Аливаад сэтгэлээсээ хандсан хүн хохирч харин үнэнч сэтгэл, итгэл найдварыг тохуурхаж чадсан нь хожиж байгаа. Тиймээс орчин үед сэтгэл зүрхэндээ байнга “бэлгэвч” углаж явбал элдвийн эрсдэлээс хамгаалах найдвартай аргад тооцогдох болов. Хэн нэгэнд сэтгэлээсээ хандахгүй, хэнд ч итгэхгүй, андын нөхөрлөл гэдгийг зөвхөн “Нууц товчоо”-нд байдаг мэтээр сэтгэж явбал ядаж зүрх өвдөх нь бага юм даа. Ийм л бодолтой болсон би Японд зорчиж гайхшаа барлаа. Энд дутагдаж байгаа чин сэтгэл гэдэг юм тэнд хөлөөр нэг хөглөрч байхын чинээ санасангүй.
Наритагийн нисэх онгоцны буудлаас шууд Нагояа хотыг зорилоо. Учир нь хамт яваа бүсгүй маань Японд ирэх бүртээ япон аав, ээжийндээ очдог заншилтай аж. “Япон аав, ээж” гэхээр сонин санагдаж байгаа биз. Японд анагаах ухааны чиглэлээр таван жил сурахдаа тэндэхийн жирийн хоёр хөгшнийд байнга очсоор улмаар дасаж хуурай ээж, аав бололцжээ. Хэрвээ тэднийхээс аяллаа эхлэхгүй бол, гэрт нь ядаж нэг хонохгүй бол гомдоно гэж байна. Гайхлаа. Үр хүүхэдгүй болоод хаа холын монгол бүсгүйг үрээ мэт боддог юм байж дээ гэж саналаа. Ингээд суман галт тэргээр цаг гаруй давхисаар Нагояад ирлээ дээ. Гайхалтай юм болж буудал дээр монгол хэлтэй япон хүн тослоо. Монголоор цэвэрхэн ярина. Түүнийг Кавата сан гэнэ. Тэрбээр хоёр жил хэртэй Монголд бүр хөдөө малчин айлд амьдарч байжээ. Байн байн тонголзон хүндэтгэл үзүүлэх япон залуу зөвхөн эхлэл байлаа. Түүнээс хойш уулзсан, танилцсан бүхэн тонголзоод эхлэхээр өөрөө ч тонголзож сурдаг юм байна. Ингээд “Япон аав, ээж”-ийнд очлоо. Насаар бол 70 нэлээд гарсан атлаа манайхны 50 гаруй насны хүмүүс шиг жавхалзах хоёр хөгшин нүдэндээ нулимстайгаар монгол охиноо тэвэрч авлаа. Тэднийх хоёр давхар жижигхээн байшинд амьдрах. Уулзав уу, үгүй юү л монгол охиныхоо өрөөг яг хэвээр нь хадгалж байгаагаа хэлж байна. Японд сургуульд сурч төгсөөд дөрвөн жил өнгөрсөн ч түүний өрөөг яг тэр чигээр нь хадгалдаг аж. Дасаж хайрласан охиноо ирэхээр тэр хавийн айлуудаа урьж үдэшлэг зохиодог уламжлал тогтжээ. Тэгээд л “Манай монгол охин ирсэн. Ийм бэлэг авчирсан. Миний охиныг хар даа” гээд л хөөрцөглөх. Хоёр хөгшин ганц охинтой бөгөөд тэр нь өдгөө Францад амьдардаг юм байна. Хааяа нэг ирдэг гэх. Гэхдээ төрснөөс нь илүү өргөсөн нь байнга шахам ирж элгийг нь дэвтээдэг ажээ. Төрсөн охиноо Францаас тосохдоо, буцаагаад үдэж өгөхдөө цэмцгэрдүү байдаг атлаа монгол охиноо буцахад нь нулимстай үддэг гэхээр нь үнэхээр гайхав. Япончууд ийм сэтгэлийн хөдөлгөөнтэй юм уу. Эсвэл тийм хуурамч зантай болж таарав уу. Гэсэн атлаа Монголд огт ирж байгаагүй. Байнга шахам урилга илгээвч “Монголд үзэх юм байхгүй шүү дээ” гээд ирдэггүй гэнэ. Улиг болсон хэдий ч “Та хоёр Монголд очвол олон сайхан газраар дагуулж явна шүү” гээд хэлээд үзлээ. Гэтэл өмнөөс асууж байна. “Яг юу үзүүлнэ гэж”. Ийм асуултад хариулах хэцүү байхын чинээ санасангүй. “Үгүй яахав дээ, Монголын говийг үзэхгүй юү. Эсвэл сайхан хангай үз. Үлэг гүрвэлийн яс үз. Чингис хааны төрсөн нутгаар аял” гэлээ. Жуумалзаж байна. Толгой сэгсэрч байна. Аргагүй байх даа. Интернэтээр дүүрэн Монголын аялал жуулчлалыг муулсан мэдээллүүд байгаа юм чинь. Тэгэсхийгээд энэ яриаг орхилоо. Хэл мэдэхгүй, таньдаг ганц ч хүнгүй монгол охиныг Японд сурч байхад нь үр шигээ санаж тусалж дэмжсэн сайхан сэтгэлтэй л хүмүүс юм. Тэднийд хонохдоо нэг сонирхолтой зүйлийг мэдэж авлаа. Япончуудын дунд уламжилж ирсэн гайхалтай заншил. Япон хүмүүс орой болгон халуун ваннд орж ядаргаагаа тайлдаг юм байна. Урьдчилан бэлдэж халаасан ванндаа халуун ус дүүргээд цэцгийн ханд хийгээд орно. Гэхдээ хамгийн сонирхолтой нь гэр бүлийн гишүүд ээлж дараалан тэр усандаа орж хэвтэх аж. Эхлээд өрхийн тэргүүлэгч орно. Тэгээд эхнэр, хүүхэд нь. Хэрэв гэрт нь зочин ирвэл зочин эхлээд орно. Араас нь гэр бүлийн гишүүд удаална. Усаа асгаж солино гэсэн ойлголт байхгүй. Танихгүй хүний орсон ваннд орно гээд та бодоод үз дээ. Хэдийгээр наана нь шүршүүрт орсон ч гэсэн. Эндээс жижигхэн ч гэсэн нэг зүйл ойлгогдож байна. Эхний орсон хүмүүс хирээ сайн угаасан гэдэгт бүгд итгэж байгаа хэрэг шүү дээ. Япончууд хэчнээн сайхан сэтгэлтэй ч гэсэн харин энэ тал дээр ариун цэвэрт таарахгүй гэж би бодлоо. За тэгээд маргааш нь Кавата сангийнд өнгөрүүлсэн үдэш үнэхээр гайхалтай. Өвөг эцэг самурайгийнхаа амьдарч байсан байрыг яг тэр чигээр нь хадгалсаар иржээ. Одоогоос 100 жилийн өмнө амьдарч байсан самурайн гэр. Өвөөгийнх нь өмсөж байсан самурайн хувцас, эмээгийнх нь торгон кимоно, кинонд л гардаг сүрлэн үүргэвч малгай, нэг гараар өргөөд даахааргүй том сэлэм. Өвөг эцгийнх нь аав, өвөө мөн л самурай байжээ. Нагояагийн самурай нар алдартай бөгөөд 600 жилийн өмнөх сүм нь яг тэр хэвээрээ. Тийм олон жилийн өмнө барьсан гэхэд хуучирч муудсан юм алга. Кавата сангийн өвөөгийн барьсан байшин ч хэвээрээ. Музейд өгчихөж болохоор олон зүйл тэднийд байх аж. Самурайн хувцас нэлээд хүнд юм. Хэлбэр дүрс нь л өөр болохоос биш манайхны баатрын хуяг дуулга шиг төмөр. Сэлэмний тухай бол ярилтгүй. Угаасаа самурайн сэлэм хийх арга шагшигдсаар өнөөг хүрсэн шүү дээ. Үе дамжсан сэлмийг барьж үзэхэд “Хэчнээн хүний толгой цавчсан бол” гэж бодогдоод аягүй. Эмээгийнх нь залуудаа өмсөж байсан кимоног өмсөж үзлээ. Ямар ч олон дэг жаягтай юм бэ, ороож бүсэлж дуусахгүй. Тийм олон давхар торго дурданг боож баглаж өмсөөд хүнд модон шаахайг хөлдөө углаад явна гэдэг амаргүй байжээ. Гэхдээ эмэгтэй хүний гоё сайхныг кимоно төгс болгож өгдөг гайхалтай сайхан хувцас байх шүү. Учир нь гудамжинд хааяа нэг кимонотой эмэгтэй тааралдахад үнэхээр гоо үзэмж төгс, эрхэмсэг харагдах юм билээ.Кавата сангийнх гадаадын найз нараа ирэхээр л эндээ ирж ил гал дээр загас шорлож сакэ нэрдэг гэнэ. Өрхийнхөө цагаан будааг өөрсдөө тариалж иддэг аж. Будаа нь миний бодож байгаагаар дөрвөн янз байна. Бүгд өөр өөр амттай. Сакэ нь яг л монгол архи шиг бөгөөд манайхан шиг халааж уудаг заншилтай. Бас үнсэнд төмс булж иднэ. Монголын өвөл эхэлсэн арваннэгдүгээр сард Японд гадаа суугаад ил гал дээр загас шарж, үнсэнд нь төмс булаад халуун сакэ ууна гэдэг үгээр дүрслэхийн аргагүй ээ. Тэнд 16 цаг гээд л нар уулынхаа цаагуур унаж харанхуй нөмөрнө. Тэгсэнээ шөнө 02 цагийн алдад цагаан гэгээ орчихно. Тэднийхээр бол өвөл болчихоод байгаа нь энэ гэнэ. Өөрсдөө ч дүрдээ итгэчихсэн ноосон малгай ороолт ороочихоод яваад байх юм. Мань мэт яаруу халууцаад дан цамцтай туугаад байлаа. Арван хэдхэн хэмийг ямар хүйтэн гэхэв дээ. Нагояад сонирхолтой хоёр сүм бий. Нэг сүмд нь дандаа эрэгтэй хүний бэлэг эрхтэнээр сийлсэн үзмэрүүд байх. Үзмэр ч юу байхав, бэлгэдэл нь юм даа. Шатны бариулаас өгсүүлээд хонх, усан оргилуур, шанага, халбага нь хүртэл тийм хэлбэртэй. Жил бүрийн нэг өдөр дандаа эрэгтэй бэлэг эрхтэний хэлбэртэй мод, чулуун сийлбэр, туг дарцаг мандуулж баярлацгаадаг байна. Энэ нь үр хүүхэдтэй өнөр өтгөн байхын бэлгэдэл гэнэ. Японд ийм сүм ганцхан байх тул эх орных нь өнцөг булан бүрээс эл “завхай” баярт оролцохоор хүмүүс шавдаг ажээ. Эр бэлэг эрхтнийг бэлгэдлээ болгосон сүмийн хажууд бас эмэгтэй сүм байна. Эндэхийн бэлгэдэл нь эмэгтэй хүний мээм байх ажгуу. Шатны бариулаас авахуулаад л бүх юм нь хос мээм. Ил захидал, утасны зүүлт, түлхүүрийн оосор бүгд мээм гээд төсөөл дөө. Өвөрхангайд нэг боов хад хийгээд тавьчихсаны төлөө “бузар булай” гээд хэвлэлийн бага хурал хийлгэж нүүрээ дараад байсан монголчуудын хувьд энэ самуун явдал уу, ариун явдал уу бүү мэд.
Япончуудын хувьд самурайн түүх бол үнэнч баатарлагийн дууль. Бахархваас зохих түүх. Бас л халуун цустай, зүрх зоригтой, баатарлаг түүхтэй ард түмэн юм. Архи уухаараа амархан согтоно. Сэтгэлийн хөөрөл ихтэй. Үнэнч нөхөрлөлийг шүтнэ. Ер нь бүх юманд үнэнч байж чин сэтгэлээсээ хандах бололтой юм. Тийм араншин юухан хээхэн дээр ч цухалзана. Ажил эрхэлж буй компанидаа, эзэндээ, сургуульдаа, багшдаа, найд нөхдөдөө үнэнч байхыг эрмэлзэнэ. Японд сурсан нэгэн монгол залуу ярьж байна. “Сургуулиа төгсөхөд япон багш минь биднийг гэртээ урьж гайхалтай дайлдаг юм байна. Тэгэхээр нь “Та бидэнд ном заасан тул зүй нь бид таныг дайлах ёстой. Манай монголчууд эрдэм заасан багшаа дайлж сургуульдаа бэлэг авч өгдөг” гэхэд ” Яалаа гэж дээ, та бүхний төлсөн мөнгөөр би хичээл зааж өдийг хүртэл цалин авч сайхан амьдарлаа шүү дээ. Та бүхэнд баярлалаа. Тэгэхээр би дайлах ёстой юм” гэсэн гэдэг. Энэ мэт сэтгэлгээний айхтар зөрүү жижигхэн гэлтгүй зүйл дээр ажиглагдаж гайхаш барна. Баасан гаригийн оройг япончууд яг л ном ёсоор нь тэмдэглэх юм билээ. Орой 22 цагийн алдад Токиогоор энэ тэндгүй л халамцуу, согтуу хүн олон. Ер нь их л стресстэй нийгэмд амьдардаг бололтой. Тэнд толгой ажиллуулах хэрэг байхгүй юм шиг ээ. Бүх зүйлийг иргэн бүрийн өмнөөс бодож шийдээд гаргалгааг нь хийчихсэн байх аж. Амьдралын аахар шаахар бүхэнд урьдаас нарийн тооцож гаргасан инженерийн шийдлийн дагуу л яваад байх шиг. Хоёрыг хоёроор яаж ч үржүүлээд дөрөв л гарна гэдэг шиг тодорхой. Юу ч хүссэн, ямар ч юм тохиолдсон хариуг нь аль хэдийнэ хэн нэгэн түүний өмнөөс бодоод гаргачихсан байх аж. Япончууд зөвхөн цагт л амжих ёстой. Хормойгоо дэрвүүлэн яаруу алхах хүмүүс метро, галт тэргэнд дугхийн амсхийх дүр зураг олон. Өндөр хөгжилтэй бүх зүйл нь тодорхой нийгэмд амьдрах нь сайхан байх гэж бид боддог. Гэтэл бас тиймгүй бололтой. Учир нь Япон бол амиа хорлолтоор дэлхийд нэгдүгээрт ордог орон. Арван минут тутамд нэг хүн амиа хорлож байдаг нь юуг өгүүлнэ вэ. Уг нь хөгжилгүй, бүх зүйл бүрхэг, бүдүүлэг оронд амьдарч буйгаараа биднээс л амиа хорлоод баймаар. Гэтэл амьдрал өөрийг нотлоод байх шиг. Тэгэхээр “хөгжлийн стресс” гэдэг нь “хөгжилгүйн стресс”-ээс илүү хэцүү юм уу даа.
Нагояагаас Токио, Токиогоос Хирошима орсон тэмдэглэлийг нэгэнт өмнө нь толилуулсан тул одоо Фукушима, Точиго мужаар зорчсоноо дурдмаар санагдана. Фукушима гэхээр л атомын цахилгаан станц, цацраг идэвхт бодисын хор хөнөөл манайханд бодогдох биз. Надад ч тэгж бодогдсон. Гэхдээ гэмтэл авсан атомын цахилгаан станцаас хэдэн зуун бээрийн алсад байрлах далайн төвшнөөс дээш 2500 гаруй метрийн өндөрт өргөгдсөн уулын бэлээс ундран гарах халуун рашаан бий. Хотдоо дулаахан байсан бол уулаадаа цастай байх юм. Япон халуун рашаан гэдэг үнэхээр гайхамшигтай сайхан зүйл байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй. Гадаа цас нэвсийтэл орчихсон байхад байгалиасаа бургилах 50 хэмийн халуун усанд сууж байна гэдэг үгээр хэлэхийн аргагүй. Цэнгэг агаарт шинэхэн цасны өвөрмөц содон үнэр анхилж сэрүү татуулаад л. Юу гэмээр юм бэ нэг л сайхан мэдрэмж. Дэлхий нийтэд Японы халуун рашаан гайхагддагийн нууцыг өөрийн биеэр мэдрэх үед агшинд л таашаал авдаг юм билээ. Уулын бэлээс агаарын дүүжингээр 20 минут хэртэй өгсөж гарахад цас будраад юун нөгөө дан цамцтай явах дагжин чичрээд эхэллээ. Гэвч энэ нь уулынхаа оройд гарчихаж байгаа хэрэг биш гэнэ. Жинхэнэ оройгоос нь утаа савсаж байгааг тайлбарлагч сануулахад бушуухан буцахын түүс боллоо. Уугиж байгаа галт уулаар зугаалж яваа хэрэг байж шүү дээ. Энэ чинь Богд уул биш. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд орших цунами болсон Фукушима. Яаран яаран уулнаас уруудаж явах үед гэнэтхэн өмхий ханхлаад явчихлаа. Яав ийв болтол энэ нь хүхэрийн үнэр байжээ. Хүхэртэй рашаан ойр тойрондоо ийм үнэр түгээдэг юм байна. Хамар сэтлэм тэсэхийн аргагүй мэт санагдавч япончууд энд ирж хийморио сэргээдэг гэнэ. Гэтэл уулын сугаар нэг улаан малгайтай одой хүмүүсийн чулуун хөшөө харагдах нь тэр. Гайхаад лавшруулан ажвал улаан ноосон малгайтай бяцхан Будда нар байлаа. Гараа өмнөө наминчилсан инээд хүрэм хөөрхөн бурхнуудыг мөн ч уйгагүй сийлжээ. Ердөө тохойн чинээ атлаа бүдүүн, нарийн галбиртай, дүр төрх нь өөр хоорондоо адилгүй, тэгсэн атлаа бүгд улаан ноосон малгайтай. Энэ инээдэмтэй бяцхан бурхнуудыг галт уулаас оргилсон чулуунуудаар сийлсэн байх аж. Манайд бол Тэрхийн цагаан нуур руу Суман голыг өгсөөд явж байхад хөлөөр нэг хөглөрч машин эвдчих шахдаг зөгийний үүр шиг жижигхэн нүхтэй хар хар чулуунууд шүү дээ.
Энэ мэт санаанд оромгүй бүтээн байгуулалт Японд тоочоод баршгүй. Аливаад чин сэтгэлээсээ хандах тэдний зан чанараас манайд алга болоод удаж буй монгол хүний мөн чанарыг хайж болно. Зам тавьж цэцэг тарьсан ч, хог цэвэрлэж аяга угаасан ч сэтгэлээсээ хандах нь сайхан юм. Энэ удаагийн аялал минь жинхэнэ Япон ахуйд япон хүмүүсийн хүндлэл итгэлд хөтлөгдөн өрнөсөн болохоор юунаас ч илүү байлаа. Сэтгэлд нь гал ноцож цус нь халуунаар бургилах атлаа хаанаас яаж сурав аа гэмээр хүлцэнгүй байж хувь тавилантайгаа эвлэрч чаддаг ард түмний чин сэтгэлд талархаад ирлээ. Хориод жилийн өмнө дайснаа гэж боддог байсан Японд би хайртай болов. Дал гаруй жилийн өмнө өвөөг минь шархдуулсан дайны “шарх” ингэж үүрд анив. Чин сэтгэл, итгэл найдварын орон гэж одоо би Японыг л хэлнэ.
"Улс төрийн тойм" сонин