Дипломат албаны 100 жилийн түүхийг ярилцана

Хуучирсан мэдээ: 2011.12.14-нд нийтлэгдсэн

Дипломат албаны 100 жилийн түүхийг ярилцана

Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ сарын 29-нд тохионо. Зөвхөн гадаад харилцаа ч бус анхны таван яам үүсч , Богд хаант Монгол Улсыг байгуулсны 100 жил энэ өдөр тохиох юм. Энэ ойг тохиолдуулж Гадаад харилцааны яамнаас маргааш  Монгол Улсын орчин үеийн дипломат алба – 100 жил сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг  зохион байгуулахаар болжээ.

Бага хуралд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан О.Батсайхан  “1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгал ба VIII Богд Жавзандамба хутагт”, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, ахмад дипломатч Т.Төмөрхүлэг “Богд Хаант Монгол Улсын талаар их гүрнүүдийн баримталж байсан бодлого, байр суурь”, судлаач Баабар “1928-1945 оны Монгол Улсын гадаад бодлого”, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Д.Мөнх-Очир “1945-1966 оны Монгол Улсын гадаад бодлого”, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд  Ж.Чойнхор “1966-1990 оны Монгол Улсын гадаад бодлого”, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд  Ц.Гомбосүрэн “Өөрчлөлт шинэчлэлтийн эхэн үеийн гадаад бодлогын онцлог”, Стратегийн  судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын суурь зарчим”,   Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Б.Батхишиг “Гадаад бодлогын үзэл баримтлалын зарим асуудал”, Геополитикийн хүрээлэнгийн захирал  Д.Мягмар “Геополитикийн аюулгүй байдал ба шинэ нөхцөл байдал”, МУИС-ийн Олон улсын судлалын тэнхимийн эрхлэгч Ж.Баясах “Монгол, Хятадын харилцаа 60 жилд” сэдвээр тус тус илтгэл тавих ажээ.

Бага хуралд УИХ-ын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөхүүд,  ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, Стратегийн судалгааны хүрээлэн, Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Геополитикийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэд, судлаачид, ГХЯ-ны дипломат ажилтнууд оролцох юм байна.  Энэ үеэр ГХЯ-наас оюутнуудын дунд зохион байгуулсан “Монгол Улсын гадаад бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд тэргүүн байр эзэлсэн оюутнуудад шагнал гардуулах ёслол болох аж.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж