Өнгөрсөн сарын шалгаруулалтанд амжилтаараа манлайлсан таван тамирчин өрсөлдөж, боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монгол Улсын Гавьяат тамирчин Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба шилдгээр тодорсон юм. Тэгвэл арваннэгдүгээр сарын шилдэг тамирчны шалгаруулалтын дүн гарч, Нидерландын Амстердам хотноо болсон жүдо бөхийн гран-при тэмцээний -78 кг-ын жинд аваргалсан ОУХМ П.Лхамдэгд шилдэг тамирчнаар шалгарлаа.
Тэрбээр нийт шалгаруулалтын 50 хувийг эзлэх онлайн санал асуулгад гуравдугаар байрт жагсч байсан ч МҮОХ, МССХ болон бусад байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн тусгай комиссийн дүнг нэгтгэсний дараагаар ийнхүү Сарын шилдэг тамирчнаар шалгарсан анхны эмэгтэй тамирчин болж байна.
П.Лхамдэгдээс ердөө дөрөвхөн хувийн саналын зөрүүгээр ФИДЕ мастер А.Энхтуул хоёрдугаар байрт орлоо. Бразилийн Калдас-Новас хотноо болсон шатрын 18 хүртэлх насны өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн авьяаслаг шатарчин охин онлайн санал асуулгыг гурав дахь өдрөөс эхлэн тэргүүлсэн боловч комиссын үр дүнг нэгтгэсний дараагаар ийнхүү хоёрдугаар байрт орсон байна.
Онлайн шалгаруулалтыг эхний өдрүүдэд тэргүүлж байсан жүдо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг, сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал болон Монгол Улсын Гарьд Н.Ганбаатар нар энэ сарын шалгаруулалтад нэр дэвшиж, амжилттай өрсөлдлөө.
МҮОХ-ны арваннэгдүгээр сарын шилдэг тамирчин П.Лхамдэгд одоогоор Японы Токиод болсон “Их дуулга”-ын тэмцээнд оролцон эх орондоо байхгүй байгаа бөгөөд тун удахгүй шагнал болох цом, үнэ бүхий зүйлсийг гардуулах ажээ.
Онлайн шалгаруулалтын дүн
1. А.Энхтуул – 32 хувь /203 санал/
2. Д.Төмөрхүлэг – 27 хувь /174 санал/
3. П.Лхамдэгд – 16 хувь /103 санал/
4. М.Даваажаргал – 16 хувь /103 санал/
5. Н.Ганбаатар – 9 хувь /54 санал/
Нийт дүн:
1. П.Лхамдэгд – 16 хувь + 30 хувь = 46 хувь
2. А.Энхтуул – 32 хувь + 10 хувь = 42 хувь
3. Д.Төмөрхүлэг – 27 хувь + 10 хувь = 37 хувь
4. М.Даваажаргал – 16 хувь
5. Н.Ганбаатар – 9 хувь