
Төв аймгийн төвийн дэргэдэх Зэвсэгт хүчний 016 дугаар анги нь Сүхбаатарын болон байлдааны гавьяаны Улаан тугийн одонт маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит бөгөөд 1923 оны гуравдугаар сарын 1-нд Засгийн газрын гуравдугаар тогтоолоор “Хуягт тэрэгний суман” нэртэй байгуулагдаж байжээ. 1925 онд Хуягт тээврийн дивизионы анги болж байсан бол хамгийн сүүлд 2002 оноос Мотобуудлагын тусгай хороо болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна. Зэвсэгт хүчний 016-р анги нь Монгол Улсын дархан хил, эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалах ариун үйлсийн 1932, 1936, 1939, 1945 онуудын тулалдаанд оролцож эгнээнээсээ БНМАУ-ын баатар хошууч Түүвэйн Дүүдэй, хошууч Дашийн Данзанваанчиг, хурандаа генерал Бутачийн Цог, Дайчинбаатар, Даржаагийн Хаянхярваа, хурандаа Дүгэрийн Нянтайсүрэн, хурандаа Шагдарын Гонгор, ахлахтүрүүч Магсарын Жанчив зэрэг олон дайчин эрсийг төрүүлжээ.