Эмээ, ач хүү хоёр хөөрөлдөнө. Багш нар ажил хаясан болохоор хүү гэртээ өнжиж байгаа. Хүүд уйтгартай, харин эмээд зугаатай.
-Эмээ, танд 100 мянган төгрөг байгаа юү?
-Яаж байхав дээ. Эмээгийн тэтгэвэрийн хэд дуусаж байгаа. Миний хүү яах гээв?
-Гоё тоглолт үзэх гэсэн юм.
-Тэгээд тийм их мөнгөөр яах гэсэн юм?
-Тасалбар нь 100 мянга гэсэн. Ээж, аав хоёр ажилтай юм чинь та тасалбар авчихвал би таныг дагаад үзэж болно.
-Пөөх, тийм үнэтэй тасалбар гэж бас байдаг аа. Хэн гээчийн тоглолт вэ?
-Чинбаагийн. Яагаав төгөлдөр хуур тоглодог.
-Хайрхаан. Бузар үнэтэй эд байна.
-Аргагүй ш дээ. Төрийн ордонд болох тоглолт юм чинь.
-Юу гэнэ ээ? Одоо нөгөө дарга нар суудаг ордонд уу даа?
-Тийм ээ. Урьд нь тэнд Болд тоглосон ш дээ.
-Өө бас тэгсэн үү? Эмээ нь тэнд дандаа л дарга нар хуралдаж суудаг газар гэж бодсон юм.
-Үгүй дээ, эмээ минь одоо өөрчлөгдсөн. Удахгүй нэг шинэ киноны нээлт болно гэсэн.
-Эмээг нь залуу байхад сумын улаан булан гэж нэг газар байсан юм. Бүжиг таанц, олон нийт, концерт юм юм л болдог. Одоо тэгвэл Төрийн ордон чинь тэрнэрхүү л болж байгаа юм аа даа, янз нь.
-Улаанбаатарын улаан булан гэвэл гоё сонсогдох юм байна, нээрээ.
-Цөг, хар багаасаа цуурах нь уу.
-Нээрээ эмээ шинэ жилээр 31-нд тэнд бас нэг гоё тоглолт болно. “Нисванис” хамтлагийн амьд тоглолт. “Сургууль нураасай..” гэж дуу дуулдаг урт үстэй ах байдаг ш дээ. Тэр чинь.
-Тэгээд “Ордон нураасай…” гэж дуулах нь уу, одоо. Хи хи хи. За за уйдсан хөгшин залуу хоёр нийлж байгаад цуурах нь. Чи ер нь үнэн яриад байна уу? Уйдаад муу эмээгээ явуулаад байна уу?
-Үнээн, эмээ. Гэхдээ ганц нэг нь худлаа..
-Тийм байлгүй дээ, муу дамшиг. Хөгшин хүнээр тоглоом хийгээд.
Эмээ, хүү хоёр ийнхүү хөөрөлдөж байх зуурт Төрийн ордонд нэгэн чухал хурал болж байлаа. Дуурь, бүжгийн эрдмийн театраас менежер урьж авчирч ажиллуулах эсвэл туршилга судлуулж тэнд сийрэг толгойтой нэг хүнийг сар ажиллуулах тухай амин чухал асуудлыг авч хэлэлцэв. Сүүлийн үед Төрийн ордонд тоглолтоо хийх хүсэлтэй уран бүтээлчид хэмжээгүй их болсон тул тоглолтын хуваарийг бүтэн жилээр гаргадаг театрын туршлагыг нэврүүлэх шаардлагатай гэж Ордны ёслолын албаныхан үзсэн байна. Одоохондоо бүтэн жилээр нь тоглолтын хуваарийг гарган, түүнийгээ ягштал мөрддөг, түүнд нь Метрополитаны удирдаач хүртэл захирагддаг ганц газар байгаа нь Дуурийн театр билээ. Чухам тэр туршилга Ордонд өнөөдөр нэн чухал болоод байна.
Уг нь Чинбатын тоглолтын тухай яригдаж байхад Их хурлын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж “Ордны хана, тааз тоглолтын үеэр цуурч, улмаар нурж мэднэ” хэмээсэн горимын саналыг дэвшүүлэн, орон даяар телевизээр мэдэгдсэн ч түүний санал дэмжигдсэнгүй, тоглолтын тов хэдийнэ гарчээ. Том барилгын компанитай хүн уг нь ч гадарлаж л байгаа л даа, Шаравдорж гуай. Гэхдээ түүний зөвлөгөөний дагуу тоглолт бүрийн дараа нарийн хэмжилт хийж, хана туурганд ан цав гарч уу, үгүй юу, хуучин цууралт нь томорсон байна уу, үгүй юү гэдгийг шалгаж байхаар болов.
Албан бус мэдээгээр дэлгэцэнд гарахад бэлэн болсон 30 гаруй кино Монголд сул дэлгэц хүлээн оочерлож байгаа сураг байсан. Харин Төрийн Ордон тэдэнд боломж олгон, магнай тэнийлгэлээ. Удахгүй “Доз энтертайнмент”-ийн шинэ киноны нээлт тэнд болно. Араас нь киногоо бариад уралдан гүйх уран бүтээлч олоон байгаа. “Тэнгис”-ээс туршилга судлах бас нэг цаг үеийн амин чухал хэрэгцээ гарч ирэх нь энэ. Хэдэн жилийн өмнө дэлгэцэнд гараад сураг алдсан, эсвэл сураг алдуулсан “Нянгар хаданд гарсан нь”, бас Төрмөнхийн хийсэн “Долдугаар сарын нэгэн” киног энд гаргаж болох болов уу? Дарга нар аа!? Аин Рэндийн “Сайтар эргэцүүл”-ийг тогловол унтдаг болов уу, сэрдэг болов уу, тэд?
Ер нь бол Төрийн ордонд тоглолт хийх нь тун зөв шийдвэр гэдэг дүгнэлтийг Ордныхон өөрсдөө хийгээд жирийн иргэд өгч байна. Хааяа нэг аятайхан үзвэр үзэж төрийн их ажлын ядаргаа, стрессээ тайлах гэхээр замын түгжрэлээс болоод ирж, очих гэж бөөн зовлон болдог. Тийм болохоор Ордонд нь ирээд тоглоод өгчихвөл амар. Ер нь бол ямар нэг гавьяа шагналд дэвшүүлэхээр өргөдөл, хүсэлт, албан бичиг, аль нэг цаасыг дээш нь явуулсан бол энд ирээд тайлангаа тавьчихвал өгөх өгөхгүйг дор нь шийдчихнэ. Хэн гэдэг ямар уран бүтээлч, юу хийсэн юм гэж асууж сурахгүй. Явж очоод театрт нь үзье гэхээр зав, замын бөглөрөл хоёр боломж өгдөггүй юм чинь. Өөрөө үзээгүй, хараагүй, мэдэхгүй юмаа шагнана гэдэг утгагүй ш дээ, угаасаа. Уг нь бол дэлхийн сонгодог урлагийн ноён сүмбэр оргил болсон “Аида” дуурийг талын Монголд авчирсных нь төлөө баахан хүнийг шагнамаар л байгаа юм. Даанч, өөрсдөө үзээгүй юм чинь. “Аида”-г Ордонд тогловол болж л байна. Гэхдээ “Аида” Ордонд ирж жижигрэхгүй л дээ. Ядаж л нүсэр найрал дууны түрлэгт нь нөгөө Шаравдорж гуйан нүдээ бүлтэлзүүлээд айгаад байсан хана тааз нь нураад ирж мэднэ. Зарим дарга хурал дээр “Тэр Дуурийн театрынхныг “Аида” гээчээ ирж тогло гэж хэл” хэмээн томорч үзэв. “Оронд нь би тоглочихъё” хэмээн олоон “од” уралдан шавав.
Ийнхүү сонгуулийн хуулиас дутахгүй нэгэн чухал асуудлаар Ордонд “хурал” үргэлжилсээр. СУИС-ын төгсөх ангийн оюутан дипломынхоо тайланг Ордонд хийж байна гэж зүүдлэн унтсаар. Утга агуулгыг тас мартан, улаан хэлбэр хөөсөн оддын цуваа Төрийн ордон тийш хөвөрсөөр. Хорт утаанд манаран дүнхүүрсэн мэт эрүүл бус уралдааны барианд орох гэж ухаанаа алдан пижигнэлдсээр. Амьсгалах агаар дэндүү давчуу, дэндүү эмгэгтэй мэт санагдах Улаанбаатар. Улаанбаатарын улаан булан тийш хөврөх уйлмаар эмгэнэлтэй зам “тодорсоор”
Б.ЦАЦРАЛ
“АртЛар Хаус”