Эцсийн хэлэлцүүлгээр гишүүд саналын томъёоллуудаар санал хураалт явуулсан юм. Хураасан саналуудаас танилцуулбал нам, эвсэл 48-аас илүүгүй нэр дэвшигчийг 26 тойргоос, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг нам, эвслээс нэрийн жагсаалтаар нэр дэвшүүлэхээр боллоо. Нам, эвсэл бүр 76 нэр дэвшигчийг нэг жагсаалтаар дэвшүүлэх юм байна. Тойрог бүрт мандатын тооноос илүүгүй нэр дэвшүүлэх эрхийг нам, эвслүүд эдлэх юм. Ингэхдээ тойрогт өрсөлдөж 28 хувиас дээш санал авсан нэр дэвшигч, бие даагчид УИХ-д сонгогдох бололцоотой болох аж. Намын нэрийн жагсаалтаар нэр дэвшсэн 28 хүнээс намуудын авсан саналын хувьд тэнцүүлэн парламентад суух юм. УИХ-ын 48 гишүүний сонгогдох нутаг дэвсгэр нь 26 тойрог байна гэж хуулийн төсөлд орууллаа. Тойргийг санал хураалтаас зургаагаас доошгүй сарын өмнө байгуулна. Тойрог байгуулахад сонгогчийн тоо дунджийн хэмжээнд хүрэхгүй бол зэргэлдээ аймаг, сумын иргэдээс оржуулж тойрог байгуулахаар төсөлд тусгалаа. Сонгогчдын нэрсийн жагсаалтад анхаарахыг гишүүд хэлж байсан ч дурын нам Монголын нийт хүн амын дэлгэрэнгүй бүртгэлийг халааслаад явж байж таарахгүй гэдгийг бас сануулах хүн байв. Гишүүн З.Энхболд өөр байр суурьтай байсан юм. Тэрбээр “Улсын бүртгэлийн газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргана. Иргэнийхээ бүх мэдээллийг ил гаргадаг улс орон олон байдаг. Хувь хүний тухай мэдээлэл нууц байна гэдэг ойлголт хуучирсан” хэмээн үүнийгээ тайлбарлалаа. Гишүүн Ч.Сайханбилэг ч улсын нууц гэдэг ойлголтыг дахин авч үзэх ёстой хэмээж байсан юм.
Мөн Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь л УИХ-ын гишүүн байж болохоор хуульчилж байгаа тул УИХ-ын олон гишүүн сайд болбол дахин сонгууль хийх хэрэг гарна шүү гэдгийг гишүүд бас анхааруулж байв.
Сонгуульд нэр дэвших сонирхол бүхий төрийн албан хаагчдыг хэдэн сарын өмнө албан тушаалаас нь чөлөөлөх вэ гэсэн маргаантай асуудлын хайныг хэлэлцүүлгийн үед хагалан нэг тийш болголоо. Гурван сарын өмнө чөлөөлье гэсэн саналтай гишүүд цөөнгүй байсан ч санал хураалтаар зургаан сарын өмнө гэсэн саналтай нь давамгайлан төсөлд үлдээлээ. Ингэснээр УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй төрийн албан хаагчид 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс ажил албаа хүлээлгэн өгөхөөр болж байгаа юм.
Хуулийн төсөлд оруулах эсэх нь эргэлзээтэй байсан эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг тусгаж, гишүүд дэмжсэн нь нэг чухал алхам боллоо. Анх 15 хувь гэж ярьж байсан квотыг 20-иос доошгүй хувь болгон нэмэгдүүлж хуулийн төсөлд оруулахыг эрхэм гишүүд дэмжлээ. Дандаа эрэгтэй гишүүд үүнийг дэмжиж баталсан нь ихээхэн том дэвшил байлаа.
Хэрэв нэр дэвшигч нас барсан, эсвэл ял шийтгүүлж байсан нь илэрвэл санал хураалтаас 20 хоногийн өмнө нам, эвслүүд нөхөн нэр дэвшүүлж болно гэдгийг гишүүд дэмжлээ. Энэ үеэр гишүүн Ц.Даваасүрэн бусад шалтгаанаар, тухайлбал, гэнэтийн өвчний улмаас нэр дэвшигч санал хураалтад орж чадахгүй бол хэрхэхийг асуусан юм. Харин З.Энхболд гишүүн зөвхөн нас барсан, ял шийтгүүлж байсан гэсэн шалтгаанаар нөхөн нэр дэвшүүлэхийг зөвшөөрсөн нь цаанаа нэрээ татаж бизнес хийдэг үйлдлээс сэргийлж байгаа болохыг тайлбарлав. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсан хойноо нэр дэвшигч сайн дураараа нэрээ татахыг хуулиар хориглохоор боллоо.
Хэвлэл, мэдээллийн байгууллага захиалгат нийтлэл, нэвтрүүлэг дамжуулахдаа захиалагчийн нэрийг тод гаргахаар болов. Худал мэдээ, мэдээлэл цацсан нь илэрвэл нам, эвслийг хөдөлмөрийн сарын хөлсний доод хэмжээг 50-70 нугалж, нэр дэвшигчийг мөн 50-70 нугалж, хэвлэл, мэдээллийн байгууллагыг 35-50 дахин нугалж торгууль хүлээлгэхээр боллоо.
Бие даагчид сонгуулийн зардлаа өөрөө хариуцах бөгөөд нам, эвсэл зардлын дээд хэмжээг хэтрүүлбэл хөдөлмөрийн сарын хөлсний доод хэмжээг 15-20 нугалж, нэр дэвшигч хэтрүүлбэл 10-15 дахин нэмэгдүүлж торгохоор оруулав. Зардлын дээд хэмжээг тойргийн хэмжээ зэргийг харгалзан тогтоох юм байна. З.Энхболд бичиг үсэг мэдэхгүй сонгогч байж болох тул саналын хуудсан дээр намын лого зурвал ямар вэ гэсэн санал гаргасан ч дэмжлэг авсангүй.
Намуудын босгыг таван хувиар тогтоолоо. Ингэснээр таван хувийн босго давсан намууд парламентад суудал авахаар боллоо. Пропорциональ элементээр суудал хуваахдаа 28 суудлыг мажоритар 48 тойрогт авсан саналын хувийг их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваахаар болжээ. Дахин сонгуулийг зөвхөн мажоритар тал дээр буюу тойргоор явуулах юм байна. Тухайн тойргийн сонгогчдын 50-иас дээш хувь сонгуульд оролцоогүй, эсвэл тойрогт өрсөлдсөн нам, эвсэл таван хувийн босго даваагүй бол сонгуулийг дахиулахаар боллоо.
Эдгээр саналаар санал хураасны дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Баттулга нарын гаргасан санлаар санал хураасан юм. Гишүүн Ц.Даваасүрэн үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн, эм тараасан, урлагийн тоглолт хийсэн, мөнгө тараасан, дайллага цайллага хийсэн зэрэг хуулиар хориглосон үйлдлүүд ноцтой бол эрүүгийн хэрэг гэж хуулийн байгууллагад тухайн нэр дэвшигчийг шилжүүлэх санал гаргасан юм. Гишүүн Э.Бат-Үүл хэрэв ингэвэл зүгээр цайллага хийгээд сууж байхад, ер нь дуртай зүйлдээ эрүүгийн хэрэг үүсгэж болох боломж нээгдэж хүний эрхийг ноцтой зөрчих гэж байна хэмээн эсэргүүцлээ. Ц.Даваасүрэн гишүүн мөн олон ухуулагч ажиллуулдгийг хаах хэрэгтэй гэсэн юм.
Гишүүн Х.Баттулга мансууруулах төрлийн бодис хэрэглэж хуулийн хариуцлага хүлээж байсан, мөн архи, тамхины үйлдвэр үүсгэн байгуулсан, эрхэлж байсан, тийм төрлийн бизнестэй холбоотой хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэсэн санал дэвшүүлсэн нь том мэтгэлцээн үүсгэлээ. Үүнийг гишүүн Э.Бат-Үүл хүнийг эрхэлдэг бизнес, хөрөнгө чинээгээр нь ялгаварлана гэдэг бол дарангуйлал төрөх гэж буйн урьдач нөхцөл гээд нэг төрлийн бизнестэй хүн нөгөөгийнхөө бизнесийг хаах гэж ашиг сонирхлын зөрчлийн үүднээс ийм санал дэвшүүлж хүний сонгогдох эрхэд халдаж болохгүй гэж байлаа. Тэрбээр цааш нь “Япон, Солонгос архи ууж л байдаг. Манайхан л шатах тослох материал уугаад байгаа болохоос” гээд жил тутам архины хатуулгийг хоёр градусаар багасгах хуулийн төсөл санаачлах гэж буйгаа ч хэлэв.
Х.Баттулга гишүүн тойрогтоо ажиллахаар явсан аж. Харин гишүүн З.Энхболд, Г.Баярсайхан нар Х.Баттулга гишүүнтэй хамтран санал гаргагч хэмээгээд Э.Бат-Үүл гишүүний саналын эсрэг байгаагаа хэлсэн юм. З.Энхболд гишүүн архи Монголд архи, тамхины хэрэглээ гамшгийн хэмжээнд хүрсэн гээд бүх дэлгүүрийн 80 хувьд согтууруулах ундаа зардаг улс орон дэлхийд өөр хаана ч байхгүй гэлээ. Гишүүн Г.Баярсайхан архи, тамхины бизнес эрхлэгчдийг гадуурхсан хэрэг биш, гагцхүү эдгэрийн хэрэглээ монголчуудын генфондод аюул учруулахаар хэмжээнд хүрч үндэстний хувь заяанд нөлөөлөхүйц болоод байгааг анхааруулж байв. Санал хураахад хуралдаанд оролцсон 15 гишүүний хоёроос бусад нь Х.Баттулга гишүүний саналыг дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл, архи, тамхины бизнестэй, мансууруулах бодистой холбоотой хэрэгт оролцсон хүмүүс УИХ-д нэр дэвших боломж хэвээр үлдлээ.
Сонгууль явуулах өдрийг зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр гэж товлохоор болов. Хэдний өдөр гэдгийг дараа товлохоор үлдээлээ. Хуулийг батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр болов. Ингээд Сонгуулийн хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахыг дэмжсэнээр гурван цаг гаруй зөвхөн энэ асуудлыг хэлэлцсэн хуралдаан өндөрлөв.