Төв аймгийн “Уяачдын гуравдугаар зөвлөгөөн” боллоо. Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж байгаа энэхүү зөвлөгөөн нь аймаг тус бүрт явагдаж байгаа ба Төв аймаг 6 дахь аймаг болж уяачдын зөвлөгөөнөө хийж байгаа юм. Энэ удаагийн зөвлөгөөнөөр хэлэлцсэн гол асуудал нь Улс аймгийн баяр наадамд цэвэр цусны импортын буюу нэг, хоёрдугаар үеийн эрлийз адууг монгол адуутай хольж уралдуулж байгааг цэгцлэх зэрэг асуудлуудыг зөвлөлдлөө. Анх 1996 оны тавдугаар сарын 18-нд Монголын Морин спорт уяачдын холбоо байгуулагдсанаар Төв аймагт уяачдын салбар холбоо байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж иржээ. Аймгийн салбар холбоо нь Монголын Морин спорт уяачдын холбооны бодлогыг орон нутагтаа хэрэгжүүлж морин уралдааны хөгжлийн бодлогыг боловсруулан хөгжүүлэх, үндэсний энэ спортын төрлөөр мэргэшсэн олон мянган уяачдын болон хурдан морь унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, морин спортыг орон нутагтаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой аймгийнхаа нийт уяачдын эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллага ажээ. Аймгийн Уяачдын холбооны гишүүн байнга хурдан морь уяж сойдог 3000 гаруй хүн байдаг ба сүүлийн үед залуу уяачид олноор нэмэгдэж байгаа юм байна. Аймгаас МУ-ын гавъяат малчин, Тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон, Г.Сундуйжав, Тод манлай уяачаар Ц.Хэнмэдэх, С.Ганхуяг, Д.Мөнхбат, Ц.Батсайхан нар төрөн гарсан бөгөөд манлай уяач 17, Алдарт уяач 31, аймгийн алдарт уяач 190 гаруй төрөн гарсан байна.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр хэлэлцсэн гол асуудал нь сүүлийн жилүүдэд хэн дуртай хүн хурдан морь уралдуулж зохион байгуулалт муутай бэсрэг наадам хийдэг болсноор хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эрх ашиг хохирох явдал мэр сэр гарах болсон. Улс аймгийн баяр наадамд цэвэр цусны импортын буюу 1,2-р үеийн эрлийз адууг монгол адуутай хольж уралдуулж байгааг цэгцлэх зэрэг асуудлуудыг зөвлөлдлөө. Мөн жижиг уралдаанд гарааны төхөөрөмжтэй болох боломж байгаа юу. Хүүхдүүдэд хийгдэж байгаа даатгалын асуудлыг цэгцэлмээр байна, зарим суманд хийсэн даатгал улсын наадамд очихоор хүчнгүй болж дахин даатгалд мөнгө төлж байна. Монголчууд бөхөө Геннисийн номонд бичүүлсэн баярт явдал сая боллоо. Монгол морин уралдаанаа дэлхийд алдаршуулж тус номонд оруулж болохгүй юу, Морь уяач хүүхдүүдэд медаль олгозж баймаар байна. Мөн хүүхдүүдэд очих байг өндөрсгөмөөр байна зэрэг олон саналыг Зөвлөгөөнд оролцогчид хөндөж холбооны удирдлагуудад тавьж байлаа.
Мөн зөвлөгөөний үеэр Монголын морин спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж сүүлийн жилүүдэд баяр наадамд идэвхтэй оролцож уясан хүлэг нь хурдан байсан хэмээн Жаргалант сумын уяач Х.Батсүх, Угтаалцайдам сумын уяач Ч.Батсүх, Лүн сумын уяач Жамъяандорж, Баянжаргалан сумын уяач Нарангэрэл, мөн уяач Я.Алтаншагай, Ц.Алтангэрэл, нарыг ММСУХолбооны Хүндэт өргөмжлөл, бусад шагналаар шагнаж урамшууллаа. Аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн С.Батболд сонгогдлоо.
Г.Хишигсүрэн