Африкт будлиангүй сонгууль болсонгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Африкт будлиангүй сонгууль болсонгүй

ЗААНЫ ЯСАН ЭРГИЙН ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ АСУУДЛЫГ ХУРЦАТГАВ

Зааны ясан эрэг улсад Ерөнхийлөгчийн сонгууль явагдсанаас хойш нэг жилийн нүүр үзлээ. Ойролцоогоор таван сая гаруй иргэн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, шинэ цагийн “дарангуйлагч” Лаурент Гбагбог суудлаас нь огцруулсан юм.

Үүний дараа ард түмний олонхийн саналаар цагтаа Африкийн санхүүгийн холбооны тэргүүн, 1995 онд тус улсын Ерөнхий сайдын албыг хашиж явсан улс төрийн асар туршлагатай Алассане Оуттара сонгогдсон юм. Гэхдээ Л.Гбаг богийн ойр орчмын хүмүүс ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагийн улмаас зэвсэгт мөргөлдөөн, үймээн самуун өдөөсөөр байна.

Энэ нь экс Ерөнхийлөгчийн улс төрийн замналын ихэнх цаг хугацаа зэвсэгт босогчдын төлөө өнгөрснийг харуулах аж. Тус улсын хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгч Алассане Оуттара парламентаа бүрдүүлэхээр чармайж байна. Харамсалтай нь экс Ерөнхийлөгч Л.Гбагбог олон улсын шүүх байгууллага хариуцлагат татсан учраас түүний тэргүүлдэг байсан Зааны ясан эргийн Үндэсний нам Засгийн газарт бойкот үүсгэжээ.

Өөрөөр хэлбэл, А.Оуттарагийн засаг захиргааг дэмжсэнгүй. Тиймээс тус улсад үндэстний хагарал намжаагүй байгаа юм. Гэсэн ч үүний хажуугаар Зааны ясан эргийн нийслэл Абижанд 255 сонгуулийн комисс үүдээ нээж, улс орон даяар парламентын сонгууль явуулж эхэлжээ. Тус улсын Ерөнхийлөгч А.Оуттара хэлэхдээ “Манай улсад сүүлийн 11 жил дайн, самууны хөл үймээн тасарсангүй. Харин энэ удаа цэгцтэй, олон улсын жишигт дөхөхүйц шийдвэрлэх шатны парламент төрийн эрхэнд гарч ирэх нөхцөл байдал бүрэлдээд байна” гэжээ.

АРДЧИЛСАН КОНГОД ДАЙН ӨРНӨЖ БАЙНА

Африк тив дэх сонгуулиас үүдсэн дайны гал Ардчилсан Конгод мөн үргэлжилж байна. Тус улсад өрнөж байсан сонгуулиудын үр дүнтэй харьцуулахад санал хураалтын үр дүн хамгийн эргэлзээтэй боллоо хэмээн ажиглагчид дүгнэв.

Тус улсын улс төрийн тавцанд олон жил хүч үзэж буй Жосеф Кабила сонгогчдын 49 хувийн саналыг өөртөө цуглуулжээ. Харин сөрөг хүчний тэргүүн Этине Тшисекеди 32 хувийн саналаар энэ удаагийн өрсөлдөөнд ялагдал хүлээв. Гэхдээ Э.Тшисекеди орон нутагт давуу ялалт байгуулсан хэрнээ төв, сууринд үнэмлэхүй ялагдаад буйгаа ойлгохгүй байгаа аж.

Тэрбээр энэ удаагийн сонгуулийг будлиантай болсон хэмээн мэдэгдсэнээс хойш тус улсад буудалцаан газар авлаа. Үүгээр барахгүй ирэх долоо хоног гэхэд Засгийн эрхийн байр суурийг өөрийн болгоно хэмээн мэдэгджээ. Сөрөг хүчний төлөөлөгч Алберт Молека “Ройтерс” агентлагт ярихдаа “Сонгогчид санал хураалтын үйл ажиллагаанд эхнээсээ итгээгүй. Ажиглагчдын тоо ч эрс цөөн байсан. Зарим сонгуулийн комиссын байранд Ж.Кабилагийн намынхан ил тод ажиллаж байсныг гэрчлэх хүн олон бий. Бид Засгийн газарт байр сууриа буцаан авахын тулд урт удаан аялалаа өнөөдрөөр эхлүүлж байна” гэжээ.

Сонгуулийн үр дүнг олонд зарлаагүй байхад Ардчилсан Конгод дөрвөн иргэн амь үрэгджээ. Мөн санал хураах байруудад армийн албан хаагчид төвлөрсөн бөгөөд үймээн дэгдээсэн хэн нэгнийг үг дуугүй буудах эрхтэй аж.

ЗИМБАБВЕД НАМУУДЫН ӨРСӨЛДӨӨНД ЦУС ҮНЭРТЭЖ ЭХЭЛЖЭЭ

Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе ирэх онд болох Ерөнхийлөгчийн дахин сонгуулийн товыг зарлахаас татгалзлаа. Энэ нь 87 настай төрийн тэргүүнийг суудлаа тавьж өгөх бодолгүй байгааг шууд харуулсан хэрэг аж. Тэрбээр намын харьяаллаас гарч, төрийн эрхийг атгах болсон ч Засгийн газрын “мангас” хэвээр байна.

Мөн түүнийг нам, эвслүүдийн хооронд “цус холих” ажил явуулсаар байгааг тус улсын хэвлэлүүд ил, далд мэдээлж байгаа юм. Хэдийгээр ардчилсан нийгэмд оршдог ч гэлээ тус улсын Засгийн газар Ерөнхийлөгч Р.Мугабегийн шууд хараат байдалд оршин тогтнодог. Тиймээс ЗАНУ намыг толгойлсон үеэсээ парламент дахь хамгийн том өрсөлдөгч МДС намыг түлхэх хандлага ажиглагдсан юм.

2009 онд ЗАНУ болон МДС намууд парламентын өрсөлдөөнд бусад нам, эвслүүдээ ардаа орхиж, Засгийн газар дахь суудлуудыг хуваан авсан байдаг. Улмаар МДС намын тэргүүн Морган Цвангирай Ерөнхий сайдын албад томилогдож, Р.Мугабе өөрөө төрийн тэргүүний суудалд заларсан байдаг. Үүнээс хойш дараагийн дөрвөн жил төр барих намуудын өрсөлдөөн товлосон цагтаа эхлэхгүй байгаа нь Р.Мугабе сонгуульгүй парламентын үйл хэргийг үргэлжлүүлэх нь гэсэн хар парламентад суудалгүй намуудад төрөх болжээ. Тиймээс нэг “хөнжилд” шургалсан ЗАНУ болон МДС намууд нийлэн ирэх сонгуульд луйвардаж болзошгүй аж.

Олон мянган иргэн өнөөгийн Засгийн газрыг эсэргүүцэж, улс орны хөгжил үлэмж доройтож байгааг шүүмжилж буй юм. Авлига, хүнд суртлын үүр уурхай болсон Зимбабвегийн парламентыг эсэргүүцэн бослого өдөөсөн хүчний тэргүүн байсхийгээд л амь үрэгддэг “жамтай”. Тиймээс тус улсад дарангуйллын систем ардчилал гэсэн нэрийн дор үүсэн бий болсон хэмээн шинжээчид дүгнэжээ.

СОНГУУЛИАС ҮЛДСЭН ХАР ТОЛБО СОМАЛИД ГАЙ ДАГУУЛСААР БАЙНА

НҮБ-ын тэргүүн Бан Ги Мун Сомали улсад албан ёсны айлч лал хийжээ. Тэрбээр Могадишт газардахдаа сум нэвтэрдэггүй хантааз, цэрэг, цагдаагийн нягт хамгаалалтад буусан юм. Иргэний дайн олон арван жил үргэлжилж буй тус улсад НҮБ- ын энхийг сахиулагчид урт хугацаанд байрлаж буй.

Сомали улс 1991 онд иргэний дайны хөлд идэгдэж, хоёр хуваагдсан байна. Түүнчлэн нийслэл Могадиш л цор ганцаар Засгийн эрхийн бүрэн хяналтад оршдог. Бусад хотууд, суурин газруудад сөрөг хүчин болон хэт даврагсад, босогчдын орогнох газрууд болж хувирчээ.

Бан Ги Мун айлчлалын үеэр Сомалид тайван цаг ирнэ гэдэгт итгэж буйгаа мэдэгджээ. Мөн Сомалийн улс төрийн тогтолцоо учир дутагдалтай оршдог учраас хэн дуртай нь зэвсэг барих үзэгдлийг халах цаг ирсэн гэжээ. Тус улсын Аль Шабаб дүүрэг “Аль Кайда” бүлэглэлийн идэвхтэй оршдог бүс нутаг учраас Бан Ги Муны айлчлалын үеэр нийслэл Могадишт хоёр ч удаа халдлага болжээ. Сомалид ирэх онд сонгууль өрнөх хэдий ч хоёр жилийн өмнөх парламентын санал хураалт өдийг хүртэл мөргөлдөгч талуудын маргааныг шийдэж чадаагүй юм.

СУДАНД СОНГУУЛЬ ЯВАГДАХ ШААРДЛАГАТАЙ ЮУ

Өмнөд Суданын гадаад хэргийн сайд орон нутгийн болон хил дагуух дайн тулаанаа зогсоох хүсэлтэй гэдгээ мэдэгдэв. Тус улс Төв Суданаас “өрх тусгаарласан”-аас хойш иргэний дайн болон зэвсэгт дайчдын мөргөлдөөний голомт болсоор уджээ. Парламент дахь гишүүд энэ онд Сонгуулийн тухай хууль батлах ёстой байсан ч иргэний дайны улмаас уг асуудлыг хэлэлцэж чадсангүй. Иймээс тус улсад сонгуулийн хугацаа товлох боломжгүйд хүрч байгаа аж.

Өмнөд Суданд ердөө хэдхэн жилийн дотор 1.5 сая хүн иргэний дайны улмаас амь үрэгдсэн байна. Ихэвчлэн хилийн зурвас дагуу Өмнөдын Картум, Төв, Хойд Суданы Жуба хотуудад өрнөх зэвсэгт мөргөлдөөн олон хаврыг элээжээ.

НҮБ болон Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллага тус улсад шинэ сонгууль өрнөх ёстой хэмээн үзэж байгаа ч дайны дараа Бүгд найрамдах Судан улс задран унаснаар гурван том нам тус, тусын улсыг байгуулжээ. Эдүгээ Өмнөд Суданы армийн генерал Филип Агуэр болон Хойд Суданы Либерал армийн хүчнийхэнтэй хурц мөргөлдөөн дунд оршдог байна.

Т.Батсугар

"Нийгмийн толь" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж