Монгол Улсын Засгийн газраас 2010 онд баталсан 149 дүгээр тогтоолд төрийн өмчит таван их сургуулийг эхний ээлжинд нүүлгэн шилжүүлэхээр тусгасан. Үүний дагуу Улаанбаатар хотоос 45 километр зайд орших Шивээтийн хөндийн 2000 га газарт иж бүрэн хотхон барихаар шийдвэрлэсэн юм. Нийт 150 мянган хүн амьдрахуйц энэхүү хотхоныг барих ажил ирэх оны зургаадугаар сард эхлэх байсан ч судалгааг нь дутуу хийснээс дахин нягтлахаар болжээ. Үүнээс гадна Шивээтийн хөндийгөөс их хэмжээний нөөц бүхий нүүрсний орд, алтны судаг илэрсэн аж.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр энэ талаар “Засгийн газраас баталсан үндсэн чиглэлээр бол хотхон байгуулахад наанадаж 10 жилийн хугацаа хэрэгтэй. Оюутны хотхоны ажил эхлэхэд хэд, хэдэн хүчин зүйл бүрдүүлсэн байна. Юуны өмнө санхүүгийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай. Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үеэр Хятадын нэг банкнаас дэд бүтцийг нь санхүүжүүлэхээр болж, санамж бичигт гарын үсэг зурсан. Одоо зураг төслийн ажил эхлэх гэж байна. Харин газрын тухайд Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Налайх дүүргийн Шивээтийн хөндийд 2000 га газар олгосон. Газар олгосны дараа шинжилгээ, судалгааны ажил хийдэг. Мөн биднээс шалтгаалахгүйгээр нэлээд бэрхшээлтэй асуудлууд үүсэж байгаа. Үүнийг дахин нягтлах хэрэгтэй” гэсэн юм. Үнэхээр ч энэхүү шинэ бүтээн байгуулалтыг өрнүүлэх ажлын ар талд олон хүндрэл үүсээд буй аж. Тухайлбал, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос “судалгаанд тулгуурласан, нухацтай зүйл дээр бид ажиллах ёстой” хэмээж, бусад багийнхныхаа эсрэг зогсох болсон гэнэ.
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга Б.Ганбаатар “Бид судалгаанд тулгуурлаж байж л их сургуулиудын хотхоныг хаана барихыг шийднэ. Өөрөөр хэлбэл, судалгааны дүн гарахаас нааш ямар ч хариу өгөхгүй. Энэ бол маш том бүтээн байгуулалт. Үүнээс улс орны ирээдүйн хөгжлийн асуудал ихээхэн шалтгаалах учраас хөнгөн хандвал боловсролын салбараа ч татаж унагаах эрсдэлтэй. Их сургуулиудыг хотхон хэлбэрээр хөгжүүлэх төлөвлөгөө бол Засгийн газраас баталсан 26 төслийн нэг нь. Энэ хүрээнд төр хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах учиртай. Өөрөөр хэлбэл, төрийн ачаалал багасгана гэсэн үг. Гэхдээ боловсролыг төр зуун хувь хариуцах ёстой. Бид маш сайн судалгаанд тулгуурлаж байж асуудлаа цогцоор нь шийдэх учиртай” хэмээсэн юм. Тийм ч учраас Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо бүх талын шалгуурыг бүрэн хангасан гэж үзэн Монголын Логистикуудийн холбоог 100 сая төгрөгийн сантай тендерт сонгон шалгаруулсан бололтой. Засгийн газар анх 149 дүгээр тогтоолдоо Налайхын Шивээтийн хөндий, Багануурын Хүрэмтийн хөндий, Хөшигтийн хөндий, Хоолтын хөн¬дий зэрэгт энэхүү хотхон байгуулах боломж бий талаар дурьдсан. Гэвч судалгаагаа бүрэн хийж дуусаагүй байхад Шивээтийн хөндийд барихаар болсон талаар чих дэлсэв.. Өмнө нь уг хөндийд судалгаа хийхэд нэлээдгүй өртөг зарцуулсан. Одоо хийж буй харьцуулсан судалгааг 100 сая төгрөгөөр явуулж байгаа нь “гоомой хүн хоёр ажилтай” гэгчийн үлгэр гэлтэй.
Оюутны хотхоныг “Сайхан бүтээн байгуулалт, зөв алхам боллоо” хэмээн сайшааж ярих нь бас олон. Уг хотхон баригдвал цаана нь дэд бүтэц, эдийн засгийн өндөр үр ашиг харагдаж байгаа. Энэ талаар Их сургуулиудын хотхоны захиргааны ашиглалтын өмнөх захиргааны дарга болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөх Ц.Энхболд “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлж байгаа нь нэг талаараа боловсролын тогтолцоонд шинэ стандартыг бий болгож байгаа юм. Аливаа ажил тэр даруйдаа нэгмөсөн шийдэгддэгүй. Маш олон шат дамжлага, судалгаа, хурлуудын шийдвэр, зөвшөөрөл хэрэгтэй. Цаг хугацааны хувьд, дээд тал нь хоёр жил орчим болж байж барилгын ажил эхэлнэ. Гэхдээ ирэх оноос эхэлж хотхон барих газраа баталчихвал ШУТИС-ийн Барилга инженерчлэл, Мэдээлэл, технологийн сургуулийн барилгын ажил эхлэх боломжтой. Төр болон хувийн хэвшлийнхний хосолмол хөрөнгөөр хотхон барихаар төлөвлөсөн. Гэхдээ хувийн хэвшил 70 орчим хувийг хангана. Мөн гадаадын буцалтгүй болон, бага хүүтэй зээл, тусламж зэргийг тусгасан байгаа. БНХАУ-аас зургаа орчим тэрбум ам.долларын зээл авахаар болсон. Хотхонд шинээр бизнесийн үйл ажиллагаа явуулахаар хүсэлт гаргасан иргэдэд бага хүүтэй, олон жилийн хугацаатай зээл олгоно” гэсэн юм. Манай улсад Засгийн газарт урьдчилсан байдлаар Энэтхэг, БНСУ зэрэг улс хөрөнгө оруулахаа мэдэгдсэн. Мөн энд газар үнэгүй олгох болохоор “хот хурдан босно” хэмээн төлөвлөжээ. Нийслэл хотод дээд боловсрол олгох төрийн болон хувийн хэвшил, гадаадын сургуулиудын салбар нийт 99 байдаг. Үүнд нийтдээ 140 гаруй мянган оюутан суралцаж байна. Шивээтийн хөндийд оюутны хотхон баригдсан тохиолдолд төрийн өмчийн таван их сургуулийн 81.6 мянган оюутан, 5.82 мянган багш, ажиллагсад, ШУА-ийн зургаан хүрээлэнгийн эрдэм шинжилгээний 330 орчим эрдэмтэн ажиллахаар саналаа өгөөд буй аж. Зарим эх сурвалжын хэлснээр дахин судалгаагаар “Багануурын Хүрэмтийн хөндийг сонгоно” гэсэн урьдчилсан таамаг бий. Хэрвээ тэнд барихаар эцсийн шийд гарвал Шивээтийн хөндийд зарцуулах 16-18 их наяд төгрөгөөс 4-5 их наяд төгрөг хасагдах аж.
Монголын Логистикуудын холбооны тэргүүн, Их сургуулиудын хотхоны судалгааны ажлын хэсгийн ахлагч А.Мөнхболдоос ажлын явцын талаар тодруулсан юм. Тэрбээр “Бид ямартай ч Засгийн газрын шийдвэрт дурьдсан дөрвөн газрыг сайтар судалж байгаа. Ирэх долоо хоногоос хариу нь бараг гарчихна. Хүндрэл бэрхшээл гайгүй байгаа” хэмээлээ. Хотхоны барилгын ашиглалтын өмнөх ажлын хэсгийнхэн бага зэрэг гомдолтой байгаа бололтой. Учир нь тэдний боловсруулсан төлөвлөгөө, судалгаа нэлээд олон даргын гар дамждаг. Тэд ихээхэн хүнд сурталтай байгааг УИХ, Засгийн газрын гишүүдийн аль, аль нь ойлгодоггүй хэмээж байсан. Тухайлбал Ерөнхий төлөвлөгөөгөө эхлээд боловсруулна. Дараа нь харьяа дүүргийн, хотын ерөнхий архитектур, нийслэлийн Засаг даргын дэргэдэх хотын хөгжлийн бодлогын зөвлөл, нийслэлийн ИТХ, мөн Засгийн газар орж хэлэлцэгддэг. Сүүлд нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гаргасны дараа барилгажуулалтын төсөл боловсруулах болно. Гэвч төрийн албан тушаалтнууд шат шатанд хүнд суртал гаргаж байгаа гэнэ. Гэтэл Ашиглалтаас өмнөх ажлын хэсгийхэнд Ерөнхий сайд С.Батболд хатуу анхааруулга өгч байсан удаатай. Ямартай ч энэ долоо хоногийн сүүлээр судалгаа Засгийн газар хаана хотхон барихаа шийдэх юм.
"Улс төрийн тойм" сонин