Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлнэ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай багц хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.

Монгол Улс газрын хэвлийн баялаг, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортолдгоос зөвхөн түүхий эдийн хавсарга орон болж хувирчихаад буй. Хэрвээ инновацийг хөгжүүлж чадвал эдийн засгийн өсөлтөө хангаж улс орны хөгжлийг түргэтгэнэ гэж үзэж байна. Тиймээс эл хуулийг батлан гаргах зайлшгүй шаардлагатай. Цаг хугацаа алдаж болохгүй. Гагцхүү эл төслийг хэлэлцүүлэхгүй байх талаас бизнесийн бүлэглэлүүд ажиллаж байна гэдэг үгийг УИХ-ын гишүүн Н.Ганбямба хэлээд авлаа.

УИХ-ын гишүүн А.Тлейханы хэлснээр бол дэлхий нийт нүүрснээс 300 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Дизель түлшээс эхлээд сайн чанарын даавуу  гаргадаг байна. Харин манайх зөвхөн түлшинд хэрэглэдэг. Хэрвээ Монгол Улс инновацийг хөгжүүлэх эрх зүйн орчноо бий болгоод эрдэмтдийнхээ бүтээлийг үнэлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэн, мөнгө болгох хүртэл нь дэмжлэг үзүүлж чадвал нефтийн бүтээгдэхүүнээс гадаадаас 100 хувь хараат байх байдлаас гарч чадна. Үүнд хүрэхийн тулд эрдэмтдээ дэмжих нь чухал. Өндөр хөгжилд хүрсэн орнуудын туршлагыг судлахад инновацийг хөгжүүлж, богино хугацаанд амжилтад хүрсэн байгаа. Тиймээс аль ч талаараа Монгол Улсын хувьд инновацийг хөгжүүлэх шалтгаан нөхцөл байна гэж үзэж байна. Мөн оюуны чадавхитай эрдэмтдээ үнэлдэг болсон цагт гадаад руу гараад явчихсан олон монгол залуус эх нутагтаа эргэж ирнэ гэдгийг ч хэлэлцүүлгийн үеэр гишүүд хөндөж буй юм.

Хуульд тусгаснаар Инновацийг дэмжих санг тусад нь бий болгох аж. Ингэхдээ улсын төсвөөс тодорхой хэмжээгээр хөрөнгө төсөвлөхийн зэрэгцээ орон нутгийн  сангийн хөрөнгөөс  мөн санхүүжилт авна. Харин үүнд УИХ-ын гишүүд итгэлтэй бус байна. Учир нь улсын төсөв хязгаартай тул өөр эх үүсвэрийг олох шаардлагатай гэж үзэж буй юм. Учир нь шинжлэх ухааны байгууллагыг дэмжих хүрээнд ДНБ-ийн 1.5 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг улсын төсөвт суулгаж өгнө гэж заасан байдаг ч тэр бүр хэрэгждэггүй, түүний нэгэн адил хөрөнгө дээр асуудал үүсч мэднэ гэж болгоомжилж байна. Харин инновацийг хөгжүүлэх чиглэлийг гардах байгууллага нь Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо байх аж. Нэг зүйлийг онцолход УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дангаараа оролцон хуралдаж байна. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс нэг нь ч алга.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж