Монголбанкны Валют, эдийн засгийн газрын захирал Г.Дэлгэрмаагаас доорх асуултад хариулт авсан юм.
-”Мөнгөний ханш унах нь” гэсэн яриа гарснаас хойш иргэд төгрөгийн хадгаламжаа валютаар хөрвүүлж байна гэх юм. Монголбанкны валютын нөөцөд огцом өөрчлөлт ажиглагдав уу?
-Эдийн засаг хөрөөгүй байхад ингэж яриад байх юм. Одоогоор мөнгөний ханш унахтай холбоотой ажиглагдсан зүйл алга байна. Монголбанкны валютын нөөц хоёр тэрбум ам.доллар хэвээрээ байгаа. Үүнээс гадна Хятадын төв банктай гэрээ хийж шилжүүлсэн 750 сая юанийн нөөц ч бий шүү дээ. Монгол Улсын төв банкнаас мөнгөний ханш унах шалтгаан байхгүй бөгөөд валютын нөөцөд ямар нэгэн өөрчлөлт ороогүйг ийнхүү тайлбарласан юм. Харин арилжааны банкуудын төлөөлөгчид юу гэж үзэж байгаа бол.
Арилжааны банкуудын төлөөлөл болгож “Хадгаламж” банкны Хөрөнгө зохицуулалтын хэлтсийн ахлах диллер Г.Батжаргалтай уулзсан юм.
-Сүүлийн үед он гараад мөнгөний ханш унах нь гэсэн хар иргэдийн дунд газар аваад байна. Танай банкны үйл ажиллагаанд энэ ярианаас болоод ямар нэгэн өөрчлөлт гарч байна уу?
-УИХ-аар 2012 оны улсын төсөв хэлэлцэх үед эх орны хишиг, хувийг иргэдэд бэлнээр тараах нь шууд хэрэглээнд нөлөөлж, инфляцийг нэмэгдүүлэх магадлалтай гэсэн Монголбанкны байр суурийг иргэд “Мөнгөний ханш унана” гэх мэтээр ам дамжин ярьж буй болов уу. Төсвийн тухай хуулийг батлахдаа эх орны хишиг, хувийг иргэдэд бэлэн бусаар буюу хувьцаа хэлбэрээр тараах заалт оруулж өгсөн нь шууд эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг хэт ихээр нэмэгдүүлэхгүй байх гэсэн төв банкны байр суурьтай санал нэгдсэн. Мөн эдийн засагт зөвхөн хэрэглээнээс гадна бүтээн байгуулалтын шинж чанартай олон төсөл хэрэгжүүлж, урт хугацааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа. Энэ нь эдийн засгийг бүхэлд нь сэргээж байна. Гадаадын хөрөнгө оруулалт, манай улсын экспортын орлого, гадаад валютаар орж ирэх ирээдүйн урсгал байгаа тул төгрөгийн ханш иргэдийн дунд ярьж байгаа шиг унах суурь нөхцөл байхгүй. Манай банкны үйл ажиллагаа хэвийн байгаа.
-Иргэд төгрөгийн хадгаламжаа татаж байгаа гэх юм. Мөн валютаар солиулж байна гэх мэдээлэл ч гараад байгаа. Бодит байдал дээр ямар байна вэ?
-Манай банкнаас иргэд хадгаламжаа татаж байгаа асуудал байхгүй. Харин ч иргэдийн банкинд итгэх итгэл нэмэгдэж байгаа. Төгрөгийн хадгаламжаа валютаар солих тохиолдол ч гараагүй байна. Ер нь банкны системийн хэмжээнд хадгаламжийн үлдэгдэл тогтвортой өсөж байгаа тоон мэдээллүүд гарсан шүү дээ.
-Гэхдээ төгрөгийн ханш унана гэдэгт итгэчихсэн иргэд багагүй байгаа бололтой. Хүмүүст хандаж юу хэлмээр байна вэ?
-Цуу үг, ам дамжсан ярианд итгэж санхүүгийн ямар нэг шийдвэр гаргах нь эрсдэл ихтэй байдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс Монголбанк, Үндэсний статистикийн хороо болон бусад мэргэжлийн байгууллагын цахим хуудсаар зочилж, эдийн засгийн тоон болон бусад мэдээлэлтэй тогтмол танилцаж, хооронд нь харьцуулж шийдвэр гаргах нь зөв гэж хэлэх байна.
Арилжааны банкуудын төлөөлөл болох “Хадгаламж” банкныхан дээрх хариултыг өгснөөр төгрөгийн ханш унах эрсдэл үгүй байгааг баталж, энэхүү цуу ярианд итгэж байгаа хүмүүсийг шийдвэр гаргахдаа анхаарахыг сануулж байна.
Харин Арилжааны банкуудын холбооны гүйцэтгэх захирал З.Шагдарсүрэн доорх хариултыг өгсөн юм.
-Танай холбоонд харьяалагддаг банкуудаас хадгаламжийн хэмжээнд нь ямар нэгэн өөрчлөлт оруулсан гэх мэдээлэл ирүүлсэн үү?
-Тус тусдаа үйл ажиллагаагаа явуулдаг арилжааны банкууд манайд мэдээллээ нэгтгэж өгдөггүй л дээ. Гэхдээ банкуудад байршиж байгаа хадгаламжийн хэмжээ буураагүй гэдгийг хэлэх байна. Банкууд хадгаламжийн хувь хэмжээ хэвийн байгаа гэж байгаа юм.
-Төгрөгийн ханш унаж магад гэснээс болоод иргэд хадгаламжаа татах, валютад шилжүүлэх тохиолдол гарч байна гэх юм?
-Төгрөгийн ханш унана гэдэг бол цуу яриа. Цуу яриа төдийхөнд итгээд байвал иргэд өөрсдөө л хохирно гэсэн үг шүү дээ.
"Улс төрийн тойм" сонин