“Высоцкий” 2 долоо хоногт 21 сая доллар хураалаа

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

“Высоцкий” 2 долоо хоногт 21 сая доллар хураалаа


Хойд хөршийн кино ертөнцийн сүүлийн хэд хоногийн хамгийн дуулиант үйл явдал  болоод байгаа “Высоцкий: Амьд байгаад баярлалаа” (Высоцкий: Спасибо, что живой) шинэ уран сайхны кино нээлтийнхээ эхний 2 долоо хоногийн байдлаар 21 сая доллар олоод байна. Энэ нь одоогоор 2011 оны оросын хамгийн өндөр орлоготой кино гэсэн үг бөгөөд гарааныхаа орлогоор оросын шинэ түүхэнд аварга амжилт тогтоохоор байна. Дээрх орлого нь киноны үйлдвэрлэл болон сурталчилгааны нийт зардал болох 17 сая долларыг бүрэн нөхсөн гэсэн үг.

ТВ, хэвлэл мэдээллийн асар хүчтэй, өргөн фронтын пиарын довтолгооноор гараагаа эхэлсэн энэ кино үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээсэн бүтээл байсан юм. Кинотеатрын байнгын үзэгчид болох залуучуудаас гадна кино танхимд огт очдоггүй дунд болон ахмад үеийнхэн шинэ бүтээл рүү хошуурч байгаа нь орлогын хэмжээнд нөлөөлжээ. Тэд өөрийн эрин үеийнх нь амьд шүтээн болж байсан Высоцкийн тухай кинонд ийнхүү анхаарлаа хандуулах нь зүйн хэрэг билээ.

Высоцкийн дэгжин хувцас болон тухайн үедээ содон байсан төмөр хүлэг бүхий энэ кадр яг л баримтат фото мэт


Олон олон дуулианаас гадна гол дүрийн жүжигчний нэрийг одоо болтол нууцалж байгаа, кинонд уран бүтээлчдийн нэрс дотор түүнийг бичээгүй (бүр гол дүрд “Владимир Высоцкий” гэж бичсэн!!!), үүний улмаас үзэгчид таамаг, гайхшралд автаж байгаа бас нэгэн оньсого энэ киног хүрээлж байгаа нь пиар, маркетингийн овсгоотой алхам болсон ч үзэгчдэд энэ алхам нэг их таалагдсангүй бололтой.

Кинонд үзэгч олонд таалагдахгүй өөр зүйлс ч цөөнгүй байна. Эдгээрийн нэг нь… уг кино өөрөө. Уран сайхны шийдлийнхээ талаар жирийн үзэгчид болон судлаач, шүүмжлэгчдийн дунд туйлын олон эсрэг тэсрэг санаа бодол, дүгнэлтийг, төрүүлээд байгаа энэ киног бүхэлдээ “амжилтгүй, хиймэл болсон, Высоцкийг гутаасан” гэсэн үнэлгээ давамгайлж байна. Энэ нь гол төлөв оросын мэргэжлийн киночид, сэхээтнүүд, дуучны ойр дотнын анд нөхдүүдээс гарч байгаа үг болохоор анхаарахаас өөр аргагүй юм.

Хэдийгээр Высоцкийн дүрд тоглосон жүжигчнийг Сергей Безруков гэсэн таамагтай ихэнхи үзэгчид эвлэрээд байгаа ч “Владимир Вдовиченков ч байж магадгүй, эсвэл тэр хоёр хоёулаа тоглосон” гэсэн яриа үргэлжилсээр байна. Тэр бүү хэл, энэ нь бяцхан мөрдөн байцаалтын хөдөлгөөнийг төрүүлж, блогчид гэхэд л киноны постер дээрх жүжигчний чих зэрэг эрхтэнийг нарийвчлан судалж эхэллээ.


С.Безруковыг монголын үзэгчид “Участок”, “Адмирал” зэрэг киногоор нь сайн мэднэ.

Гол дүрийн жүжигчнээс гадна тэрхүү жүжигчний “зүүсэн” баг асар их маргааныг үүсгээд байна. Алдарт дуучинтай адилхан харагдуулахын тулд асар өндөр өртгөөр, холливудын тусгай технологид тулгуурлан хийсэн гэх энэ баг дэлгэцэн дээрх Высоцкийг ямар ч амьгүй, хиймэл, бүр зомби шиг харагдуулж байна гэх шүүмжлэл өрнөсөөр.

“Высоцкий. Амьд байгаад баярлалаа” киноны талаар оросын орчуулагч “Гоблин” хэмээх Дмитрий Пучков, “Высоцкий. Амьд үлдээгүйд баярлалаа” гэсэн утгатай зүйл хэлжээ. Энэ нь хэрэв Высоцкий энэ киног үзсэн бол шарилнаасаа уурсан босч ирэх байсан гэсэн санааг хураангуйлж байгаа үг юм.

Киноны зохиолыг алдарт бардын төрсөн хүү Никита Высоцкий бичсэн нь бас нэг дуулиан. Хэдийгээр түүнийг эцгийнхээ тухай хамгийн сайн мэдэх хүн гэж тооцсон ч түүнийг “Аавыгаа үзэн яддаг бололтой. Нэр алдар, амжилтынх төлөө… Тэгээд л ийм муу зохиол бичжээ” гэх үзэл ч байна. Энэ бол мөн л Пучковын “үнэлгээ”.


Кинонд нааштай хандсан санал, дүгнэлт цөөнгүй байгааг онцлох хэрэгтэй. Гэхдээ энэ нь гол төлөв Алла Пугачева зэрэг мосвагийн бомондын төлөөлөгчид байгаа нь зүгээр л пиарын нэг хэсэг гэсэн хардлагыг төрүүлж байна.

Нэлээдгүй зардлаар бүтсэн энэ кино “уул хулганыг бүтээв”, “ес зүй, уран санаа” байхгүй гэсэн шүүмжлэлийг төрүүлж байгаа нь монголын кино ертөнцийн сүүлийн үеийн төлөв байдлыг санагдуулах гээд байна. Гэхдээ… энэ талаар дараа, арай тухтай ярилцая…

Оросын хэвлэлийг тоймлосон
Б.Бадрал
, "АртЛар Хаус"

Кинонд Высоцкийг нас барахаас яг нэг жилийн өмнө буюу 1979 онд Узбекистанд болсон үйл явдлын тухай өгүүлдэг. Энэ үеэр дуучин “клиник үхэл”-д өртсөн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж