Хугацаагүй ажил хаялт хийх шийдвэрийн хүрээнд “Боловсролын салбарын ажилтнуудын ажил хаялт зохион байгуулах түр хороо”-г 23 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажил хаялтыг зохион байгуулах түр хорооныхон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “Төсвийн тухай хуульд хориг тавьж өгөөч” гэх утгатай хүсэлт хүргүүлсэн боловч одоог хүртэл тодорхой хариу ирээгүй хэвээр байгаа аж. Улмаар Ерөнхийлөгчтэй уулзаж, санал бодлоо солилцох хүсэлтээ ч хүргүүлээд амжсан. Харин эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт хандан ажил хаялтын өмнө буюу өнгөрсөн баасан гарагт “Ядуу багш байгаа цагт боловсролын тогтолцоо хэзээ ч өөдлөхгүй. Үүнтэй холбогдуулан тэмцэл хийж байгаа аргагүй байдлыг харгалзан үзэж, ажил хаялтын үед хүүхэд багачуудаа өөрсдийнхөө анхаарал халамжаас хөндийрүүлэхгүй байж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, бидний хууль ёсны тэмцлийг дэмжинэ гэдэгт итгэж байна” гэсэн мэдэгдэх хуудсыг бүгдэд нь тараажээ. Тэдний хэлсэн үгийг сийрүүлэн хүргэе.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ж.Батзориг:
-Иргэдийнхээ үгийг сонсдоггүй төр засагтай гэдгээ бид ойлголоо. Тиймээс бид төр засагтаа мэдрүүлэх үүднээс ийнхүү хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, өглөөний 08:00-19:00 цаг хүртэл бид хичээл орохгүй. Бид шаардлагуудаа холбогдох сайд, дарга нарт нь явуулаагүй биш явуулсан. Харамсалтай нь тэд бидний шаардлагад ямар ч хариу ирүүлсэнгүй. Ажил хаях болсон тухайгаа бид эцэг, эхийн төлөөлөлд тухайн сургуулиар нь дамжуулж бичгээр хүргүүлсэн байгаа. Бид ер нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдтай уулзаагүй. Ажилтай, эсвэл гадаадад яваа гэх мэтээр байгаа үгүй нь мэдэгддэггүй хүн байна лээ. Харилцан ямар нэгэн зөвшилцөлд хүрвэл байдал ийм хэмжээнд хүрэхгүй байсан байх. Яагаад бидэнтэй уулзаад шийдэлд хүрэхээс жийрхээд байгаа юм бэ. Бид түүнийг барьж идэхгүй шүү дээ. Ямартай ч эцсээ хүртэл тэмцэнэ.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн технологийн багш, ажил хаялт зохион байгуулах түр хорооны гишүүн Х.Золбаяр:
-“Боловсролын салбар уналтад ороод байна. Бид яагаад ажил хаясныг мэдэх үү. Яагаад гэвэл, багш нарын цалин хөлс нэмэгдүүлэх тухай гурван талт хэлэлцээрийг тэд зөрчиж, ийм байдалд тэд өөрсдөө хүргэлээ. Багш нарын хугацаагүй ажил хаялтын үед цалин хөлсийг нь хөдөлмөрийн хуулийн дагуу өгөх болно. Ер нь өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байхад бидний цалин бага хэвээр байгаа нь шударга бус хэрэг. Бид яаж амьдрах юм бэ. Ажлаас гадуур сурагчдад хичээл заах юм бол “авлигач” нэр зүүнэ. Ер нь болж өгвөл биднийг дарлах гээд байдаг юм шиг ажиглагдах болсон. Бодоод үз дээ. Нийт 25-аас дээш жил ажилласан багш нар сард гар дээрээ цэвэр 300 мянга хүрэхтэй, үгүйтэй төгрөгийн цалин авч байна. Сайн бод, бүхэл бүтэн 25 жилээс дээш ажилласан нь шүү. Харин шинээр багшилж байгаа залуу багш нар сард 90-110 мянган төгрөгийн цалин авч байна. Энэ одоо юу вэ. Арай дэндэж байна. Өнөөдөр хэн ч сайхан амьдрахын төлөө байдаг. Гэхдээ энэ бүхэн шударга бус хэрэг. Бид өдөр тутмын хоол хүнсээ худалдаж авч чадах үгүйдээ тулж байна. Багш нарын хугацаагүй ажил хаялт хэдий хэр удаан үргэлжилнэ, төдий чинээ үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаа.
Ерөнхий боловсролын 3 дугаар дунд сургуулийн химийн багш “Ажил хаялт зохион байгуулах түр хороо”-ны зохицуулагч Ц.Энхтуяа:
-Ажил хаялттай холбогдуулан багш нар өглөө 08 цагт ирж, орой 18 цагт явж өдөр бүр ирцээ бүртгүүлнэ. Үүнийг хөдөлмөрийн тухай хуулийн ажил хаялтын үеэр мөрдөх журамд заасан байгаа. Ерөнхийдөө багш нарын байр суурь адилхан байна. Манай сургуулийн нийт багшийн 90 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар банкны зээлтэй гэдэг нь судалгаагаар харагдсан. Бодит байдал дээр 100 мянга хүрэхгүй цалингийн хэдийг нь банкны зээл, хэдийг нь хоол хүнс, хэдийг нь унаанд хэрэглэх вэ гээд бодохоор арай дэндүү байна. Бүр дэндүү инээдтэй гэмээр. Төр засаг биднийг илт гадуурхаж байна. Залуу багш нар 85-95 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байгаа нь энэ салбарын нүүр царайг илтгэн харуулдаг. Энэ бол нийгмийн ядуурал, доройтлын нотолгоо. Ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэж байгаа бид яагаад ингэж амьдрах ёстой юм. Яагаад иймхэн цалинтай байж бүхнийг хүлээн зөвшөөрөөд дуугүй өнгөрөх ёстой гэж. Яагаад бага цалинд “дарлуулах” ёстой гэж. Тайван сайхан орчинд хичээлээ чанартай заамаар байна. Энэ бидний хүлээх үүрэг. Харин биднийг сайн ажиллуулахын тулд төр сайн цалин өгөх ёстой.
Сангийн сайд С.Баярцогт:
-Багш нарын цалинг ойр, ойрхон нэмбэл эдийн засагт инфляци өсөх магадлал өндөр байна. Цалингийн өсөлтийг бодит орлого болгохын тулд хугацааг нь хол болгох шаардлага байсан. Тийм учраас ирэх дөрөвдүгээрт болон аравдугаар сард нэмэхээр болсон юм. Одоо төсөвт өөрчлөлт оруулах ямар ч найдлага байхгүй. Тиймээс л ирэх оны аравдугаар сар хүртэл хүлээх ганц зам үлдсэн. Өөр яриад байх зүйлгүй. “Сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно” гэсэн үг бий. Төрийн албан хаагч нарын цалинг ч ирэх оны дөрөвдүгээр, аравдугаар сард нэмэхээр болсон. Тэд ч гэсэн адилхан хүн. Цалин нэмсэнээр тухайн хүний орлого нэмэгдэх ёстой. Түүнээс инфляцийг хөөрөгдөх ёсгүй.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр:
-Боловсролын салбарын үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөлтэй уулзсан. Ер нь цалин бага байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Ямар ч байсан уулзаж, ярилцаж байна. Боловсролын салбар бол маш эмзэг салбар. Тиймээс энэ салбарт элдэв янзын туршилтууд нэвтрүүлэх нь осолтой. Үүнийг би биеээрээ мэдэрсэн хүн. Тиймээс энэ бүхнээс аль болох хол байхыг хичээдэг.
Сангийн сайд С.Баярцогт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Г.Бумцэндийн нэрэмжит 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг алтан медальтай төгссөн үүх түүхтэй. Эдийн засгийн нарийн ширийн зүйл мэдэхээс багш нарын амьдралын талаар тийм ч сайн мэдэхгүй бололтой. Харин Ё.Отгонбаяр сайдын хувьд нийслэлийн 52 дугаар дунд сургуулийг 1982 онд төгссөн. Тус сургуулийн багш нар мөн уг ажил хаялтад нэгдсэн байгаа сурагтай. Захирал, багш нар нь түүнийг “Ишиг эвэрээ ургахлээр эхээ мөргөдөг” хэмээн муулж байж ч мэдэх юм. Арга ч үгүй биз. Ийм “Ишиг” сургуулиасаа төрүүлээд эргээд түүнийг “царайчилж” байх ч гэж. Уг нь Ё.Отгонбаяр сайдын ээж нь Монгол хэл, уран зохиолын багш хүн. Тэр ч утгаараа Ё.Отгонбаяр сайд багш нарын байр суурийг хамгийн сайн ойлгох ёстой хүн баймаар юм. Багш нарын хугацаагүй ажил хаялттай холбогдуулан зарим нэр бүхий хүмүүс “Аан, тэр багш нар хугацаатай ч байна уу, хугацаагүй ч байна уу, хамаагүй. Ажлаа орхино л биз. Шаардлагатай гэвэл сурагчдад өмнө нь зааж байсан шиг зурагтаар заах бололцоо бий” гэсэн удаатай. Хэрэв сурагчдад багш хэрэггүй цаг ирсэн л юм бол шуудхан хэлсэн нь дээр дээ.
"Улс төрийн тойм" сонин