдаг. Өөр ямар ч обьект шинээр хамгаалалтад аваагүй. Ийм асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдэж, дараа нь Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн штабаас бидэнд тушаал ирүүлдэг. Тэгснээр бид хаана, хэдэн тооны хамгаалалт гаргахаа ярина” гэсэн юм. Мөн түүнээс офицерүүдийн нийгмийн хангамжийн талаар хэдэн зүйл асуухад “Одоогоор манайд 600 гаруй хугацаат болон хугацаагүй албан хаагчид байгаа. Бид дөрвөн мянган айлын орон сууц хөтөлбөрт 16 офицер хамруулсан. Цалин яах вэ хүрэлцээ муутай л байна. Цолны нэмэгдэл гэхээс өөр нэмэгдэл авдаггүй. 805 дугаар ангийн байрны барилгын ажлыг шинэчлэх талаар ярьж байгаа. Ирэх оноос бараг шийдчих байх. Манай ангид туслах аж ахуй байдаг. Түүн дээрээ тулгуурлаад зуны улиралд ажилчдаа сүү, цагаан идээнд гаргаж долоо хоногоор амраадаг” хэмээв. Мөн тус ангийг хувьчлах, өөр обьектуудыг хамгаалах талаар Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын цэргийн штабын чиглэлийн ахлах офицер дэд хурандаа Х.Түвшинжаргалаас тодруулсан юм. Тэрбээр “Дотоодын цэргийн ангийг хувьчлана гэж юу яриад байгаа юм. Тийм асуудал ер гараагүй. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд болсон Засгийн газрын хуралдаанаар зарим нэгэн Улсын онцгой обьектуудыг Дотоодын цэргийн ангиар хамгаалуулах шийдвэр гарсан. Үүнд, Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станц орж байгаа. Гэхдээ ямар анги, хэзээ хамгаалах нь тодорхойгүй байна. Өөр асуудал яригдаагүй. Ер нь Дотоодын цэргийн анги Үндэсний радио телевиз, сүлжээний газрууд зэргийг хамгаалдаг. Улсын онц чухал, аврах ажил, тээвэрлэлтийн онцгой обьектуудыг л хариуцдаг. Тэр яригдаад байгаа худалдааны төвүүд, уул уурхайн ордуудыг хамгаална гэсэн ямар нэгэн шийдвэр гараагүй” гэв. Тэгэхээр энэ асуудлыг хэн гаргав гэдэг нь асуулт болон үлдэж байна.
Монгол Улсын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гурван төрлийн цэргийн хүчин байдаг. Үүнд, Дотоодын цэрэг, Батлан хамгаалах, Хилийн цэрэг багтана. Тэгтэл сүүлийн үед нэгэн сонирхолтой агаад хачин жигтэй сураг дуулдах нь тэр. Юу гээч. Дотоодын цэргийн 805 дугаар ангийг хувьчлах гэнэ. Манай улсад дотоодын цэргийн тухай хуулийг анх 1995 оны аравдугаар сарын 17-ны өдөр баталж байжээ. Энэ хуульд Дотоодын цэрэг нь улсын онц чухал обьектыг хамгаалах, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах ажилд болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох шаардлагатай үед зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх гэсэн гурван чиг үүргийг тусгажээ.
Л.Баатархүү"Улс төрийн тойм" сонин