Нацистуудын урлагийн бүтээл интернетэд

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Нацистуудын урлагийн бүтээл интернетэд


Мюнхений урлагийн түүхийн Төв институт 1937-1944 онуудад Мюнхенд болж байсан жил тутмын  Германы урлагийн Их үзэсгэлэнгүүд дээр авсан 100 мянга гаруй гэрэл зургийг интернетэд тавилаа. Өмнө нь дээрх үзэсгэлэнгийн каталогид тун цөөн тооны зураг орж, хүмүүс тэр үйл явдлын тухай зөвхөн уншиж мэддэг байсан учраас “нүдээр үзсэн нь илүү” хэмээн зохион байгулагчид ярьж байна.

2007 оноос хойш гэрэл зургийн санг каталогжуулж, дижитал хэлбэрт оруулах ажлыг эхлүүлсний үр дүнд өнөөдөр интернетийн gdk-research.de  хаяг дээрх 8 үзэсгэлэнгийн виртуаль танхимаар аялж, үзмэр болгоныг үзэхийн зэрэгцээ хэнд, хэзээ худалдсан тухай мэдээлэлтэй нь танилцаж болох юм.

Төслийн үр дүнд нацистын дэглэмийн үеийн германы нийгмийн урлагийн таашаалын талаар тун тодорхой ойлголт авч болох бөгөөд үзэл суртлын зорилго агуулаагүй энгийн, уламжлалт байгалийн зураг, натюрморт, төрөлжсөн уран зургууд дийлэнхи нь байна.

Судлаачдын бүрдүүлсэн мэдээллийн сангаас үзэхэд германы урлагийн хамгийн гол таашаагч нь Адолф Гитлер байжээ. Тэрээр Их үзэсгэлэн гарч байсан хугацаанд нийт 7 сая рейхсмаркийн үнэтэй 1312 бүтээл худалдаж авчээ.

Гитлерийн авсан бүтээлүүдийн нэг нь зураач Эдмунд Штеппесийн домгийн морь, хэрэм бүхий энэ зураг (фюрер 15 мянгыг “хаясан”) юм. Судлаач Фурмайстерийн үзэж байгаагаар, Гуравдугаар рейхийн үед байгалийн болон төрөлжсөн зураг их эрэлттэй байсан нь улс төржөөгүй бүтээлүүд германы жирийн иргэнд суртал ухуулгаас амсхийх боломж олгодог байсантай холбоотой юм байна.

Эх сурвалж: The Art Newspaper

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж