Ц.Цэнгэл: Намын даргатайгаа муудалцчих гээд л байна

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Ц.Цэнгэл: Намын даргатайгаа муудалцчих гээд л байна

УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Ардын нам Ёс зүйн дүрмээ баталсан. Харин энэ­хүү дүрэмд ёс зүйгээ зөрчсөн гишүүдийг эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авах тухай тусгасан байна лээ. Таны хувьд үүнийг юу гэж үзэж байна вэ?

-Ёс зүйн дүрмээ баталсан нь маш зөв гэж бодож байгаа. Ер нь намын нэр хүнд, буянаар ямар нэг албан тушаалд очсон хүмүүс ёс зүйтэй, манлайлагчид байх ёстой. Гэтэл авлигаас хол, ажилдаа хариуцлагатай ханд­даггүй, албан тушаалаа ашигладаг ч гэдэг юм уу ёс зүйгүй үйлдэл гаргадаг болж. Үүнээс үүдэн эрчим хүч, төмөр зам зэрэг салбаруудын удирдлагад мэргэжлийн хүн алга гэсэн шүүмжлэл гарах болсон. Ингэж улс төрийн томилгоо хийснээр дэд бүтцийн салбар хөгжихгүй байна. Энэ утгаараа Ёс зүйн дүрэм байх шаардлагатай, үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

-Та намын даргаа огц­руулах тухай ярьж бай­сан дөрвөн ги­шүүнийг ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэж байна уу?

-Харин энэ дөрвөн гишүүн Ёс зүйн дүрэмтэй болгох нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Эсрэгээр нь ойлгож болохгүй. Тэд Ерөнхий сайд ёс зүйтэй, манлайлж ажиллаж байна уу гэдэг үүднээс шаардлага тавьж байгаа шүү дээ. Ингэлээ гээд намын гишүүдийг хааж, боож болохгүй. Дарга нараа “Тавантолгой, Хө­шөөтийн уурхайн асуудал байхад хийхгүй бол огцор” гэж шаардаж байгааг зөв гэж боддог. Би тэдэнтэй нэгдэхэд ч бэлэн байсан. Гэсэн хэдий ч сонгууль ойртсон учир “Адгийн зарга 10 хоног” гэгчээр шийдвэрлэх ёстой томоохон асуудлыг гацаачих болов уу гэдэг үүднээс л асуудалд хандсан.

-Танай намын хувьд удирдлагаа шүүмжилсэн хүмүүс нь асуудалд ордог юм биш үү. Жишээ нь та намын даргаа шүүмжиллээ гэхэд дарамт, шахалт ирнэ шүү дээ?

-Энэ  талаар  би бүлгийн хурал­дааны үеэр өнөөдөр /өчигдөр/ ярилаа. Намын удирдлагаа шүүмжилсэн дөрвөн гишүүнийг нүд үзүүрлээд байвал би хэнээс ч айхгүйгээр энэ тухай хэлэх болно. Миний хувьд намын даргатай бага зэрэг муудалцах тал руугаа орох гээд байна. Юу гэхээр миний санал болгосон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт хурдан оруулах, Эхэд урамшуулал олгох, төрийн албан хаагчдын давхардлыг арилгах зэрэг ажлыг яагаад хийхгүй байгаа юм бэ. Ийм чухал асуудлыг хурдан шийдвэрлэх ёстой шүү дээ.

-Тэгвэл Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй байна гэж ойлгож болох уу?

-Ажиллаж чадахгүй байна гэж ч болохгүй байх. Ер нь ийм чухал асуудлыг яагаад Засгийн газраар хэлэлцэхгүй байна вэ. Юунаас айгаад байгаа юм.

-МАХН Ардын нам болж шинэчлэгдсэн. Тэгтэл МАХН-ыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр удирдаж байгаа. Түүний энэ үйлдлийг улстөрчийнхөө хувьд юу гэж бодож байна. Мөн ирэх сонгуулийн үеэр танай намд МАХН-ынхныг улстөржилт нөлөөлөх үү?

-Нөлөөлж мэдэх юм. Гэхдээ хувь хүний итгэл үнэмшлийн л асуудал байх болов уу. Нэгэнт их хурлаа хийж Ардын нам болсны хажуугаар Н.Энхбаяр ийм үйлдэл гаргаж байгааг буруу гэж үздэг. Миний хувьд МАХН-д нэг их ач холбогдол өгөхгүй байгаа.

-Та МАХН-ын дарга Н.Энхбаяр, Монгол Үндэсний ардчилсан намын дарга М.Энхсайхан нарын нэгдэлд ач холбогдол өгч байгаа юу?

-Энэ хоёр хоёулаа л том улстөрч. Нэг нь манай намаас, нөгөөх нь Ардчилсан намаас гарсан хүмүүс. Харин ирэх сонгуулиар парламентад орж ирэхийг нь үгүйсгэхгүй. Н.Энхбаяр, М.Энхсайхан нараас өөр хүн намаас нь гарч ирэхгүй байх. Гэхдээ тэдний үйлдэл нь улстөрч хүний амиа авч гарах санаа биз.

-Гэхдээ Н.Энхбаяр, М.Энхсайхан нарыг парламентад орно гэхээр танай намынхан айгаад байгаа юм биш үү?

-Айдаг хүн байдаг л биз. Миний хувьд айх зүйл алга. Н.Энхбаяр бол яах аргагүй Монголын томоохон улстөрч мөн. Харин түүний үйл ажиллагааг хүмүүс хэрхэн хүлээж авч байгааг нь хэлж мэдэхгүй юм. Хэн нэгэнд гомдчихоод байгаа юм болов уу даа. Уг нь намдаа чимээгүйхэн байсан бол дахиад Ерөнхийлөгч болох байсан хүн шүү дээ. Болдоггүй юм байлгүй нам байгуулаад явчихлаа. Би Н.Энхбаярын хийж байгаа бүхэнд ойр хавийнх нь турхирсан хүмүүсийг буруутгадаг. Н.Энхбаяр бол сайн хүн.

-Ойр хавийн хүмүүс гэхээр та яг хэнийг хэлээд байна вэ?

-Зөвлөдөг, турхирдаг олон хүн бий байх. Н.Энхбаяр их итгэмтгий хүн. Бас бодож тунгаахдаа чадварлаг улстөрч.

-Иргэний Зориг нам Монголын Ногоон намтай нэгдэж, МАХН, МҮАН-тай болон иргэний хөдөлгөөнүүдтэй эвссэн. Мөн Ардын нам, Ардчилсан нам хэмээх улс төрийн хүчин байна. Энэ бүгдийг харахаар ирэх сонгуулийн уур амьсгал их сонирхолтой байж мэднэ. Та ирэх сонгуулийн өнгө төрхийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Маш сонирхолтой парламент бүрдэх болов уу гэж бодож байгаа. Хамгийн гол нь Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдчихвал 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд ямар нэгэн сонгуулийн шоу хийх бололцоогүй болно. Мөн мөнгө тараасан гэх яриа гарвал үүнийг Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлэдэг болчихно. Сонгуульд мэдээж учир мэддэг хүмүүс л өрсөлдөнө. Хуулиа мэдэж л байгаа бол баруун, солгойгүй мөнгө цацаад гарна гэж бодохгүй биз. Хэрэв ингэж мөнгө тараавал өөрөө л хохирно шүү дээ.

-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ долоо хоногт баталчих байх. Тийм үү?

-Хуулийн төслийг батлах сүүл­чийн хугацаа энэ сарын 27-нд дуусна. Хэрэв баталж амжихгүй бол хуучин хуулиар сонгуулийг явуулна гэсэн үг.

-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд архи, тамхи, согтууруулах, ман­сууруулах бодис үйлдвэрлэдэг, борлуулдаг, зуучилдаг хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг нь хязгаарлах тухай санал гаргасан. Таныхаар энэ зөв үү?

-Би үүнийг дэмжиж байгаа. Энэ нь ард түмэнд сайхан сонсогдоно. Гэтэл цаанаа Үндсэн хуультай харшилна. Тиймээс үүнийг шийдвэрлэх үүднээс өмнө нь дэгийн журам гаргачих ёстой байсан юм. Өөрөөр хэлбэл архи, тамхи үйлдвэрлэдэг, бүр галт зэвсэг наймаалдаг хүмүүс байвал яах вэ. Тиймээс дэгийн журамдаа ийм төрлийн бизнес эрхэлдэг хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гээд заачих хэрэгтэй юм. Хамгийн чухал нь Үндсэн хуулиа л гол болгох ёстой.

-Танай намын бүлгийн гишүүдийн хувьд энэ саналын талаар ямар байр суурьтай байх шиг байна. Ярилцсан уу?

-Ярилцаагүй. Үндсэн хуулиар оролдож буй болохоор гишүүд нэг их ярихгүй байна.

-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  хугацаанд нь баталж амжихгүй бол хуучин хуулиар сонгууль явуулахаас өөр аргагүй. Тэгвэл “Долоодугаар сарын 1”-ний үймээнтэй ижил зүйл болно гэж ярих хүн бий?

-“Долоодугаар сарын 1” л гэж яриад байх юм. Тухайн үед хэн нь манлайлж, хаана явж байсныг телевизээр хүмүүс харсан шүү дээ. Чухам хэн зохион байгуулсан болохыг ард түмэн дотроо бодож л байгаа. Харин таван хүний амь эрсэдсэн харамсалтай үйл явдал болсон. Үүнд тухайн үеийн Ерөнхийлөгч, эсвэл одоогийн Ерөнхийлөгч яагаад уучлалт гуйж болохгүй гэж. Миний бодлоор дахиад ийм үймээн болно гэж бодохгүй байна. С.Эрдэнэ гишүүн энэ үймээнийг Ардын намынхан зохион байгуулсан юм шиг яриад байх юм. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэгчээр хүмүүс манлайлаагүй байсан бол ийм зүйл болохгүй л байсан.

-Ярилцсанд баярлалаа

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж