Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний газар ирэх онд төмрийн хүдэр, коксжих нүүрсний зах зээлийн төлөв таагүйхэн байх талаар өчигдөр мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлж буйгаар, ирэх онд дэлхийн төмрийн хүдрийн экспорт 7 хувиар өсч, 1.172 тэрбум тонн-д хүрэх ч, үнэ нь 9 хувиар буурч 136 ам.доллар/тонн байх тооцоотой байгааг танилцуулжээ. Коксжих нүүрсний хувьд ч мөн адил, дэлхийн зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт 8.4 хувиар нэмэгдэж, 295 сая тонн-д хүрэх ч, үнэ нь 22 хувиар буурч 226 ам.доллар/тонн байх төлөвтэй байгаа талаар мэдээлжээ. Засгийн газрын тус агентлаг үнэ буурах шалтгааныг эрэлт ихэсч буй ч нийлүүлэлт бүр ч илүүгээр нэмэгдэхтэй холбон тайлбарлажээ.
Гэвч төмрийн хүдэр, коксжих нүүрсний дэлхийн эрэлтийн гуравны хоёрыг дангаараа бүрдүүлдэг Хятад улсын үйлдвэрлэлийн эрчим ирэх онд буурвал үнэ буурах нь тодорхой тухай ч тайлбарлажээ. Ирэх оны нэгдүгээр улиралд Хятадын түүхий эдийн эрэлт Цагаан сарын баяртай холбоотойгоор буурах магадлалтайг мөн анхааруулсан байна.
Хятадын хувьд энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 622 сая тонн төмрийн хүдэр импортолжээ. Тус агентлаг ирэх онд Хятад улс бараг 700 сая тонн төмрийн хүдэр импортолно гэж үзэж байгаа аж.
Харин Европын хувьд ирэх онд нийтдээ 149 сая тонн төмрийн хүдэр импортлох харьцангуй өөдрөг төлөв ажиглагдаж буйг тэмдэглэжээ.
Гэвч Европын хувьд ирэх онд эдийн засаг нь сэргэх магадлал бүрхэг байгаа бөгөөд АНУ-ын эдийн засаг ирэх онд тогтвортой өсөх боломжтой гэж тус агентлаг тооцоолжээ.
Б.Төгс