Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Боловсролын салбарынхан дээр, дооргүй будилаантай байна. Хоёр сарын өмнөөс л “Цалин нэмээд аль, сайд аа” гэж багш нар хэдэрлэсэн. Энэ нь явсаар тэмцлийн хэлбэрт орж жагсаал, цуглаанаас ажил хаялт руу шилжээд байна. Зөвхөн Ё.Отгонбаяр сайдыг шараа болгохын тулд хэнийг хохироохоо багш нар тун чамбай тооцжээ. Тэгэхээр одоо хохирогч болчихоод байгаа цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд гэртээ хэр удаан суухыг эрхэм сайд, цаашлаад түүнийг багтааж байгаа  танхимынхны үзэгний үзүүрээр ч шийдэхэд хэцүү нөхцөл үүсээд байна. Уг нь парламентаар төсвийг ид хэлэлцэж байх үед бол ийм шантааж цагаа олох байлаа. Сайдад ч, багш нарт ч тэр үед боломж харагдаж байв. Ачит багш нар ажил байтугайгаа хаяж, нулимж болох байсан. Арга саам хайсан Ё.Отгонбаяр ч УИХ-ын гишүүдэд хандаж “Төсөвт онгорхой, цоорхой юу байна, нөхөд өө” гээд гүйж болохоор байсан. Багш нар жагссан болоод, эрхэм сайд бултаж зугтсаар цагт нь тулгасан шүү дээ. Гэтэл одоо үүлгүй тэнгэрээс хур горьдож буйгаа мэдсэн хэрнээ багш нар ийм үйлдэл гаргаж байгаа нь Е.Отгонбаяр сайдыг бус гэмгүй, цэвэр ариухан бяцхан үрсийг шийтгэж байгаа гэмт хэрэг болон хувирч байна. Ирэх жилийн төсвийг нэгэнт баталчихсан болохоор хэн, хэн нь яг юу хийж чадах юм. Ялангуяа Ё.Отгонбаяр сайдын хувьд байдлыг нааштайгаар эргүүлж, гол гатлах гарам харагдахгүй л байна. Араас нь урлагийнхан ажил хаях сураг дуулдсан шүү, сайд аа.    

Н.Мөнхтөвшин

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж