Б.Обама: Ам.доллар хямрах болоогүй

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Б.Обама: Ам.доллар хямрах болоогүй

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама улс орондоо болж буй эдийн засгийн хямрал, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль болон Евро бүсийн хямралын талаар CBS агентлагт өгсөн ярилцлагыг хүргэе.

-Сайн байна уу, ноён Ерөнхийлөгч өө, ард түмэн танд хайртай. Тэд таныг маш завгүй ажиллаж байгаа гэж боддог. Сүүлийн үед таны нэр хүнд өсч байна тийм үү?

-Үүнийг дүгнэж хэлдэг хүмүүс тусдаа байдаг шүү дээ.

-Гэхдээ  яг үнэндээ тэд таны хийж буй ажилд “сайн” үнэлгээ өгч чадахгүй байгаа бололтой. Ерөнхийдөө америкчуудын 75 хувь нь эрх баригчдынхаа явуулж буй эдийн засгийн бодлогод сэтгэл хангалуун бус байгаа шүү дээ. Бүхэл бүтэн 75 хувь. Мөн 54 хувь нь таныг “Дахин сон­гогдох ёсгүй” хэмээн үзэж буй судалгаа харуулсан. Тиймээс та дараагийн сонгууль хүртэлх богинохон хугацаанд хүмүүсийн итгэлийг олж авч чадах уу?

-Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэцүү цаг мөчийг хамт­даа туулж өнгөрүүлсэн. Тиймээс америкчууд яг одоо бүх зүйлд сэтгэл хангалуун байгаа гэдэгт би эргэлзэж байна. Тэд сэтгэл хангалуун байх ч албагүй. Бид энэ улсыг сайн сайхан байлгахын тулд илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Америк хүн болгонд төрийн бодлого үр өгөөжөө өгөх ёстой. Үүний тулд л хичээж байна.

-Хүмүүсийн тархийг угаах хэцүү гэдгийг та ойлгож байгаа байх?

-Юу гээч. Бүгд л сайхан амьд­рахыг хичээдэг. Зарим нь жижиг бизнесээ хөгжүүлэхийн тулд удирдагчийн хэлсэн үг бүрийг анхааралтай сонсдог. Тэд суралцдаг. Гэхдээ чухлыг нь, зөвийг нь суралцдаг. Магадгүй аль нэг жижиг мужийн банкир залуу ч өөртөө хэрэгтэй бүхнийг олж авч чадаж байгаа нь түүний амжилтын гараа. Хэн хэнийхээ ажил, амьдралыг сайжруулахын тулд цаана чинь өч төчнөөн олон залуус хөдөлмөрлөж байна. Мэдээж хэрвээ бид дундаж зиндааг бий болгьё гэж бодож байвал шүү дээ.

-Та яг энэ дундаж орлогот­нуудын талаар Бүгд найрамдах намы­хантай санал зөрөлдсөн?

-Асуудлын гол нь бид 1920 оноос хойш АНУ-д орж ирж  байгаа ашгаа зөв хуваарилахгүй байгаад оршиж байна.  Мөн их хямралаас хойш бид шударгаар хамтдаа дахин тэмцэж төдийлөн чадахгүй байгаа. Үнэнийг хэлэхэд, бид урагш алхах гэхээр хойш татаж байгаа тохиолдолд хэзээ ч ахицтай амжилт үзүүлэхгүй.

-Эдийн засгийн хямрал хэзээ эцэслэх вэ. Энэ талаар ямар нэгэн нааштай төлөв ажиглагдаж байна уу?

-Манай улсын эдийн засаг багагүй алдагдалд орсон. Эдийн засгийн хямрал юунаас эхэлсэн, цаашид яах төлөвтэй байна вэ гээд олон зүйлийг нарийн судалсан.  Одоо гарах арга замаа олсон. Амжилттай л явж байна. Эцсийн дүндээ улсын эдийн засгийг бүрэн хяналтад байлгах шинэ арга бидэнд хэрэгтэй болсон. Цоо шинэ арга гэсэн үг л дээ. Тэрийг одоохондоо нууцлах нь зөв байх. Ямар ч байсан үр дүнгээ эхнээсээ өгөөд эхэлсэн. Энэ л хамгийн чухал.

-Ирэх жилээс таны Ерөн­хий­лөгчийн бүрэн эрх дуусах гэж байгаа. Хийж дуусгаагүй ажлаа гүйцээх гэж байгаа юу?

-Ард түмний сонголт үргэлж нэгдүгээрт тавигддаг. Тиймээс эрх чөлөөт орны эзэд нь миний үйл хэргийг үргэлжлүүлэх л болно. Да­хин сонгогдох эсэх хамаагүй. Засгийн газар өөрийн гэсэн бодлогоо дагана.

-Европын орнуудад хямрал үргэлжилсээр байна. Хажуугаар нь еврогийн ханш тогтворгүй болж байна. АНУ-ын хувьд ам.долларын хям­рал болохгүй гэх баталгаа бий юу. Энэ талаар судалсан уу?

-Манай улсын эдийн засагч нар энэ талаар өнгөрсөн наймдугаар сард нарийн ширийн судалгааг явуулсан. Ам.долларын хямрал болохгүй л болов уу.

-Ерөнхийлөгч болсноос хойш ямар зүйл өөрчлөгдөв. Эдийн засгийн хямрал болж эхлэхэд ард түмэн таниас олон зүйл хүсэж байсан нь ойлгомжтой?

-Тийм ээ. Одоогоос гурван жи­лийн өмнөхтэй харьцуулахад олон зүйл өөрчлөгдсөн. Харин энэ хугацаанд олон зүйлийг амжуулаад дараа нь эргээд харахад бахархалтай байна. Гэхдээ надад дахиад нэг жил хүрэхгүй хугацаа байна. Нэг жилийн хугацаанд шийдэх асуудал олон байна. 

-Та ирэх жил сонгогдоно гэдэгт итгэлтэй байна уу?

-Итгэлтэй байна. Гэхдээ хийх ажил маш их байгаа тул энэ тал дээр одоохондоо анхаарал хандуулж амжихгүй л байна. Өмнөх ажлаа хийж дуусгаад дараагийн ажилдаа орно доо.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж