Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр хуралдаж найман асуудал хэлэлцжээ. Хурлын эхэнд энэ сарын 23 нд НИТХ-аар оруулах Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн 2011 оны зорилтын хэрэгжилтийн тухай, 2012 оны төслийн тухай НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Ш.Наран, Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Нандинжаргал нар танилцуулсан байна. 2011 оны таван бүлэг бүхий 202 зорилтын биелэлт өнөөдрийн байдлаар 96,8 хувьтай яваа юм байна. Зарим ажлууд он дамжин хийгдэх тул хөтөлбөр бүрэн биелэх боломж бий. Түүнчлэн хотоос дан ганц шалтгаалахгүйгээр нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулж байж хэрэгжих боломжтой ажлууд ч байна. 2012 оныг нийслэлээс “Дүүргүүдийг дэмжих жил” болгон зарлаж байгаа юм. Дүүргийн цаана хороо, хэсэг бий. Шуудхан хэлэхэд ирэх жил иргэдийн төлөө ажиллах жил байна гэдгийг Хотын дарга Г. Мөнхбаяр анхааруулж байв. Энэ асуудлын дараа Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай Нийслэлийн өмчийн харилцааны газрын дэд дарга н.Дуламсүрэн танилцууллаа. Концессоор хэрэгжүүлэхээр баталсан ажлуудаас Ионсей найрамдлын эмнэлэг, Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв, Нийслэлийн Цагдаагийн барилга мөн гурван чиглэлийн замыг хасуулахаар оруулж ирэв. Дээрхи ажлуудад улсын төсвийн хөрөнгө оруулалт орох учраас давхардуулахгүйн тулд хасах санал оруулж байна. 2011 оны өмч хувьчлалын дүн, 2012 онд нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн талаар Засаг даргын зөвлөлийн гишүүд сонслоо. Ирэх жил өмч хувьчлалын бодлогоо нийслэл дотооддоо шингээх юм байна. Өөрөөр хэлбэл, дүүргүүд дээр ажлын өрөөндөө албан хаагчид шахалдаж суух дүр зураг энүүхэнд. Тиймээс эзэнгүй болсон байр савыг хувьчлах гэхээсээ өөрсдийнхөө хэрэгцээндээ зориулах бодлого барих юм байна. Харин нэгэнт хувьчлагдахаар зарласан обьектийн дуудлага худалдааг нээлттэй, ил тод явуулах учиртай. Тэгж байж төсвийн нэг удаагийн орлого нэмэгдэнэ гэдгийг Г.Мөнхбаяр дарга онцоллоо. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2012 оны төлөвлөгөөний төслийн тухай Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуй, Хөдөлмөр эрхлэлт хүний хөгжлийг дэмжих жилийн нийслэлийн нэгдсэн төлөвлөгөөний биелэлтийн тухай Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга н. Батсайхан, Архивын баримтанд хийгдсэн тооллогын ажлын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа нар тус тус мэдээлэл хийв. Газрын албаны зүгээс зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ газар төлөвлөлтийг зарчмын шинэ түвшинд гаргахаа илэрхийлсэн бол Хөдөлмөрийн газар 2011 оны 12 сарын 12 ны байдлаар 33875 иргэнийг түр болон байнгын ажилд хамруулснаа мэдээллээ. Нийслэлийн дүүргүүдээс Сонгинохайрханд 5059, Хан-Уулд 5820, Чингэлтэй дүүрэгт 5147 иргэн ажилтай болсон тухай дүүргийн удирдлагууд хэлэв. Нийслэлд одоо 29 мянган ажлын байр бэлэн байна. Ажилгүйдэл их, ажил олдохгүй нь гэж иргэд хэлдэг ч яг бодит байдал дээр ажил хийх чадвартай хүмүүс дутмаг буйг онцолж байна. Нэг жишээ дурьдахад таксины үйл ажиллагаа эрхэлдэг компанид жолооч олдохгүйн улмаас 600 гаруй машин “гарааш”-д хэвтэж буй тухай яриа энд хөндөгдлөө. Нийслэлд нэн хэрэгцээтэй байгаа хогийн төвлөрсөн цэгийн байршил тогтоох асуудлыг ЗАА-ны дарга Ч.Бат, Барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээний тайланг Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар танилцуулснаар өнөөдрийн хурал өндөрлөв. Дээрх асуудлын дийлэнх нь НИТХ-аар хэлэлцэгдэх юм.