Дархан брэнд бүтээгдэхүүн шалгаруулав

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Дархан брэнд бүтээгдэхүүн шалгаруулав

Дархан-Уул аймгийн Стандарчилал хэмжил зүйн хэлтсийн “Миний бүтээлч ажил-Манай байгууллагын амжилтын үндэс” сарын аяны хүрээнд зохион байгуулагдсан Дарханы брэнд шилдэг бүтээгдэхүүн шалга­руулах “Дарханд үйлдвэрлэв-2011” үзэсгэлэн худалдааны хаалт өнгөрсөн долоо хоногт болов.

Орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлж хэрэглэгчдийг чанартай, аюулгүйн баталгаат бүтээгдэхүүн үйлчилгээгээр ханган, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой уг шалгаруулалтад 16 аж ахуйн нэгжийн 60 гаруй бүтээгдэхүүн өрсөлдөв. Аймгийн баталгаажуулалтын зөвлөл жилийн хугацаанд чанар аюулгүй байдлын үзүүлэлтийг тогтмол хангаж үйлдвэрлэл нь тогтворжин хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүнийг шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн аймгийн эдийн засагт хувь нэмрээ оруулсан хамт олныг тодорхой шалгуурын дагуу шалгарууллаа.

2011 оны Дархан-Уул аймгийн брэнд бүтээгдэхүүнээр “Мах-Сервис” ХХК-ийн “Дархан хиам”, Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хамт олноор “Дархан дээжис” ХХК, Монгол Улсад анх удаа ургамлын тос үйлдвэрлэж байгаа “Монгол Алтан тос” ХХК-ийн хамт олон “Шинэ технологи нэвтрүүлсэн хамт олон”-ы шагнал хүртлээ. Энэ оноос “Дарханы брэнд, шилдэг бүтээгдэхүүн”-д Дархан-Уул аймгийн ИТХТ-ийн хуралдаанаар батлагдсан тусгай логог хэрэглүүлэхээр болжээ

Уг үзэсгэлэн худалдаанд оролцсон 30 аж ахуйн нэгжийн 416 нэр төрөл бүтээгдэхүүн оролцож гурван өдрийн туршид явагдсан хэрэглэгчдийн санал асуулгын дүнгээр “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”-ийг шалгарууллаа. Шилдэг гурилан бүтээгдэхүүнээр “Дархан-хүнс” ХК-ийн итали тэргүүн, талхан бүтээгдэхүүнээр “Поликом” ХХК-ийн илчлэг талх, мах махан бүтээгдэхүүнээр “Мах сервис” ХХК-ийн адууны утсан мах, сүү, сүүн бүтээгдэхүүнээр “Дархан-Хүнс” ХК-ийн “Амтат аарц”, шилдэг буудай гурилаар Өвөр-Усны эх компанийн гурил, аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр “Дархан минж” компанийн 4116 загварын дээл, оны онцлох бүтээгдэхүүнээр “Дархан-гэрэл” компанийн “Алтан салями”, шилдэг технологи нэвтрүүлсэн хамт олноор “Монгол Алтан Тос” компани, хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр “Алтан-Зөгий” ЗНН-ын зөгийн бал, брэнд бүтээгдэхүүнээр “Мах сервис” ХХК-ийн “Дархан хиам”, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр “Дархан дээжис” компани, хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнээр “Дархан Нэхий” ХК-ийн нэхий дээл тус тус шалгарав.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж