УИХ-аар Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Энэ нь бидний нэрлэж заншсанаар Сонирхлын зөрчлийн тухай хууль юм. Энэхүү хуулийн төсөлд тусгаснаар УИХ-ын гишүүд сонирхлын зөрчилтэй бол тухайн асуудлаар шийдвэр гаргахгүй татгалзах учиртай юм. Татгалзлаа гээд ажлаа хийх хэрэггүй гэсэн үг биш. Зөвхөн өөрийнх нь эзэмшлийн, хувь эзэмшдэг компанийн үйл ажиллагааны чиглэлтэй нь холбоотой хуулийн төсөлд санал, үг хэлэхгүй байхад л сонирхлын зөрчил арилна гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа юм. Гэтэл энэ нь УИХ-ын гишүүдийн дургүйцлийг бага зэрэг хүргэж буй. Тэгэхээр хэн нэгнийг уурлуулж, бухимдуулахгүйгээр асуудлыг шийдэх нэг арга байна. Ингэхийн тулд эхлээд сонирхлын зөрчилтэй гишүүд гэгдээд байгаа “Монгол тамхи со” компанийн захирал Ц.Дашдорж, “Бридж” группийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, “Хурд” компанийн эзэн, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, “Кёкүшю” группийн эзэмшигч Д.Кёкүшюзан Батбаяр болон барилга, зам, архины компанитай гишүүдийг ад үзэж болохгүй юм. Харин ч эсрэгээрээ дэмжих хэрэгтэй. Тэд дэмжүүлэхийн тулд сонирхлын зөрчилтэй гэх салбарынхаа хуулийг сайжруулах нь чухал. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж Тамхины хяналтын тухай хуулийн төслийг санаачилж, чанаржуулах нь илүү дээр шүү дээ. Учир нь тэд аливаа бизнесийг эрхлэхэд хүндрэлтэй зүйл юу байна вэ гэдгийг сайн мэддэг хүний хувьд бизнес болон эрх зүйн орчныг нь улам сайжруулна уу гэхээс дордуулахгүй нь лавтай. Харин Д.Кёкүшюзан Батбаярын хувьд спорт, урлаг, уул уурхай, барилга гээд олон салбарыг дээрдүүлэхийн тулд хуулийн төсөл санаачилж болох юм. Ингэвэл маргалдаад байгаа асуудлыг шийдвэрлэлээ л гэсэн үг. Тиймээс тэдний дууг хорихын оронд хүчтэй дуугарах нөхцөлөөр хангах нь хамгийн зөв алхам гэдгийг бодож үзэх хэрэгтэй шүү, хуулийн төсөл санаачлагчид аа.
Ц.Энхцэцэг
"Улс төрийн тойм" сонин