Стратегийн хүнсэнд мах, сүүг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Стратегийн хүнсэнд мах, сүүг нэмнэ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар Хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар ярилцаж хэлэлцэхийг дэмжлээ. Гэхдээ Хүнсний аюулгүй байдлын тухай хуультай зэрэгцүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүд үзсэн юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажлын хэсгийнхний хуульд тусгасан зарим зүйл, асуултад хариулсан байдлыг гишүүд шүүмжилж байлаа. Гишүүн Э.Бат-Үүл хүнсний чанар, хангамж, тэжээллэг чанар зэрэгт анхаарах нь хуульд тусгах нэг л хэсэг. Түүнээс гадна дайн бүхий үе, байгалийн гамшгийн үед хүнсийг яаж хадгалах, хэрхэн нөөцлөх гэх зэргийг хуулийн төсөлд заагаагүй байна гэж байлаа. Гишүүн Н.Ганбямба Монголд хүнсний аюулгүй байдал хүнд болсныг анхааруулж хүнснийхээ 70 хувийг гадаадаас авна гэдэг дэндүү арчаагүй болохыг хэлэв. Мал аж ахуйтай орон атлаа жилд Хятадын Эрээнд 36 тэрбум төгрөг тушааж йогурт, аарц нэртэй хор оруулж ирдэг. Дотоодын хүнсний үйлдвэрлэлээ дэмжихдээ тааруу, гаднаас авчирсан хүнсний гарал үүсэл тодорхойгүй, үйлдвэрлсэн хугацаа тодорхой бус, эсвэл хугацаа хэтэрсэн байдгийг тэрбээр хэлж, хятад, солонгос ханзыг монгол хүн мэдэхгүй тул барааны шошго монгол хэл дээр байх шаардлага тавих ёстой хэмээж байлаа. Хятадууд хорт утааны баг зүүж төмсний зоориндоо ордог, хөгцөрсөн мантууг бодисоор шүршээд хөвсгөр, цагаан болгодог зэрэг аюул хилийн цаахна байгааг ч санууллаа.

ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргалын хэлснээр Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүнд гурил, улаанбуудай, тарианы үр, хүнсний давс, ундны ус ордог бөгөөд Хүнсний хуулийн төсөлд шинээр мах, сүүг нэмж оруулахаар болсон байна. Мөн дотоодод үйлдвэрлэх боломжгүй импортын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн тэжээл, органик хүнсэнд урамшуулал үзүүлэхээр болжээ.

Хуулийн төсөлд “нано хүнс” гэсэн зүйл орсныг гишүүн Г.Баярсайхан “Буруу зүйл оруулсан байна” хэмээн шүүмжиллээ. Тэрбээр “Дэлхий нийтэд химийн гаралтай, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнээс татгалзаж байна. Монгол Улс эрүүл эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой. Нано хүнс гэдэг зүйлийг дэлхийд дөнгөж судалж эхэлж байхад хуульд тусгах нь хэр зохистой вэ. Дэлхийд нано хүнс бараг гараагүй байхад ийм бүрхэг зүйл хуульд оруулж таарахгүй. Зөвшөөрөгдвөл 20-30 жилийн дараа хүнсэнд хэрэглэх зүйлийг одоо хуульдаа оруулах гэсэн нь буруу” гэсэн юм. Дэд сайд Х.Золжаргал “Монголд адууны яснаас нано бүтээгдэхүүн гаргаж Солонгост гаргадаг компани бий” гэсэн боловч Г.Баярсайхан гишүүн “Энэ бол биотехнологи, генийн инженерчлэлийг яриад байна” гэлээ. Гишүүн Д.Тэрбишдагва Хүнсний хуулийг хойшлуулж Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэх санал гаргаад “Монголчуудын 39-41 хувь нь ядуус. Тэд орлогынхоо 50-иас дээш хувийг хүнсэндээ зориулдаг. Гэхдээ аюулгүй хүнс хэрэглэж чадаж байна уу, үгүй юү гэдэгт анхаарах ёстой. Хүнс, хүнсний аюулгүй байдлыг ялгасан хууль хэрэгтэй. Хүнсний хууль бол ерөнхий хүрээ нь зөв гарсан байна” гэсэн санал хэллээ. Тэрбээр мөн дэлхий долоон тэрбум хүн амтай болсны нэг тэрбум нь өлсгөлөнд нэрвэгдсэнийг, 2050-2060 оны үед хүн ам 10 гаруй тэрбумд хүрч хүнсний асуудал нэн тулгамдах учир үүнийг хуульдаа оруулах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэв. Гишүүн Д.Балдан-Очир Монголд хамгийн зохицуулалт муутай салбар нь хүнс гэдгийг сануулж үндсэндээ Орос, Хятадын хүнсний агуулахын үлдэгдлээр амьдарч ирсэн гэж байв. Хүнсний хангамж, хүртээмж, эрүүл байдлыг дэмжихийг олон улсын хэмжээнд Хүнсний аюулгүй байдал гэдэг аж. Эмийн хэрэглээг салгаж тусгай агентлаг болгох саналтай гишүүн ч байлаа.

Орчин үед цэрэг, дайны аюул бараг байхгүй болсон тул хүнсний аюулгүй байдалдаа гол анхаарал хандуулах ёстой гэж гишүүд үзлээ. Гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр дэлхийд хүнсний хомсдол нүүрлэх аюул тулгарч гадаад орнууд түүнд ихээхэн анхаарал хандуулж буйг хэлсэн юм. Хүн ам өсч, дэлхий хотжиж барилга байшин зай талбай ихээр эзлэх болсон үед хүнсээр хэрхэн хангах нь маш чухал асуудал болсон гэдэгтэй гишүүд санал нэг байлаа. Хуулийн төслийг Хүнсний аюулгүй байдлын хуулийн төсөлтэй зэрэгцүүлэн хэлэлцэхийг гишүүд дэмжив.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж