Оюутолгойд оюуны уурхай ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Оюутолгойд оюуны уурхай ажиллаж эхэллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, “Оюутолгой” ХХК хооронд мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх харилцан ойлголцлын баримт бичигт гарын үсэг зурснаас хойшхи 500 өдрийг тэмдэглэх, хэрэгжилтийн тайлан танилцуулах үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцах өдөрлөг өнгөрөсөн амралтын өдөр Эрдэнэт хотноо боллоо. Энэхүү өдөрлөгт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганболд нар болон албаны хүмүүс оролцсон юм. Уг санамж бичигт 2007 оны долоодугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, нөгөө талаас “Оюутолгой” ХХК-ийн төлөөлөл гарын үсэг зуржээ. Үүнээс хойшхи 500 өдрийн хүрээнд хийж бүтээсэн нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг “Оюутолгой” ХХК-тай хамтран ажилладаг байгууллага, болон боловсролоо дээшлүүлэхийг хүссэн залууст танилцуулсан юм. Одоогийн байдлаар “Оюутолгой” ХХК мэргэжлийн боловсрол, сургалтанд нийт 58 сая ам.доллар хандивлахаар болсон юм байна. Үүний гол зорилго нь мэргэжлийн сургалтыг дэмжих, дэлхийн хэмжээнд нийцэх боловсон хүчнүүдийг бэлтгэх сургалтын чанарыг сайжруулахад оршиж байгаа аж. “Оюутолгой” ХХК-ийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг нийт 3300 гаруй оюутан залуус төгсчээ. Тэдний 98 хувь нь “Оюутолгой” ХХК-д ажиллаж байгаа. Харин энэ сард төгссөн нийт төгсөгчдийн 45 хувь нь “Оюутолгой” ХХК-д ажилладаг юм байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр энэхүү арга хэмжээний үеэр “Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаас хойш нэг жил дөрвөн сар өнгөрлөө. Энэ нь боловсролын салбарт, тэр дундаа мэргэжлийн боловсролд хамгийн их үр нөлөөгөө өгч байгаа төсөл юм. Мөн Налайх дүүрэгт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн шавыг тавьсан. Манай улсын Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд хөрөнгө оруулж, сургалтын чанарыг дээшлүүлэх болон монгол залуусыг дэлхийн хэмжээний боловсон хүчин болгоход нэлээд сайн хамтран ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Төслийн хүрээнд Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн 25 төвийг нийт хоёр тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангаад байна. Үүнээс гадна Монгол Улсад Мэргэжлийн сургалт, үйлдвэр­лэлийн төвийн тоо 2.5 хувиар нэмэгдсэн” гэв.

“Оюутолгой” ХХК-ийн Төлөө­лөн удирдах зөвлөлийн гишүүн, Хүний нөөц, сургалт хариуцсан салбар хорооны дарга Ч.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа.  
    
-Та “Оюутолгой төслөөс Мэр­гэж­­­­лийн сургалт үйлдвэр­лэ­­лийн төвүү­дэд нийт 100 тэр­бум орчим төгрө­гийн хөрөнгө оруулалт хий­сэн” гэж хэлсэн. Харин үр дүнг нь юу гэж дүгнэж байна вэ?

-Дэлхийн хэмжээний уурхайг ажилуулахын тулд тэр түвшний боловсон хүчинтэй байх ёстой. Гэхдээ тэднийг Монгол Улсаас авч ажлуулах ёстой. Оюутолгойн ил уурхайд 250 гаруй төгсөгч ажиллаж байна. Сургалтын төвүүдэд бэлтгэж байгаа залуучууд “Оюутолгой” биш, уул уурхайн бусад салбар компаниудад хэрэгцээтэй боловсон хүчин болж байгаа гэж бид бодож байна.

-Цаашид ямар салбарт хөрөнгө оруулах вэ?

-Оюутолгойн уурхай хүдэр олбор­лоогүй байгаа. Гэхдээ бид оюу­ныхаа уурхайг ажилуулж эхэллээ. Заавал дээд сургууль төгссөн хүн биш, хүсэл мөрөөдөлтэй хэн нэгний хандлагыг өөрчлөхөд оршиж байгаа гэж бодож байна. Цаашид бид өөр олон салбарт хамтран ажиллах байх. Мэдлэг туршлага цогцолсон Эрдэнэтэд бид боловсон хүчнээ бэлтгэж байгаадаа баяртай байна.

-Энэхүү хөтөлбөр цаашид хэрэгжих үү?

-Сургалт, хөтөлбөрүүдийг энэ хэвээр хэрэгжүүлэх үү, аль эсвэл хэлбэрийг нь өөрчлөх үү гэдгээ БСШУЯ-тай зөвшилцсөний үндсэн дээр шийднэ. Эрдэнэтийн Технологийн сургуу­лийн Хүнд машин механизмын универ­сал, операторын ангийн оюу­тан Г.Цогбаатар “Би Оюутолгой төс­лийн дэмжлэгээр мэргэжлийн сур­­галт, үйлдвэрлэлийн төвийг опера­торч мэргэжлээр энэ сарын 22-нд төгсөнө. Сургалтын орчин болон онол, практикийн хичээлийн чанар ерөн­хийдөө сайн. Бид 3.6 жилийн хуга­цаатай сургалтанд хамрагдсан. “Оюутолгой” ХХК-д ажилласнаар би сард 1000 ам.дол­лараар цалинжина. Өмнө нь 200 ам.долларын тэтгэлэг авч байсан бол энэ сараас эхлэн 250 ам.доллар авдаг болсон. Сургалтын шинэ тоног төхөөрөмжийг бидэнд хүлээлгэж өгөөд удаагүй байгаа. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөө төгсөж ажлын байртай болох гэж байгаадаа баяртай байна” гэлээ.

Э.Баясгалан

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж