Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Стэнфордын их сургуулийн харъяа Heenan Blaikie хуулийн фермийн хуулийн зөвлөх Жонатан Гринбергийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Дэлхийд нэр хүндтэй тус сургуульд манай улсаас боловсрол, сэтгэл зүй, улс төр, харилцааны чиглэлээр 8 хүн суралцаж төгсчээ. Нийгэм, улс төрийн чиглэлээр дэлхийн боловсрол эзэмшсэн тэдгээр хүмүүс эдүгээ төрийн бус байгууллагыг тэргүүлэхээс авахуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр хүртэл ажиллаж байна. Одоо хуулийн чиглэлээр 3 хүн мастерт суралцаж байна.Манай орны залуучуудад АНУ болон барууны өндөр хөгжилтэй орнуудад суралцах боломж бүрэн нээлттэй энэ үед Улаанбаатар хот ч бас тухайн сургуулийн шалгалтад тэнцсэн өөрийн инженер техникийн ажилтнуудаа дэмжих бодлого бий агаад эдийн засгийн талаас нь дэмжлэг үзүүлж сургах боломж байгаа гэдгийг хотын дарга хэлээд Стэнфордын их сургуулийн талаар хотод ажиллаж буй залууст дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүслээ.Хүүхэд залуусыг олноор сургах төдийгүй утаанаас өгсүүлээд Улаанбаатар хотын тулгамдсан олон асуудлыг шийдэх талаар хамтарч ажиллах өргөн боломж байгааг Стэнфордын хуулийн зөвлөх уулзалтын үеэр онцоллоо.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn