Дараагийн асуудал нь их аварга Д.Дагвадорж тэргүүтнээр зуучлуулан Японы зарим хөрөнгө оруулагчтай танилцаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Хүүхэд асрах төв байгуулах тухай “үлгэр” ярьж өгчээ. Ийнхүү өлсөж цангасан, өнчин ядуу 30 хүүхдийн нэрийг барьж тус бүр 400 мянган ам.долларыг хоёр удаа, нийт 800 мянган ам.доллар авчээ. Шуналд хязгаар үгүй хойно хөрөнгө оруулагчдаасаа мөнгө дахин нэхэхэд нь Японы талынхан газар дээр нь очиж үзэх шаардлага тавьсан байна. Нэгэнт Хүүхэд асрах төвийг засаж сайжруулсан, хүүхдүүдэд буян үйлдээд төсөл хэрэгжүүлж байгаа гэх ажил нь Японы хөрөнгө оруулагчдын урмыг хугалсан тул юуны өмнө зуучлан уулзуулсан их аваргад бухимдлаа илэрхийлж, улмаар хуулийн байгууллагад маргаан үүсгээд байгаа аж.
Тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө зүтгэж яваа эх оронч хүсэл тэмүүлэлтэй, залуу сэхээтний дүрийг бүтээх гэж оролджээ. Харамсалтай нь оруулах хөрөнгөгүй боловч өөрийгөө 100 хувийн хувьцаа эзэмшигч хэмээн гадныхныг луйвардсан зэрэг хэргийнх нь нотлох баримт улам зузаарсаар байна. Тухайлбал, хайгуулын үйл ажиллагааны зардалд шаардагдах хөрөнгийг босгохын тулд “НЭМ” компанийн 24 хувийг “Лайв энержи групп лимитед” ХХК-д зараад түүнийхээ таван хувийг мөн л гадаадын иргэд болох Kon Han Sun, Siak Khee, Bing Dan нарт худал хэлж худалдсан байдаг. Энэ талаар Японы талын хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн захидалд “Саяхан хүртэл би Чулуутын төслийг А.Эрдэнэбат 100 хувь эзэмшдэг гэж бодсон. Тэрбээр бидэнд ямар нэгэн өөр эзэмшигч байгаа гэж хэлээгүй. Эхний хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр сая ам.доллар байсан. Хөрөнгө оруулалтын баримтжуулалт 2010 оны дөрөвдүгээр сарын 2-нд эхэлсэн бөгөөд 2011 оны дөрөвдүгээр сарын 10-нд баталж 19-нд нэмэлт оруулсан. Төлбөрийг 2011 оны дөрөвдүгээр сарын 12-27-ны хооронд гурав хувааж нийт таван сая ам.долларыг дансанд хийсэн. Дансны нэр: Амалхаан Эрдэнэбат. Дансны дугаар: 29 0000 1302. Арилжааны банк: ҮХОБ /Үндэсний хөрөнгө оруулалтын банк/… гэхчлэн дамжуулагч банк, шилжилтийн код, дугаарыг тодорхой бичиж ирүүлжээ.
Мөн Японы хөрөнгө оруулагчийн зүгээс буюу уг төсөлд хөрөнгө оруулсан Коn Han Sun-аас ирүүлсэн захианд “Эрдэнэбат байнга мөнгө гуйсан. Гэхдээ бид Рунгэгийн тайлангүйгээр мөнгө өгөхөөс татгалзсан. Рунгэгийн тайлан 2010 оны долоодугаар сарын 31-нд гарсан. Тэгээд бид дахин хөрөнгө оруулахаар шийдсэн. А.Эрдэнэбат нь Хонконгийн Live energy компанийг холбон оролцуулсан байсныг бид олж мэдээд маш их уурласан. Улмаар 2010 оны наймдугаар сарын 17-нд хуулийн зөвлөх Батзаяад нь “НЭМ” дэх бидний хувьцааг Хонконгийн компани руу шинэ бүтцээр соль гэж хэлсэн. Дараа нь хоёр сая ам.долларын хөрөнгө оруулалтыг шинэ Хонконгийн бүтцээр нь хийсэн. Мөнгийг Үндэсний хөрөнгө оруулалтын банд дахь А.Эрдэнэбатын дансаар шилжүүлсэн. Яг тэр үед бид А.Эрдэнэбат Чулуутыг 100 биш 50 хувийг нь эзэмшдэгийг мэдсэн. Сүүлчийн хөрөнгө оруулалт болох нэг сая ам.долларыг 2010 оны есдүгээр сарын 1-нд шилжүүлсэн. Энэ хөрөнгө оруулалтаас хойш А.Эрдэнэбатаас Рунгэгийн тайлан ирээгүй бөгөөд А.Эрдэнэбат, Ц.Соёмбо нарын хооронд маргаан үүссэнийг мэдсэн” хэмээн бичжээ.
Дашрамд дурьдахад тэрбээр Буддын шашны “Тарвалин” хийдийг байгуулж байгаа тухайгаа ярилцлагадаа онцолсон байна билээ. Үүнийг нь сонссон нутгийн ах нар нь ихэд ундууцан хилэгнэсэн гэдэг. Учир нь мөнгөний төлөө гарал үүсэл, шашин шүтлэгээ ч арилжихаас буцдаггүй тэрбээр Баянхошууны хийдийн лам нарыг “13 дугаар хороолол дахь миний газар дээр шинэ хийд барья” хэмээн уриалж мөнгө босгож эхлээд байгаа гэнэ. Мөн саяхнаас Бээжин дэх гадаад иргэдийн хороололд байр авсныг бодоход хэзээ нэгэн цагт дүрвэн очиж ч мэдэхээр зайтай нөхөр. Харин энэ удаад төрийн өндөр албан тушаалтны айлчлалын хүрээнд Японы хөрөнгө оруулагчидтай нүүр тулан уулзаж, цаашид хууран мэхлэх холбоо тогтоож ч болзошгүй юм. Түүнд энэ боломжийг хэн олгосон бол гэдэг ч анхаарал татах асуудал мөн.
"Улс төрийн тойм" сонин