”Дэнгийн эрвээхэй”-нүүдийг худалдагчийн дамжаанд бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

”Дэнгийн эрвээхэй”-нүүдийг худалдагчийн дамжаанд бүртгэнэ

Чихэр, жимс, тамхи, бохиноос эхлээд өмд, гутал, оймс хүртэлх төрөл бүрийн барааг гудамж, талбай, явган хүний зам дагуу зарж борлуулдаг хүмүүсийг “дэнгийн эрвээхэй” гэдэг аж. Яагаад вэ гэж үү. Яагаад гэвэл тэд яг дэнгийн эрвээхэй шиг бие биенээ дагаж хурдан үрждэг учраас хууль хяналтынхан болон цагдаа нар ийнхүү нэрлэсэн аж. Хамгийн инээдтэй нь гар дээрээс наймаа хийж байгаа хүмүүсийг сардаа нэг “сайн” шийтгэдэг гэж байгаа. Тэр нь торгууль ноогдуулах, сануулга өгөх төдийгөөр дуусна. Цагдаа нар “Дэнгийн эрвээхэйнүүдээ нэг цэвэрлье, байз. Тэгэхгүй бол хэтэрхий олон болж үржих нь” хэмээн хоорондоо хөгжилддөг гэсэн. Зарим цагдаа нэгнээрээ тохуурхан “Хүүе, танай дүүргийн дэнгийн эрвээхэй манайд нисч байна лээ” гэдэг байгаа юм. Энэ бүхэн инээдтэй санагдахгүй байна уу. Гар дээрээс худалдаа хийхийг хориглосон хууль байсаар байтал “дэнгийн эрвээхэй”-нүүд үржсээр байна шүү дээ.

Дэнгийн эрвээхэйнүүдийн зан харьцаа, ёс зүйн талаар ярих нь илүүц биз. Ер нь ихэнх нь муухай ааштай, соёлгүй, бүдүүлэг. Үүнийг нь хэдхэн хормын дотор л анзаарч болно. Гэхдээ сайхан ааштай хүмүүс байдгийг нь энд үгүйсгэх гэсэнгүй. Зуны нэг өдөр жимс зардаг эрээн мяраан давуутай мухлагаас зургаан алим авлаа. Худалдагчид нь мөнгөө төлөөд цааш явав. Гэртээ харьсны дараа уутаа задалтал доод хэсгээр нь ялзарсан алимнууд байв. Алим авсан газартаа буцаж очоод энэ тухай гомдоллоход “Хохь чинь” хэмээн элдвээр харааж, “Чи өөр газраас авсан юм биш үү. Эндээс авсан байлаа ч тухайн үед нь шалгахгүй яасан юм” гэдэг байгаа. Энэ бол зүгээр л энгийн нэг жишээ. Бас нэг удаа толгойноосоо уяа татан цээжнээсээ хавтан зүүсэн нэгэн “дэнгийн эрвээхэй”-нээс боодол бохь авсан юм. Супермаркетад 250 төгрөгөөр зарагддаг “Juicy Fruit”-ыг 500 төгрөгөөр авчихаад 5000 мянган төгрөгний хариултаа авахаа мартаад явчихав. Дараа нь үүнийгээ санаад эргэн иртэл өнөө худалдагч чинь харин өөдөөс “Юу яриад байгаа юм бэ. Би хариултыг чинь өгсөн” хэмээн улаан цайм гүрийдэг байгаа. Хэсэг хугацаанд маргалдсаны эцэст баахан хараал урсгаж мөнгийг минь өгсөн юм. Уг нь өнөөдөр хүн бүхэн хажуугийн супермаркет руу ороод хүссэн зүйлээ авах боломжтой. Гэтэл “дэнгийн эрвээхэй”-нүүдийг өрөвдөж, хайрлах сэтгэл нь хүмүүсийг тэдний зарж буй зүйлийг худалдан авахад хүргэдэг бололтой.

 Гар дээрээс наймаа эрхлэгчид сүүлдээ нарийн мэргэжил мэт болж янз бүрийн эд зүйлс худалдаалдаг болсон. Жишээ нь, энгэсэг, гоо сайхны бараа, монгол аргаар хийсэн “шорлык”, салфетка, утсаар яриулах төлбөрт үйлчилгээ, тамхи, зуны цагт зайрмаг гэх мэтээр төрөлжиж эхлэх янзтай. Ер нь гар дээрээс худалдаа эрхлэгчид хүний эрх, эрх чөлөөгөө хэт мэдэрсэн хүмүүс байдгаас ямар ч дүрэм журмыг авч хэлэлцдэггүй. Тэдэнд зохих албаны хүмүүс шаардлага тавьж, арга хэмжээ авлаа ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа нь хармасмаар.

Мэдээж тэд өөрсдийн амьдрал, өдрийн хоолны мөнгөнийхөө төлөө энэ “салбар” руу орсон байж таарна. Тэд үнэндээ ямар ч харъяалалгүй, татвар, түрээс төлдөггүй, дээр нь хариуцлага хүлээдэггүйн улмаас чанарын шаардлага хангаагүй, баталгаагүй бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулан, худалдан авагчдыг хохироох нь цөөнгүй тохиолддог. Өөрөөр хэлбэл, тэд хаа нэг газар харъяалал байхгүй, татвар төлөхгүй, хялбар аргаар мөнгө олох гэсэн ерөнхий нийтлэг ойлголт ажиглагддаг. Зоргоороо авирладаг эдгээр наймаачдыг яалтай билээ. Ар гэрийнх байдал нь бүгд хэцүү. Амьдрал ахуй нь буурай. Тэгээд л цагдаа нар хуулиа хэрэгжүүлж, тэднийг өөгшүүлдэг байх л даа. Зарим хүмүүс “Эвий минь, ядуу юм, хөөрхий” гэж толгойг нь илж, хууль зөрчүүлсээр байгаа нь сүүлдээ тэднийг энэ “салбарт” манлайлагч нь болгож, дархан цаазалж байна.

Ер нь зуны улиралд гар дээрээс худалдаа наймаа эрхлэгчдийн тоо эрс нэмэгддэг юм билээ. Гэвч тэд ариун цэврийн дэглэмийг хэрхэн сахиж байгаа нь эргэлзээтэй байдаг. Зах гарч үзээгүй хүмүүс цөөн байх. Хаа сайгүй л “Бууз, хуушуур аваарай. Банштай цай аваарай” хэмээн хашгирдаг худалдаачид тэнд олон бий. Тэдний зарж, борлуулж байгаа хоол хүнсний чанарын асуудал арай хэтэрхий “төгс” биш. Тэднийг хянадаг ч хүн байхгүй. Учир нь хянах ёстой зарим хүмүүс нь торгуулийн мөнгөний оронд ходоод руугаа хэдэн хуушуур хийчихдэг зуршилтай гэх. Хамгийн айдас төрүүлж буй зүйл нь гэдэсний халдварт өвчин.  Үүнээс хэрхэн сэргийлэх, нийтийн хоолны газрын ариун цэвэр, стандартыг хэрхэн хянах талаар ямар ч ойлголт байхгүй. Сүүлдээ өвлийн хар хүйтэнд “Шорлог аваарай” гэсэн төмөр хүлэгтэй “шорлогчин” гарууд хаа сайгүй үзэгдэх болов. Гэтэл шорлог худалдаж авсан “эр зоригтой” хүмүүсийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх нь чухал юм.

“Дэнгийн эрвээхэй”-нүүд настай хүмүүс байх нь элбэг. Гудамжаар өнгөрөх нэгэн “Хөөрхий тэтгэвэр нь хэд болоод ийм наймаа хийдэг байна аа. Үр хүүхэдгүй юм болов уу” хэмээн өрөвдөж байхыг харлаа. Нэг талаараа гар дээрээс наймаа эрхлэгчид гарцаагүй байдалд ороод л шинэ ажлын салбарт нэгдэхийг хүссэн байх. Үгүй бол залуу байхдаа сургуульд сурч боловсроогүйн улмаас үүнээс өөр хийж чадах ажил түүнд үгүй биз. Гар дээрээс наймаа эрхэлдэг хүмүүсийн тоонд хүүхдүүд ч багтдаг. Бас л эмзэглэмээр сэдвийн нэг. Насанд хүрээгүй хүүхдүүд хөдөлмөр эрхлээд явж байгаа нь хэний буруу юм бэ, ер нь. Гар дээрээс наймаа эрхэлдэг нэг ч хүн байхгүй гээд төсөөлөөд үз дээ. Тэгэхээр арай утгагүй санагдаж байгаа гэдгийг ойлгож байна. Ер нь гар дээрээс наймаа эрхэлдэг хүмүүсийг бүгдийг нь цуглуулаад ямар нэг худалдагчийн дамжаанд үнэ төлбөргүй суулгаад шинэ ажлын байрны төсөл санаачилдаг ч юм билүү.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж