Уучлалт гуйхаас татгалзсан гишүүдийг нэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Уучлалт гуйхаас татгалзсан гишүүдийг нэрлэж байна

“Долоодугаар сарын 1”-ний хэргийн хохирог­чид хийгээд одоог хүртэл айдастай яваа иргэддээ хандан МАН-ын зарим гишүүн “Хохь чинь. Уучлалт гуйхгүй” гэдэг үгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайлаа. Бүр энэ үгээ инээж байгаад хээвнэг хэлж харагдав. Шууд биш гэхэд алсуураа тэдэнтэй холбогдох хэргийн хохирогчид энэ үгийг нь сонсоод гомдсон доо. 2008 оны долоодугаар сарын 1. Иргэд энэ өдөр “Шударга ёсны төлөө тэмцэж байна” гэж итгэсэн. Уриа лоозон бариад МАХН-ын байр тийш алхаж байхдаа эцэст нь таван хүний амь нас хохирч, хэдэн зуун хүн баривчлагдана чинээ санаагүй нь лавтай. Тиймээс ч одоо хэр нь энэ хэргийн үнэн мөнийг олохыг шаардаж байгаа юм.

Тэгвэл УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон эмгэнэлт явдлын улмаас амиа алдсан таван хүний ар гэр болон ард иргэдээсээ Монголын төр уучлалт гуйх тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулсан юм. Х.Тэмүүжин нарын гишүүдийн санаачлан боловсруулсан тогтоолын төслийн агуулга нь “Монголын төр иргэдийнхээ аюулгүй байдал, амь насыг хамгаалж чадаагүйнхээ төлөө иргэдээсээ уучлалт гуйх нь зөв.  Тиймээс төрийн нэрийн өмнөөс Ерөнхийлөгч өөрийн биеэр ард түмнээсээ уучлалт гуйна” гэдэг байв. Ерөнхийлөгчид ард иргэдээсээ уучлалт гуйх зориг бий аж. Энэ саналаа ч уламжилсан юм билээ. Харин энэ хэргийн гол буруутан гэгддэг МАН-ынханд ийм зориг огт алга. Учир нь МАН-ын бүлгийн гишүүд, тэр дундаа Э.Мөнх-Очир, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар тогтоолын төслийг хэлэлцэх үеэр “Хэлэлцэх шаардлагагүй” гэж үзсэн юм. Дээрх хоёр эрхмээс гадна Н.Ганбямба, Ө.Энхтүвшин, Х.Наранхүү, Ц.Даваасүрэн, Д.Оюунхорол, Р.Буд нарын гишүүд “Бид буруугүй. Буруутай хүнийг нь тогтоогоогүй байхад яахаараа уучлалт гуйдаг юм бэ” гэж ард түмнээсээ уучлалт гуйхаас татгалзав.  Бүр тогтоолын төсөл боловсруулсан АН-ын бүл­гийн гишүүдэд хандан “Дуртайгаараа та нар уучлалт гуйхгүй юу” гэсэн билээ.  Санал хураалтад 39 гишүүн оролцсоноос 24 нь эсрэг кноп дарсан аж. Яг үнэндээ бол чуулганы танхимд 20 хүрэхгүй гишүүн сууж байсан гэх. Тиймээс уг асуудлаар дахин санал хураалгахаар төлөвлөж байгаа аж. Тогтоолын төслийг санаачилсан АН-ын бүлгийн ги­шүүн Х.Тэмүүжин, С.Эрдэнэ, З.Энхболд нар МАН-ын бүлгийн гишүүдийг “Коммунист, алуурчин” гээд МАН-ыг “Алуурчдын нам” гэж нэрлэж байв. Бас Х.Тэмүүжин гишүүн Д.Зоригт, Э.Мөнх-Очир нараар дамжуулан МАН-ынханд Хүний эрхийн өдрийн мэнд дэвшүүлэх жишээтэй. Учир нь Д.Зоригт сайд  “Хэлэлцье” гэсэн томъёоллоор санал хураахын өмнө “Ямар үндэслэлээр төр буруутай гээд байгаа юм бэ. Долоодугаар сарын 1-ний хэрэгт төр буруутай гэдэг дүгнэлт хаана гарсан юм. Ойлгохгүй байна. Тэр хэргийг үүсгэсэн шалтгаанаа олохгүй байгаа учраас ийм зүйл хийгээд байгаа юм биш үү” гэсэн юм. Энэ нь чуулганы танхимд маргаан үүсгэж, тогтоолын төсөл санаачилсан гишүүд түүнтэй маргалдахад Э.Мөнх-Очир гишүүн “Д.Зоригт оо, орхичих. Тэртэй тэргүй санал хураагаад унагаачихна” гэж хэлснээрээ өөрийгөө хэн бэ гэдгийг харуулсан. Тэр ч байтугай санал хурааж дууссаны дараа “Нэгэнт санал хураачихлаа. Баярлалаа” гээд доогтой нь аргагүй инээж байгаа харагдсан. Ямартай ч тэд  “Долоодугаар сарын 1-ний хэргийн хохирогч болсон нь та нарын хохь. Бид уучлалт гуйх албагүй” хэмээн ойлгож болох үгийг Монголын ард түмэнд хэллээ. Харин гишүүдийн дунд “Д.Зоригт, Э.Мөнх-Очир нар МАН-аас өгсөн үүргийг сайн биелүүлсэн” гэх хүн ч байна.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж