Харин III төрөхийн барилгын ажил анх шав тавьсан байдлаасаа хэтэрсэнгүй. Яг зэрэг эхэлсэн барилгын ажил яагаад ийм өөр байгааг холбогдох албаных нь хүмүүсээс тодруулсан юм. Уг барилгын ажлыг УИХ-ын гишүүн Д.Арвины эзэмшиж байсан “Их өргөө” компани хариуцаж авсан бөгөөд барилгын тендерийг нэлээд маргаантайгаар авч байсан аж. Тухайн үед барилгын ажлыг “Их өргөө” компани хариуцаж авахад “С.Ламбаа УИХ-ын гишүүдийг лоббидож байна” гэх яриа гарч байсан ч тэгсхийгээд намжсан юм. “Их өргөө” компанийн III төрөхийн барилгын асуудлыг хариуцан ажиллаж байгаа гэх н.Батнасангаас энэ талаар тодруулахад “Энэ асуудлыг би хамаарахаа больсон. Манай компанид одоохондоо III төрөхийн асуудлыг хариуцан ажиллаж байгаа хүн байхгүй учир энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өглөө. Тус компанийнхан анх уг ажлыг хариуцаж авахдаа хэзээ эхэлж, хэзээ дуусгахаа мэдэж байсан. Гэтэл өнөөдөр хэзээ дуусахаа мэдэх нь бүү хэл энэ асуудлыг хариуцсан хүн байхгүй гэнэ. Юунаас болж ажил нь гацаад байгаа талаар ч мэдэх юм байхгүй гэсэн.
Харин Эрүүл мэндийн яамнаас энэ талаар “Санхүүжилтгүйн улмаас барилгын ажил зогссон байсан. Энэ ажилд нийт 8.5 тэрбум төгрөг шаардлагатай. Харин энэ жилийн төсөвт үүнээс 5.3 тэрбумыг нь тусгуулж чадсан. Үлдсэн мөнгийг нь 2013 оны төсөвт суулгах байх. Тиймээс энэ барилгын ажил яалт ч үгүй 2012-2013 он дамжих болчихоод байгаа юм” гэв.
Нийслэлийн III амаржих газрын дарга Д.Бат-Очиртой энэ сэдвээр ярилцлаа.
-Амаржих газрын шинэ байр хугацаандаа ашиглалтад орохоос өнгөрсөн бололтой. Энэ бүхнийг барилгын ажлыг гүйцэтгэгч компанийнхан юу гэж тайлбарлаж байна вэ?
-Төрөхийн шинэ барилгыг барих компани санхүүжилтгүйгээс болж ажлаа зогсоосон гэсэн. Суурин дээр нь байсан хуучин барилгыг нураахаас эхлээд зураг төсөл дээр нь байгаагүй бохирын шугам зэрэг асуудлаас болоод ажил нь удааширсан гэж бидэнд тайлбарласан.
-Шинэ төрөхийн барилга 2012-2013 он дамжиж дуусах магадлалтай байгаа гэсэн. Та бүхэн дахиад нэг жил хүлээх болох нь. Энэ хооронд ямар бэрхшээл тулгарах бол?
-Анх 2012 оны гуравдугаар сард ашиглалтад оруулна гэж байсан ч санхүүжилтийн асуудал шийдэгдээгүйгээс болоод он дамжих магадлалтайг С.Ламбаа сайд хэлж байсан. Гэхдээ бид хэлсэндээ л хүрч байвал нэг жил хүлээж чадна. Энэ хооронд хүндрэл бэрхшээл гарах нь тодорхой. Гэхдээ энэ бүхнийг бид даваад гарч чадна гэж найдаж байгаа. Тэгээд ч шинэ эмнэлгийг байгуулахад 10-15 жил болж байж төлөвшдөг юм билээ. Манай хамт олон бүрдээд 11 жил болж байгаа учир санаа зовох зүйлгүй.
Тэрбээр ийн ярив. Дээрх бүх зүйл Засгийн газрын хариуцлагагүй байдлаас болсон гэдэг нь хүмүүсийн ярианаас мэдрэгдэж байгаа юм. Үүнээс болж Нийслэлийн ирэх жилийн төсвөөс танах гэж байгаа аж. Энэ сарын 23-нд нийслэлийн ИТХ 2012 оны төсвийг хэлэлцэх бөгөөд шинэ төрөх эмнэлгийг барих хүртэл одоогийн эмнэлэгийн засварын ажилд багагүй хэмжээний мөнгө төсөвлөхөөр ярилцаж байгаа юм байна.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин