Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт шатрын хичээлийг оруулахаар болоод байгаа. Тиймээс оюуны спортын нэгэн төрөл болох шатрын хичээлийг заах тусгай багш бэлтгэх асуудлаар Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас тодорхой ажлуудыг эхлүүлээд байна. Тус яаман дээр энэ сарын 9-нд шатрын хичээлийг заах багш нарт сургалт явуулсан. Энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн шатрын багш бэлтгэх сургалтыг 14 хоногийн хугацаатайгаар Спортын төв ордонд өнөөдөр эхлүүллээ. Сургалтанд аймаг бүрээс нэг, дүүрэг тус бүрээс гурван багш хамрагдаж байгаа ба сургалтыг Монгол Улсын шатрын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн, шатрын олон улсын хэмжээний мастер Ц.Лхагвасүрэн, Дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва нар удирдан явуулж байна.
Нэгдүгээр шатны сургалтанд хамрагдсан эдгээр багш нар аймаг, орон нутагтаа дараагийн шатны шатрын багш бэлтгэх сургалтыг 2012 оны эхний хагаст багтаан зохион байгуулах юм байна. Уг сургалтыг БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр нээж үг хэлэн багш нарт амжилт хүслээ.
А.Зул