Энэтхэг нүүрсний импортоо огцом нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Энэтхэг нүүрсний импортоо огцом нэмэгдүүлнэ

Дэлхийн түүхий эдийн эрэлтийн гол хэсгийг бүрдүүлэх болсон Энэтхэг улсын
нүүрсний хэрэгцээ ирэх таван жилд 1 тэрбум тоннд хүрэх төлөвтэй байгааг
тус улсын Төлөвлөлтийн комисс мэдэгджээ. Энэхүү тооцоонд үндэслэвэл тус
улсад 2015 он гэхэд 265 сая тонн нүүрсний нэмэлт нийлүүлэлт
шаардлагатай ажээ. Дотоодын нүүрс олборлолтын хэмжээгээ жилд 7 хувиар
нэмэгдүүлж чадвал тус улс 2017 он гэхэд 770 сая тонныг үйлдвэрлэх
боломжтой ажээ.

Тус улсын хувьд энэ оны дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хооронд 20.6
сая тонн нүүрс импортолсон дүнтэй байна. Энэ нь өнгөрсөн оны мөн
үеийнхээс 70 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хэдийгээр Энэтхэг улс нь 2012 онд 680 сая тонн нүүрсийг дотооддоо
олборлоно гэж төлөвлөж байсан ч тус улсын Засгийн газар төлөвлөгөөг хоёр
ч удаа бууруулж 554 сая тоннд хүргээд байгаа юм. Тус улсын нүүрсний
олборлолтын 80 гаруй хувийг “Coal India” компани гүйцэтгэдэг бөгөөд
компанийн хувьд ирэх жил 448 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ.

Энэтхэг нүүрсний импортын хэмжээгээ нэмэгдүүлэх бодлого барьж буй ч
нүүрсний арвин нөөцтэй улс юм. Тус улс ойролцоогоор 300 орчим тэрбум тонн
нүүрсний нөөцтэйн 34 тэрбум тонн нь коксжих нүүрс, 252 тэрбум тонн нь
бусад төрлийн нүүрс ажээ.

Энэтхэгийн хувьд зөвхөн нүүрс төдийгүй бусад эрдэс баялгийн арвин
нөөцтэй. Тус улс уул уурхайн салбараас олох орлогын хэмжээг 2025 он
гэхэд үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж 210 тэрбум ам.долларт хүргэх зорилт
тавьжээ. Одоогийн байдлаар тус улсын уул уурхайн салбарын дотоодын нийт
бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 1.2 хувьтай байгаа юм. Харин Чили улсынх 6
хувь, Австралийнх 5.9 хувь, Өмнөд Африкийнх 5.3 хувь байна.  

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж