Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Хагас жилийн дараа сонгууль болохтой холбогдуулан намууд хэдийн бэлтгэл ажилдаа оржээ. Нийслэлд Сонгуулийн тухай хууль хэзээ, хэрхэн батлагдах талаар шуугиж байхад орон нутагт намууд нэгдэж байна. 12-р сарын 6-ны өдрийг эв нэгдлийн өдөр гэж нэрлэдэг. Учир нь 11  жилийн өмнө таван нам нэгдэж, хүч хавсран нийгмийг шинэчлэх аянд нэгдэж байжээ. Тэр түүхэн үйл явдал тохиосон өдөр буюу 12 сарын 6-нд бодлого чиглэл, баримтлах зарчим нэгтэй Сүхбаатар аймгийн АН-ын хороо, ИЗН-ын хороод албан ёсоор нэгджээ. Хоёр намын хороо ийн нэгдэж, хүчээ нийлүүлснээр орон нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэж дээрх намынхан үзжээ. Нөгөөтэйгүүр АН-ын бодлогыг ИЗН байнга дэмждэг байсны илрэл нь энэ юм.

Сүхбаатар аймгийн засаг дарга, аймгийн АН-ын дарга Ж.Батсуурь, “Энэ сайхан эв нэгдлийн өдөр ИЗН-ын гол хүчнүүд бидэнтэй нийлж, АН-тай бие сэтгэлээрээ хамтарч ажиллахаар болж байгаа учир Ардчилсан хүчин ялна гэдэгт итгэлтэй байна. Цаашид хамтдаа ардчиллын төлөө ажиллах болно.” гэжээ.

Сүхбаатар аймгийн ИЗН-ын гишүүд АН-ын батлахаа хүлээн авч байхад нь заримтай нь уулзсан юм.

Д.Баяраа: Би Сүхбаатар аймгийн ИЗН-ын ууган гишүүн. ИЗН-ийн Баяраа гэдгээр хүмүүс сайн мэднэ. Бид сайн цагийг монголд авчрах ёстой залуус. Их зүйлийг хийж бүтээх эрмэлзлээр  цаашдаа хамтран ажиллаж, нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулъя гэдэг зоримог шийдвэр гаргасны үндсэн дээр бид АН-д элслээ. АН ИЗН бол нэг зорилго чиглэлтэй. ИЗН анх байгуулагдахад тухайн цаг үеийн шаардлагаас болж тусгаарлагдсан ч зорилго чиглэлийн хувьд нэг юм. Бид нэг гэр бүлийн ах дүү улс.

н.Ганхуяг: Миний хувьд анх Ардчилсан хувьсгалыг ялахад дэмжиж байсан. Эрх чөлөө, өмч хөрөнгөтэй байх боломж нөхцөл, дуртай үедээ хилээр гардаг зэрэг бүх эрх чөлөөг бүрдүүлсэн Ардчилалд баярлаж байна. АН, ИЗН-ууд нэгдэж буйд их бэлэгшээж, ирээдүйг нь сайн сайхнаар төсөөлж байна.

Х.Нараа: Бид нар ИЗН-аар 11 жил явсан. Ганц нам бодлого шийдвэрээ дангаараа хэрэгжүүлснэс нэгдвэл илүү амжилтанд хүрнэ гэдэгтэй санал нийлээд, өнөөдөр АН-д элслээ. Хоёр нам нийлэх нь маш зөв алхам.

Х.Өнөрцэцэг: Нийгэм массаараа ардчиллыг түлхүү дэмждэг, дагадаг болсон нь Ардчилсан намын байр суурь, нэр хүнд өсч байгаагийн баталгаа юм. Залуу хүний эрч хүч, сэтгэлгээгээр энэ намыг сонгосон. Зөв бодлого баримталж, зөв шийдэлд хүрдэгт нь байрлаж явдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж