Хятадын банкуудад хямрал нүүрлэжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Хятадын банкуудад хямрал нүүрлэжээ

Хятадын өргөн уудам нутагт бүтээн байгуулалтын ажил ид өр­нөж байна. Иргэд нь чөлөө завгүй ажиллаж, хэдэн зуун цамхаг, өн­дөр барилгуудыг босгосоор. Ха­рин тэдгээр барилгын төслийн сан­хүүжилтийг Хятадын мужуудын засаг захиргаанаас гаргадаг. Үүнээс болж тус улсын дотоод өр ихэсч, олон арван их наяд юаниар хэм­жигдэх болжээ. Харин Хятадын банкууд эргэн төлөгдөх боломжгүй чанаргүй зээл их хэмжээгээр гар­гаснаас болж бүхэлдээ хямарч эхэл­сэн байна.

Мужуудын Засгийн газрын өр Хятадын дотоодын нийт бү­тээгдэхүүний 20 гаруй хувьтай тэнцжээ. Энэ нь арилжааны бан­куудын тоотой харьцуулахад хэ­тэр­хий их юм. Гэтэл Хятадын эдийн засаг хамгийн хүнд байдалд орчихоод байсан үед буюу 1990-ээд он болон 2000 оны эхээр иймэрхүү үзүүлэлтүүд ажиглагдаж байжээ. “Тиймээс одоо Хятадын банкны тог­толцоо намаг балчигт шигдсэнтэй адил болжээ” хэмээн “Киникос Ассошэйтс”-ийн шинжээч Жим Чанос дүгнэсэн байна. Өнгөрсөн аравдугаар сард “Credit Suisse”-ийн шинжээчид “Чанаргүй зээлийн хэм­жээ хэтэрхий их болсон нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл, жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэл, мужуудын засаг захиргааны үйл ажиллагаанд хамгийн их нөлөөлж байна” хэмээн онцолсон юм. Одоо­гийн байдлаар чанаргүй зээ­лийн хэмжээ банкуудын өөрийн хө­рөн­гийн гуравны хоёр хувьтай тэнцээд байгаа тухай “Wall Street Journal” мэдээлэв. Харин Олон улсын валютын сангаас Хятадын банк­ны тогтолцоо хямарч эхэлснийг албан ёсоор зарлажээ. Хэрэв эдийн засгийн хямрал гүнзгийрвэл Хятадын банкууд тэр эрсдэлийг хүлээх чадваргүй болсон гэсэн үг.

Дэлхийн олон орон 2008 онд АНУ-ын моргейжийн зах зээлээс үүдэл­тэй санхүүгийн хямралд өрт­сөн. Тэр үед эдийн засгаа тогтвортой байлгах зорилгоор Хятадын Засгийн газар их хэмжээний зээл гаргаж, ажлын байр бий болгох, бүтээн байгуулалт өрнүүлэх ажлыг хийсэн юм. Түүнээс хойшхи хоёр жилийн хугацаанд Хятадын арилжааны бан­­куудын чанаргүй зээлийн хэм­жээ тасралтгүй өсчээ. Түүнчлэн сүүлийн үед орон сууцны зах зээл дэх үнийн хөөрөгдөл гаарч байгаа нь банкуудын байдлыг тогтворгүй болгосон байна. Тиймээс Хятадын Засгийн газар юун түрүүнд үнийн өсөлттэй тэмцсэн юм. Олон улсын валютын сангийн шинжээчдийн гаргасан судалгаагаар өнгөрсөн арваннэгдүгээр сард тус улсад үл хөдлөх хөрөнгийн үнэ нэлээд хувиар буурсан байна. Гэтэл энэ нь банкны салбарын үйл ажиллагаанд үл ялиг нөлөө үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн үнийг буулгах төдийгөөр чанаргүй зээлийг багасгаж чадахгүй болсон гэсэн үг.

Эдийн засаг “хөрч” байх үед хөрөнгө оруулалт буурч, түүнээс олох орлого багасдаг гэх ойлголт бий. Хятадын Засгийн газар сүүлийн үед мөнгөний бодлогоо хумьж эхэлсэн. Үүнээс болж тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нэг оронтой тоонд хүрсэн билээ. Тиймээс бүтээн байгуулалтаас олох орлого нь багасаж, барилгын компаниуд зээлээ төлөх чадваргүй болж эхэлсэн байна. Гэхдээ Хятадын гадаад валютын нөөц гурван их наяд ам.долларт хүрсэн. Асар их хэмжээний бэлэн мөнгө Хятадад төвлөрсөн гэсэн үг. Ийм тохиолдолд төр нь санхүүгийн салбарынхаа эрс­дэлийг үүрч явах чадвартай. Тиймээс банкны хямралыг намжаах боломж бий бололтой. Хятадын Засгийн газар бодлогын хүүгээ нэмж, зээлээ хумих бодлого баримталж эхэлсэн. Энэ нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн юм. Өнгөрсөн 2010 оны байдлаар 7.5 их наяд юанийн зээл олгосон. Харин энэ оны эхний гурван улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс 22 хувиар бага хэмжээтэй зээл гаргажээ. Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сард тус улсын төв банк санхүүгийн бай­гууллагуудад нөөцийн хөрөнгөө нэмэх үүрэг өгсөн билээ. Үүний үр дүнд Хятадын томоохон банкуудын нөөцийн хөрөнгө нийт хөрөнгийнх нь 21.5, жижиг банкуудынх 19 хувьд хүрсэн. Харин Хятадын төв банк энэ хэмжээг 0.5 хувиар бууруулах шийдвэрийг саяхан гаргасан юм. Энэ бол сүүлийн гурван жил дэх анхны тохиолдол. Хэдийгээр төв банкны төлөөлөгчид нь үүнийг Европын хямралтай холбон тайл­барлаж байгаа боловч олон улсын шинжээчдийн дүгнэснээр бол банк­ны тогтолцоогоо шинэчлэхийн тулд ийм алхам хийсэн бололтой. Ямартай ч “Bloomberg”-ээс явуулсан нэгэн судалгаагаар хөрөнгө оруу­лагчдын дийлэнх нь Хятадын банкны тогтолцоог тогтворгүй бол­сон хэмээн дүгнэжээ.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин



 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж