“Шинэ парламент УИХ-ын 2016 оны сонгуулийг ямар хуулийн дагуу явуулахаа эхний жилдээ багтаан шийдэх хэрэгтэй. Бид хуульд заасан цаг хугацаанд хавчигдаж, энэхүү хуулийн төслийг хэлэлцэж байгаа нь болгоомжлол төрүүлж байна”.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг өчигдөр ийн мэдэгдсэн нь “Хагас жилийн туршид маргалдаж, мэтгэлцэн байж баталсан Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ердөө нэгхэн жилийн настай юм байна. МАНАН нэгдэл өөрсдөдөө зориулсан богино хэмжээний “кино”-г ийн найруулчихаад 2012 онд “МАНАН-ын хоёр дахь үе шат” хэмээгчээ тунхаглах нь” гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлэв. Үнэхээр ч ирэх сонгуулийн ерөнхий менежерийн ажлыг Ардын нам болон Ардчилсан намынхан хамтран гүйцэтгэнэ. Нэг нь нэрээ өөрчилсөн эрх баригч хүчин, нөгөө нь нэр хүндээ алдсан нам учраас тэд хүссэн ч, эс хүссэн ч тохиролцоо хийхээс өөр аргагүй. Өрсөлдөөний талбарын нэг талд Ардын нам болон Ардчилсан намынхан, харин эсрэг талд нь МАХН ба Монгол үндэсний ардчилсан нам, жижиг намууд, иргэний хөдөлгөөнийхний эвсэл байх нь ойлгомжтой. Гэвч сөрөг хүчнийхэн хаана явна вэ.
Ардын нам ба МАХН. МАНАН-ын төөрөгдлөөс гарч, МАХН-ыг дахин байгуулсан Н.Энхбаяр, С.Баяраас намын дарга, Ерөнхий сайдын албыг хүлээн авсан С.Батболд нарын тэргүүлж буй намууд аль, аль нь зүүн төвийн үзэл баримтлалтай. Тиймээс УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр Ардын нам болон МАХН-ынхан цалин, тэтгэвэр, нийгмийн халамжтай холбоотой улс төрийн амлалт өгнө. Харин Монголын үндэсний ардчилсан нам буюу МҮАН хэмээх нэрийг Монгол үндэсний ардчилсан нам болгон өөрчилж, өөрсдийн өмч болгосон М.Энхсайхан тэргүүтэй цоохор эвслийнхэн Ардчилсан нам зүүн төвийнхтэй “эрлийзжүүлсэн” баруун төвийн үзэл баримтлалд суурилсан тактик боловсруулж байна. Товчхондоо, тэд Ардчилсан нам дахь фракциудын ашиг сонирхлын золиос болсон баруун төвийн үзэл баримтлалыг Н.Энхбаярын намынхтай хослуулсан шинэ дүрэм зохиож эхэлжээ. Н.Энхбаяр, бас М.Энхсайхан. Нэгэн цагт эрх баригч, сөрөг хүчнийг тэргүүлж явсан нөхөд өдгөө эвсэл болон нэгдсэн нь сонирхолтой тохиолдол биш гэж үү. Харин Ардын нам болон Ардчилсан намынхны хувьд байдал арай өөр. Шуудхан дүгнэхэд, тэд Оросын улс төрийн монгол хувилбар юм. Ерөнхий сайд В.Путин Төрийн Думын ээлжит сонгууль эхлэхээс олон сарын өмнө өрсөлдөгчдийнхөө хүчийг сулруулах, тэднийг үгүй хийх ажиллагаа зохион байгуулж эхэлсэн. Энэхүү “Цас цэвэрлэх” операцид нь ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга С.Миронов өртсөн билээ. Хэдийгээр С.Миронов албан тушаалаасаа огцорсон ч Төрийн Дум дахь Шударга Орос намынхаа суудлыг алдахгүйн тулд Нэгдсэн Орос намтай хүч хавсрахаас өөр аргагүй байв. Ингэсний үр дүн ч гарч, энэ сарын 4-нд болсон сонгуулийн үр дүнд Төрийн Думд 64 суудалтай болсон юм. Харин Нэгдсэн Орос нам ялсан… Орост өрнөж буй эл үйл явцыг өрнөдийн ажиглагчид “Сөрөг хүчингүйн балаг” хэмээн дүгнэж байгаа юм. Үнэхээр ч Геннадий Зюганов тэргүүтэй Коммунист нам, иргэний хөдөлгөөнийхнийг эс тооцвол Орост сөрөг хүчин үгүй. Харин В.Путин, Д.Медведев, С.Миронов нарын нэгдэл гэж бий. Хамгийн сонирхолтой нь Ардын намын таван гишүүн Төрийн Думын сонгуулийн үйл ажиллагаанд ажиглагчаар оролцож, зарим нь сонгуулийн технологи судалсан. Харин Ардчилсан намынхан Америкаас PR багийнхныг урьж, Ерөнхийлөгч Барак Обамагийн сонгуулийн тактикаас суралцаж байна. Гэвч хамтарсан Засгийн газар хэмээх нэгэн “завь”-аар дөрвөн жилийн туршид хамтдаа зорчсон тэдэнд гэв гэнэт хуурай газарт бууж, салан одно гэдэг тийм ч амаргүй байх. Тиймээс луужин хэнд байна вэ, түүнийг л дагах хэрэгтэй болох биз. Ардын намынхны очих газар тийш Ардчилсан намынхан хамт явна. Н.Энхбаярын хүрэх гэсэн оргил өөд М.Энхсайхан мэт нь хамтдаа мацах гэнэ. Энэ мэт дүр зураг ирэх онд бүр ч олон харагдана. 2012 он. Монголын улс төрд сөрөг хүчин бас л үгүй…
"Улс төрийн тойм" сонин