Премьер лигийн өрсөлдөөн улам ширүүслээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Премьер лигийн өрсөлдөөн улам ширүүслээ

Английн премьер лигийн 28-р тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Энэ 7 хоногт Манчестер Юнайтед Карлинг Цомын шигшээ тоглолттой байсан тул лхагва гарагт Вест Хам Юнайтед багтай урьдчилан тоглож, 3:0 харьцаагаар аваргууд чухал хожил авч чадлаа. Учир нь тэд өмнөх 7 хоногт Эвэртонд хожигдож тэргүүлэгчээс 4 оноо тасраад байсан юм. Гэтэл энэ өдрүүдэд аваргын төлөөх өрсөлдөөнийг улам хурцалсан олон үйл явдал болж өнгөрлөө. Манчестер Сити лигийг тэргүүлэгч Челсиг талбайд нь 4:2 харьцаатай хожиж шуугиан тарилаа. Тоглолтын баатраар Карлос Тевез, Крейг Беллами нар дабль хийснээр тодорсон юм. Харин Ливерпүүл өөрсдийн Анфиелд цэнгэлдэхдээ Блэкбөрн Роверс багийг хүлээн авч Стивен Жерард гоолын салхийг эхний үеийн 20 дахь минутанд хагалсан бол тэмцээний гоолыг Андриувс 40 дэх минутанд чөлөөт цохилтоор авчирсан юм.

Гэвч Алтан жаал Торрес гоолдож, хожил тэднийх болсноор ирэх жил аваргуудын лигт өрсөлдөх эрхийн төлөө өрсөлдөх боломжоо баталгаажууллаа. Харин лигийг сүүл мушгигч Портсмут энэ тойрогт Бёрнлитэй тоглож, талбайд нь 2:1 харьцаатай хожиж чадлаа. Бирмингем талбай дээрээ Уиганыг Жеймс МакФаддений хийсэн гоолын ачаар хожиж 3 оноо авлаа. Харин Болтон талбай дээрээ Вульвсийг 1:0- харьцаатай хожиж дөнгөлөө. Арсенал, Стоук Ситигийн хооронд болсон тоглолт Арсеналд аваргын төлөөх өрсөлдөөнд эргэн орох боломжийг олгох байсан. Стоукийн тоглогч Пью эхний үеийн 7 дахь минутанд багтаа тэргүүллийг авчирсан ч Арсеналын довтлогч Бентднер 31 дэх минутанд тэнцээний гоол хийсэн. Магадгүй энэ тоглолт тэнцээгээр өндөрлөх боломжтой байсан ч Стоук багийн гоолын эзэн Пью 16-ийн дотор гар хүрснээр Арсенал торгуулийн цохилт хийх эрхтэй болж Фабрегас ч алдалгүй цохисноор 2:1 болгожээ. Харин тоглолтын эцсийн цэгийг Вермален тавилаа. Ингэснээр Арсенал 3 оноогоо авч, 58 оноотой тэргүүлэгч Челси, Манчестер Юнайтедын араас гэзэг даран нэхэж эхэллээ. Харамсалтай нь Стоукийн тоглогч  Райн Шоукросс алдаатай такл хийн Английн ирээдүй гэгддэг Рамсейн хөлийг хугалж өөрөө улаан хуудас аван талбайгаас хөөгдлөө. Ийнхүү дуулиан шуугианаар дүүрэн болсон 28-р тойргийн тоглолт өндөрлөлөө. Мэргэн буучдын жагсаалтыг Манчестер Юнайтедын довтлогч Уэйн Рүүни 23 гоолтойгоор тэргүүлж, түүний араас Челсигийн Дидиер Дрогба 19 гоолтойгоор удаалж байна. Тэргүүлэгч Челси 3 оноо алдсан ч 61 оноотой тэргүүлж байгаа бол тэдний ард 1 онооны зөрүүтэй Манчестер Юнайтед бичигдэж байна.    3-р байранд Арсенал 58 оноотой байгаа бол 4-р байрын төлөө Тотенхэм, Манчестер Сити, Ливерпүүл клуб ширүүн өрсөлдөж байна.  

“Score” studio. Б.Батсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж