Долдугаар сарын 1-ний нууц баримтыг дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1-ний нууц баримтыг дэлгэлээ

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд унагасан юм. Энэ үйл явдалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ “Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд заасан 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын улмаас шархадсан зургаан иргэн, мөн галт зэвсэгт амиа алдсан дөрвөн иргэн, угаартаж нас барсан нэг иргэнээс төрийн нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчөөр уучлал гуйлгуулах тухай асуудал нь зөвхөн нэг л заалт юм. Үүнээс гадна Цагдаа, Шүүх, прокурорын байгууллагыг хэрхэн шинэчлэх тухай заалт бас туссан байсан. Энэ шинэчлэлийг хийснээр хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчин хангагдах ёстой. Жишээлбэл, Тагнуул, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн газрын мөрдөх алба, Улсын ерөнхий прокурорын хэрэг бүртгэх албаны чиг үүргийг хэрхэн тусгаж өгөх тухай заасан байсан. Ингэхгүй бол хэрэг илрэхгүй байна. Цагдаа нар гудамжинд гарсан хэргийг илрүүлдэг хэрнээ дотроо гарсан хэргийг илрүүлэхгүй байна. Гол шалтгаан нь цагдаа нар хэргийнхээ баримтуудыг өөрсдөө устгаж байна. Хоёр дахь шалтгаан нь шүүхээс шийдвэр гарахад дээрээс заавал зааварчилгаа өгч нөлөөлдөг. Тийм учраас өмгөөлөгч, хуульчдын холбоог яаж сайжруулах юм бэ гэдгийг мөн энэхүү тогтоолын хүрээнд тусгасан байсан. Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдсан иргэдийг өмгөөлөх өмгөөлөгч тухайн үед олдохгүй байсан. Яагаад гэвэл өмгөөлсөн хүнийг нь дээрээс нь дарамталж байсан учраас. Тиймээс энэ тогтоол нь өргөн агуулгаараа хууль, цагдаа, шүүхийн байгууллагыг шинэчлэх талд чиглэсэн байсан гэдгийг онцолъё” гэсэн юм.

Мөн энэхүү мэдээллийг хийх үеэрээ өдрийн тэмдэглэлийн  дэвтрээ авчирч  өгсөн цагдаагийн баримтуудыг дэлгэсэн юм. Тэрбээр цагдаагийн өдрийн тэмдэглэлийг сэтгүүлчдэд харуулсны зэрэгцээ жижиг хальсан уутанд хийсэн бууны хонгионуудыг үзүүлэв. Эл бууны хонгио нь хоёр төрлийнх байх аж. Гишүүний тайлбарласнаар нэг нь жинхэнэ сумны хонгио, нөгөө нь сургуулилтын үеэр ашигладаг бууны хонгио аж.

Цагдаагийн өдрийн тэмдэглэлд бичсэнээр хэний тушаалаар цагдаагийнхан иргэд рүү гал нээсэн. Иргэдийг буудаж амийг нь хөнөөснийхөө дараа мөн хэний тушаалаар галт сумныхаа хонгиог түүхээр явсан. Дээрх хонгиог түүснийхээ дараа сургуулилтын сумны хонгиог хэдэн цагийн орчимд цацсан бэ гээд олон зүйлийг өнөөдөр хэвлэлийнхэнд дэлгэсэн тэрхүү өдрийн тэмдэглэлд тодорхой бичжээ. Зарим хэсгийг сийрүүлбэл,

“Цагдаагийн дэд хурандаа Мягмаржав бидний долоон цагдаагаар Эргүүл хамгаалалтын газрын подвалын бие засах өрөөний суултуурыг авахуулж 3 м орчим гүн нүх ухуулав. Тэр нүхэнд нэлээн зузаан бүдүүн труба авчирч суулгаад буудлага хийж, долдугаар сарын 1-нд хэрэглэсэн буунуудын цохилуур болон бусад зүйлийг өөрчилсөн. Нүх ухсан цагдаа нар: Ганболд, Батболд, Төмөрбаатар, Ганбаатар, Мандах, Мөнхтулга, Батсүх даргын хамаатан бас нэг цагдаа. Цагдаа Мөнхтулга нөгөө трубаг Эргүүл хамгаалалтын газрын саарал өнгийн фургон машинаар Гачууртад аваачиж хаяхаар авч явсан” гэж бичсэн байлаа. Түүнчлэн дээрх үйл ажиллагааг цагдаа нараар гүйцэтгүүлсэн  цагдаагийн хурандаа н.Батсүх, дэд хурандаа н.Мягмаржав хоёр цагдаа нарт хандан “Өөрсдөдөө эргэлзэж байгаа хүн байвал хэлээрэй. Бууг чинь янзалж өгнө шүү” гэж хүртэл захиж байсныг энэхүү өдрийн тэмдэглэлд бичсэн байв. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин энэхүү өдрийн тэмдэглэлд бичсэн зүйлүүд бол хөдөлшгүй нотлох баримт гэдгийг онцлоод хэрэг үйлдсэн цагдаа нар дарга нарыгаа хууль хяналтын байгууллагынханд гэрчлээгүйнхээ төлөөсөнд зарим нэг нь гадаадад сурахаар явсан бол мөн зарим нэг нь Цагдаагийн академиад суралцаж байгааг дуулгасан юм. Бодит байдал ийм байхад энэ хэргийг хаацайлж Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг унагахад гол үүрэгтэй ажилласан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарт харамсч буйгаа илэрхийлээд сайн эцгийн нэр, сайн дүүгийн нэрээр хэр хол явахыг нь харъя. Эцсийн дүндээ сонгогчид эдгээр хүмүүсийг гэмт хэрэг хийгчдийг хаацаалаарай гэж сонгоогүй. Өнөөдөр энэ хэргийг хаацайлсан ч үнэнд гүйцэгдэж л таарна. Шинэ цаг ирэхэд энэ хэргийг илүүлнэ” гэлээ.

2008 оны долдугаар сарын 1-ний хэргийн улмаас хохирсон цагдаа нараас зарим нь одоо хэр нь эрүүл мэндийн нөхөн төлбөрөө авч чадаагүй байгаа бөгөөд эл асуудлаараа Х.Тэмүүжин гишүүнд дахин ханджээ. Жил гаруйн өмнө асуудал тавихад нь Засгийн газарт энэ асуудалтай холбогдуулан асуулга тавьж байсан. Гэвч шийдвэрлэгдээгүй, тиймээс энэ асуудлыг Засгийн газарт уламжлах ёстой гэж үзэж байна.  Намын байр барих болохоор 11 тэрбум төгрөг зарцуулж болдог, төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж яваад хохирсон цагдаа нарын эрүүл мэндийг хохирлыг барагдуулах болохоор төрөөс мөнгө гаргаж чаддаггүй байж болохгүй. Дээр нь  цагдаагийн байгууллагын техник хэрэгслийг сайжруулах талд өнөөг хүртэл даацтай ажил хийж чадаагүй нь нэг ёсны Засгийн газрын тэргүүн С.Батболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар ажлаа хийж чадахгүй байгааг харуулж буй хэрэг. Тиймээс албан тушаалаасаа огцрох цаг нь болсон гэлээ.

Дашрамд сануулахад, Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахад нэлээд цаг хугацааг зарцуулсныг зэрэгцээ саад тотгортой ч нэлээд тулжээ. Тухайлбал, анх 2009 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна. Улмаар 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийн улмаас хохирсон иргэд болон уг хэрэгт холбогдсон гэрчүүдээс болсон явдлын талаар мэдээлэл авах чиглэлээр ажилласан. Ингээд Тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 12-нд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар нээлттэй сонсгол зохион байгуулах тухай журмыг боловсруулж батлуулсан.

Ингэснээр 2009 оны арванхоёрдугаар сарын 2-нд “Долдугаар сарын 1 ба хүний эрх” нээлттэй сонсголыг анх удаа Монгол Улсын парламентын төвшинд зохион байгуулсан байна. Дараа нь галт зэвсэг ашигласан талаарх хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн ч, эрх баригчдын хувьд аль болох хийлгэхгүй байх талаас нь ажиллагаа явуулснаар эл сонсголыг хийж чадаагүй аж. Тухайлбал, энэ асуудлыг чуулганаар хэлэлцүүлэхээр саналаа өгөхөд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас дөрвөн удаа нээлттэй сонсгол явуулах дарааллыг УИХ-ын хуралдаанд оруулалгүй буцаажээ. Нэг тохиолдол нь Улсын ерөнхий прокуророос нээлттэй сонсголд оролцохгүйгээ илэрхийлсэн албан бичиг ирүүлснийг үндэслэн УИХ-ын даргын зүгээс галт зэвсэг ашигласан талаарх нээлттэй сонсголыг зохион байгуулах боломжгүй гэсэн шийдэрийг ч авч байжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж