Багш нарын цалинг шийдвэрлэхийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Багш нарын цалинг шийдвэрлэхийг уриаллаа

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар өчигдрөөс хугацаагүй ажил хаялт зарласан. Үүнээс болж сурагчид, эцэг эхчүүдийн  эрх ашиг зөрчигдөж байгаад Хүний эрхийн үндэсний комиссоос санаа зовниж буйгаа илэрхийллээ. Тиймээс Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн холбогдох заалтуудыг удирдлага болгон Засгийн газар, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран үүсээд буй асуудлыг нэн даруй хэлэлцэн  шийдвэрлэхийг  уриалсан юм. Түүнчлэн “Засгийн газар болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд багш ажилчдын цалинтай холбоотой асуудлаар үл ойлголцол, маргаан үүсч 93 ерөнхий боловсролын сургууль, 74 цэцэрлэг хаалгаа барин, олон мянган хүүхэд харж асрах хүнгүй гэр орондоо хараа хяналт муутай орхигдож, олон ээлжээр хичээллэж ачааллаа даахгүйд хүрсэн ерөнхий боловсролын сургуулиудын хичээл урт хугацаагаар тасарч, сурагчид хохирч байгаад Хүний эрхийн Үндэсний Комисс санаа зовниж  байна” гэжээ.

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо 2011 оны есдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2010-2011 оны улсын хэлэлцээрийн 3 дугаар бүлгийн 3.1-дэх хэсэг, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн шийдвэрийг Засгийн газар биелүүлэхгүй байна гэх үндэслэлээр хугацаагүй ажил хаялт зарлаад байгаа юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж