Сан нь монголын их урлагийн өв санг хамгаалах, хадгалах түүний дотор монгол ардын уртын дууг хөгжүүлэх, судлах, сурвалжлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, залуу үед өвлүүлэх бүхий л үйл ажиллагааг дэмжсээр ирсэн.
Тус Сангаас Монголын Соёл Урлагийн шилдгийн шилдэг бүтээлд олгох Соёл урлагийн дээд хүндэтгэл “НОРОВБАНЗАД ШАГНАЛ”-ыг бий болгосноо албан ёсоор зарлах, шагналтнаа тодруулж гардуулах ёслолын арга хэмжээг энэ оны 12 дугаар сарын 14-ний өдөр буюу Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Азийн Фукуокагийн соёлын шагналт, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын мэндэлсний 80 насны ой тохиож байгаатай холбогдуулан хийх юм. Дэлхий дахинаа нэр нь цуурайтсан уртын дууны домогт хатан хаан Норовбанзадын дахин эс олдох эгэлгүй авъяасыг мөнхжүүлэх, Монголынхоо урлаг, соёлын хөгжлийг дэлхийн шилдгүүдийн зиндаанд хүргэхээр “НОРОВБАНЗАД ШАГНАЛ”-ыг бий болгосон. Энэхүү нэр хүндтэй шагналыг Шилдэг Уран Бүтээл, Шилдэг Уран Бүтээлч, Шилдэг Урлагийн Оюуны Бүтээл гэсэн төрлөөр 2 жил тутам олгох юм. Энэ шагналын нэр хүнд цар хүрээ цаашид улам өргөжин тэлж, олон улс, дэлхийн хэмжээний нэр хүндтэй шагнал болох нь дамжиггүй.