Төрийн ордон Түмний ордон учир тасалбар худалдана

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Төрийн ордон Түмний ордон учир тасалбар худалдана

Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат Тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулан төрдөө хүндэтгэл үзүүлэх хүндэтгэлийн тоглолтоо Төрийн ордон тоглох гэж байна. “Хаан хууртай харшийн шинэ жил” тоглолтынх талаар тодрууллаа. 

-Төрийн ордон дахь тоглолт цуцлагдсан гэсэн явган яриа гадуур байна. Төрийн ордны хана нурж магадгүй тул Ёслолын газраас зөвшөөрөл өгөөгүй гэнэ гэсэн яриа гарсан байна?

-Ор үндэсгүй мэдээлэл байна. Төрийн ёслолын албанаас энэ сарын 19-ний 19.00 цагт тоглох зөвшөөрөл авсан. Шат шатны албаны хүмүүсээр орж явсаар зөвшөөрсөн. Үүнд их баяртай байгаа. Тоглолт маань нэг ч минут, секундээр хойшлохгүй. Цагаа сайн бариарай гэж үзэгчдэдээ хэлмээр байна. Тоглолт яг цагтаа эхэлж, товлосон цагтаа дуусна.

-Тоглолтын өдөр 19-нд, 16-нд гэж хүмүүс янз бүрээр ярьж байгаа сонсогдсон?

-Арванхоёрдугаар сарын 19-ний даваа гаригт тоглоно. Төрийн ёслолын алба эхлээд 16-нд тоглох зөвшөөрөл өгсөн. Гэтэл 17-нд 100 жилийн ойгоо хийж байгаа таван яамны нэгдсэн арга хэмжээ Төрийн ордонд болох тул хоёр хоногийн өмнө бэлтгэл ажил хийнэ хэмээн бидэнд 19-ний даваа гаригийг өгсөн.

-Та яагаад Төрийн ордныг сонгосон учраа дахин тайлбарлахгүй юу?

-Тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулж байгаагаар маш том онцлогтой. Уран бүтээлч болж өсч бойжсоны хувьд хүү нь төрдөө хүндэтгэлээ үзүүлж, баярлалаа гэдгээ үүгээрээ илэрхийлж байгаа юм.

Үүнээс гадна ээж, аавын минь авьяас, эх орны минь тэнгэр тэтгэж, миний бие Арита Франклинтай хамтран ажиллах хувь тохиосон. “Роллинстоне” сэтгүүлийн бүх цаг үеийн номер 1 дуучнаар тодорсон энэ хүний даралтат хөгжимчин болж, АНУ-ын тангараг өргөх ёслолын хөгжмийг найруулсандаа баярлаж, их аз завшаан гэж бодож явдаг. Мөн Вашингтоны Линкольны ордонд тоглох завшаан тохиосон. Линкольны ордонд сенатуудад зориулсан тоглолтод оролцож, Арита Франклиныг Линкольны нэрэмжит эрхэм хүндтэй шагналын гурав дахь эзнээр тодрох мөчид гэрч болж байсандаа баярладаг.

Дөрвөн их ой, энэ бүхнээс улбаалаад Төрийн ёслолын хоймор уран бүтээлээ тоглох юмсан гэсэн бодол эртнээс байсан. “Давтагдашгүй” тоглолтын үеэр нь VIP тоглолт хийнэ гэсэн яриа байсан шүү дээ. Иймээс тоглож байгаа юм.

-Тэгэхээр тоглолтыг зөвхөн урилгаар тоглох хэрэг үү? Энгийн над шиг хүн орж үзэж болохгүй юу?

-Зуун хувь урилгаар биш. Тасалбар борлуулна. Тасалбарын хувьд 100 мянган төгрөгийн үнэтэй. Төрийн ордонд энгийн иргэд орж болно шүү дээ. Төрийн ордон бол Түмний ордон. Түмний ордон учраас надад тоглох зөвшөөрөл өгсөн гэж ойлгож байгаа. Тасалбарыг 8810-9093, 9963-3816 утаснуудаар урьдчилан захиалж авах боломжтой. Авахдаа овог, нэр, регистрийн дугаараа бичүүлнэ. 19-нд төрийн ордонд ирэхдээ тасалбартайгаа иргэний үнэмлэхээ шалгуулж нэвтэрнэ. Хэдийгээр олон зүйл шаардлагатай нь төвөгтэй мэт санагдаж байвч, ёслолын дэг жаягийг дагахаас өөр аргагүй шүү дээ.

-Энэ удаагийн тоглолтод “Никитон” болон бусад уран бүтээлчид оролцох уу?

-“Морин хуурын” чуулга тоглолтыг маань дэмжиж оролцож байгаа. “Никитон” бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоно. “Харанга”-ын Лхагваа, “Чингис”-ийн Жагаа ах, Ч.Чинбат багштай Хөгжим бүжгийн коллежий оркестр оролцоно. Хаан хуурын аялгуунд шинэ жилийн сайхан орой, сонгодог хөгжмийн тансаг сайхныг мэдэрч эрхэм сайхан мөчийг мартагдахааргүй өнгөрүүлцгээе гэж уриалмаар байна.

-Баярлалаа. Таны тоглолтод амжилт хүсье.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж