Намынхан нь баярын уур амьсгалаас хөндийрч эхлээч үгүй байхад “Ардчилсан хүчний холбоо МоАХ-тай хамтрахаар болсон” гэх яриа гарч тус намын гишүүдийг сэрээж орхив. Гэхдээ энэхүү мэдээ намын даргаараа “овоглодог” “Алтангадас”-ынхныг л шоконд оруулсан байх. Бусад гишүүд нь ийм зүйл болохыг эртнээс мэдсэн байж магадгүй. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгуулахаар Х.Баттулгын санаачилсан заалт байнгын хороо хавьцаа “эргэлдэх”-ээс хэтрэхгүй байна. Хүч хавсрах хүнтэй болсон учраас Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгыг “Одтой байна” гэж дүгнэж болохоор байсан ч түүний санал өчигдөр дахиад л унав. Түүнээс гадна хувийн тоглолтоо хийсэн нэгэн эрхэм байгаа нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин. Тэрбээр “Долоодугаар сарын 1”-ний үймээний үеэр ажилласан цагдаагийн өдрийн тэмдэглэл, тэр үед хэрэглэсэн сумны хонгио зэргийг харуулж цагдаа нар энэ хэргийг үнэн мөнөөр нь илчлэхийг хүсэж байгааг уламжилсан юм. Ардчилсан намын шинэ байрны барилгын ажил газрын маргаанаас болоод зогссон байсан ч саяхнаас хэвийн үргэлжилж эхэлжээ. Учир нь Дуурь, бүжгийн эрдмийн театрынхан эд хогшлоо зооринд нь гуйж хадгалуулж байсан атлаа газрын маргаан үүсгээд байсан гэх. Харин одоо асуудал нэг тийш болжээ. Ардчилсан намын ҮЗХ-ны хурал ирэх оны эхээр болж магадгүй тухай гишүүд нь ам алджээ. Намын дүрэмд сонгуулийн жил ҮЗХ-ны хурал хуралдуулахыг хориглоогүй учир болохгүй юм алга гэж Н.Алтанхуяг дарга үзсэн бололтой.
Дарга нь эзгүй хойгуур Ардын намын гишүүд үүрэгт ажлуудаа хийсэн шигээ “аж төрж” байна. Намын ёс зүйн дүрмийг коммунист маягаар өөрчилсөн гэж шүүмжлэх гишүүд ар араасаа нэмэгдэж байгааг эс тооцвол тус намын дотоод асуудал сүүлийн үед нэлээд намжив. Харин тэднийг амсхийж байх хооронд туурга тусгаарласан МАХН-ынхан гараа хумхиж ганц өдөр ч суухыг хүссэнгүй. Өдөр бүр гэнэтийн бэлгээр “бөмбөгддөг” зуршлаа сэргээж эхэллээ.
Хэл ам, хэрүүл, тэмцлийн дунд хэдийнэ орчихсон байдаг МАХН-ынхныг өнгөрсөн долоо хоногт Н.Энхбаярын туслах гэгдэх Б.Тулга “од” болгосон. Тэгвэл энэ долоо хоногт тус намынхан МАХН-ын дэргэд Эмэгтэйчүүдийн холбоо байгуулснаа дуулгаж сонгуулийн өрсөлдөгчдөдөө гэнэтийн бэлэг барилаа. Тус холбооныхон их хурлаа өнгөрсөн ням гарагт хийж, дүрмээ батлан удирдлагаа сонгосон аж. Энэ холбоо нь анхныхаа ажил болгож Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид зургаан асуулга тавьсан билээ. Үүнд нь МАН-АН-гийн засаглалаас амласан 2.5 сая төгрөгийг ард түмэнд бэлнээр өгөх, төрийн албан хаагчдыг намын гишүүнчлэлээр ялгаварлахыг зогсоох, архидалттай тэмцэх, Сонгуулийн тухай хуулийг яаралтай батлах, “Долоодугаар сарын 1”-ний үймээнээр хохирогсдын асуудлыг шийдэх зэрэг шаардлагууд багтаж байгаа аж. МАХН-ын дарга Н.Энхбаяр хуулийн байгууллагуудад шалгуулаад завгүй яваа ч түүний хамтран зүтгэгчид зохион байгуулалтын ажлыг сайн хийж байгаа нь үүгээр харагдаж байна. Ардын намаас МАХН, МАХН-аас Хамуг Монгол Хөдөлмөрийн нам салаалан гарсан билээ.
Хэд хэдэн хэвлэлд Н.Энхбаярыг өөрөөсөө ухаан муутай гэх утгатай ярилцлага өгсөн С.Молор-Эрдэнэ Азийн философичдын хуралд оролцоод иржээ. Түүнээс гадна Азийн орнуудын улс төрийн намуудын дотоод зохион байгуулалт, бүтцийн талаар судалсан нь лавтай. “МАХН-аас илүү зүйл хийнэ” гэж гарч ирсэн ч одоо болтол дорвитой алхам хийж чадаагүй байгаа Хамуг Монгол Хөдөлмөрийн намаар үүнээс өөр онцын сонин зүйл алга байна. Гэхдээ тус намынхныг хэлсэндээ хүрч МАХН-аас хэд дахин илүү зүйл хийнэ гэсэн хүлээлттэй хэсэг хүмүүс байгаа гэнэ. Намын дэргэдэх Цэцийн дарга Ц.Шинэбаяр мөн л гадаадад туршлага судалжээ. Тэрбээр хэдэн долоо хоногийн өмнө Польш улс руу яваад ирсэн аж. Гэвч саарал ордноор үзэгдэхгүй байгаа тул зарим хүн Ц.Шинэбаяр гишүүнийг “Гэрээ мартсан Гэсэр” гэж шоглож байгаа сурагтай. Ямартай ч Хамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга нар олон ажил амжуулаад яваад байх шиг байна шүү.
"Улс төрийн тойм" сонин