Шинэ оныг архигүй тэмдэглэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Шинэ оныг архигүй тэмдэглэхийг уриалав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Одоогоос жилийн өмнө буюу 2010 оны арванхоёрдугаар сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бөртэ чоно” арга хэмжээнд оролцохдоо ард түмэндээ хандан “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг дэвшүүлж байсан юм. Уриалгаа ажил хэрэг болгох зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газраас  өнгөрч буй нэг жилийн хугацаанд тодорхой ажлууд зохион байгуулж ажилласан бөгөөд үр дүнгийнх нь талаар болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлынхаа тухай танилцууллаа.

Үндэсний татварын ерөнхий газраас гаргасан архины онцгой албан татварын дүн мэдээгээр 2011 оны эхний арваннэгэн сарын байдлаар архины онцгой албан татвараар улсад 59.7 тэрбум төгрөг төвлөрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад буурсан үзүүлэлт аж. Өнгөрсөн онд дээрх татвараар улсад 61 тэрбум төгрөг төвлөрч байсан. Архины онцгой албан татварын хэмжээ ийн нэг тэрбум төгрөгөөр буурсан нь архины хэрэглээ багассаныг илтгэж буй аж. Гэхдээ бодлого боловсруулах болон батлах шатанд дутагдал гарч буйг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга онцоллоо. Түүний тайлбарласнаар 2012 оны нэгдсэн төсөвт төсвийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд архины онцгой албан татварын хэмжээг 63 тэрбум төгрөгт хүргэхээр тооцоолжээ. Энэ нь нэг ёсны цаад агуулгаараа архины хэрэглээг нэмэгдүүлж байж татвар тэр хэмжээгээр өсөхийг хэлж буй юм. Тиймээс энэ талд бодлого боловсруулагчид анхаарах шаардлагатайг онцоллоо. Мөн 2010 онд дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох үеэр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг давсан шийдвэр гаргаж байжээ. Энэ шийдвэр нь одоог хүртэл цуцлагдаагүй хэрэгждэг. Үүнийг нь бизнесийнхэн овжноор ашиглаж архи, согтууруулах ундааг өглөөний 06.00 цаг хүртэл худалддаг, үйлчилдэг. Уг нь бол шөнийн 00.00 цаг болоход энэ төрлийн бүтээгдэхүүнийг борлуулах ёсгүй. Тиймээс Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид гаргасан шийдвэрээ даруй цуцлах шаардлагатай байгааг тодотголоо.
Мөн нэг зүйлийг онцолход, Монгол Улсын Ерөнхийлөгч “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалга гаргасныгаа ажил хэрэг болгож, айлчлалын хүрээнд зохион байгуулдаг зоог, хүндэтгэлийн арга хэмжээнд архи сөгнөхөө больжээ. Ингэснээр энэ төрөлд зарцуулдаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын зардал 50 хувиар буурсан байна. Цаашид энэ ажлыг улам өргөжүүлэхэд төрийн байгууллагууд санаачлагатай ажиллах хэрэгтэйг дамжууллаа. Ингэж чадвал төсвийн хөрөнгийг мөн хэмнэнэ. Дээр нь төрийн бус байгууллагууд нэгдээд шинэ жил, аливаа арга хэмжээнд архи, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзчихвал нийгмийг бүхэлд нь цочроож байгаа архины хэрэглээ багасч тэр хэрээр нийгэм эрүүлжихэд тодорхой хэмжээгээр дэмжлэг болно гэж үзэж байна. Тиймээс шинэ жилийн уур амьсгал орж, удахгүй өргөн олныг хамарсан баярын арга хэмжээнүүд шил даран зохион байгуулагдах тул тэдгээрийг архигүйгээр тэмдэглэхийг энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар дамжуулан монголчууддаа уриаллаа. 

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ чиглэлийн ажлаа эрчимжүүлэх зорилгоор олон нийтэд хандсан соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах аж. Учир нь “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд арван аймагт ажиллаж, нийслэлийн есөн дүүргийн иргэдтэй санал солилцоход архины хор хөнөөлийг сурталчлан таниулах талд далайцтай ажиллах шаардлага байна гэдгийг олонтаа илэрхийлсэн юм байна.

Дээрх мэдээлэл хийх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулгаас дараах асуултад хариулт авав.

-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр “Архи, тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэгч, борлуулагч, зуучлагч болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийг сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хязгаарлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч дэмжээгүй унагасан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

 
-Энэ асуудлыг хуульд тусгахад хэцүү, Үндсэн хуультай зөрчилдөж байгаа учраас. Хамгийн гол нь намууд УИХ-ын сонгуульд хүнээ нэр дэвшүүлэхдээ энэ асуудлыг нь авч үзэх шаардлагатай болов уу. Улстөрд бизнесийнхэн хэтэрхий олноороо түрээд ороод ирлээ гэдэг. Гэхдээ зөвхөн улстөрд гэхгүйгээр бусад салбарт ч бас ажиглагдаж байгаа. Тийм учраас намууд бодлогын төвшинд энэнд онцгой анхаарах ёстой л гэж бодож байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж